ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
Хотын дарга С.Батболд Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн хэлтэс, албад, харьяа агентлагийн дарга нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Энэхүү уулзалтад тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд оролцов.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 22463 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 106 нэгжээр буурсан байна. Нийслэлийн төвийн дүүргүүдэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тоо 4-42 нэгжээр буурч, Сонгинохайрхан дүүрэгт 42 нэгжээр буурсан нь хамгийн их байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Явган эргүүлийн баг” болзолт уралдааныг 1 сарын хугацаатай зохион байгуулан ажиллаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Миний гудамж-Гэмт хэрэг зөрчилгүй гудамж” аяныг гуравдугаар сарын 15-ны өдрөөс 3 сарын хугацаатай зохион байгуулж байна” гэж танилцуулав.
Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антеныг цэгцэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн “Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал, салбар дундын зохицуулалтыг хангах талаар холбогдох салбарын байгууллагууд буюу нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийсэн. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антеныг цэгцлэх, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр далимдуулан орлого олж буй PC тоглоомын газруудыг хаах асуудлыг онцлон ярилцаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.
Улаанбаатар хотод Дэлхийн стандартад нийцсэн түрээсийн дугуйн үйлчилгээг энэ зун нэвтрүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхийн олон хотын туршлагаар батлагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 600 гаруй хотод түрээсийн дугуйн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хямд, ухаалаг тээврийн хэрэгсэл их хотын иргэдийн үйлчлүүлэх дуртай тээврийн хэрэгсэл болсоор байгаа юм.
Хотын дарга иргэдтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн иргэдтэй 14 хоног тутамд уулзаж санал хүсэлтийг сонсдог. Хотын даргын ээлжит уулзалт өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл экспо” дахь салбарт боллоо.
Хотын дарга “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрөгч амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хороонд ажиллаж иргэдтэй уулзсан. Энэ үеэрээ тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Ган хийц” ХК нь үйл ажиллагаагаа эхлээд 32 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд нийслэл болон хөдөө орон нутагт 250 гаруй барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Улаанбаатар хотод Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО ны Хөх хотод албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Хөх хотын намын дарга Юнь Гуанжун болон Хөх хотын дарга Фэн Юйжэньтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Хөх хотын намын дарга Юнь Гуанжун хэлэхдээ "1991 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнээс хойш 27 жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг онцлох хэрэгтэй. Ялангуяа соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт олон ахиц гарсныг онцолмоор байна. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Хятад Монголын экспог Хөх хот 2 удаа амжилттай зохион байгуулсан. Ирэх онд 3 дахь удаагийн экспо болно. Улаанбаатар хотын даргын энэ удаагийн айчлал нь манай хоёр хотын хувьд шинэ салбар, шинэ харилцааны эхлэл болно гэдэгт итгэж байна" гэлээ.
Хөх хотын ногоон байгууламж, тохижилтын ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотын ногоон байгууламж, тохижилттой танилцлаа.
Их хотын цэвэрлэгээнд 57792 хүн оролцжээ
“Их хотын цэвэрлэгээнд нийт 10294 ААН, байгууллагын 57792 хүн оролцлоо” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав. Тэрбээр “Цэвэрлэгээнд нийслэлийн 80 харьяа газар, агентлагийн 3827 ажилтан албан хаагч Туул, Дунд гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн. Төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 10 байршилд хаягдал түүхий эд авах урамшуулалт худалдааг зохион байгуулж, 90 минутын хугацаанд нийт 8 тонн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг 1.2 сая төгрөгөөр худалдан авалт хийв. Хот тохижилтын 557 ажилтан албан хаагчид нийтийн эзэмшлийн зам талбайн 8417 у/м хайс хашлага, 336 ширхэг сандал, 344 ширхэг хогийн сав, 653 шонг угааж, ногоон байгууламжийн хамгаалалтын 145 шон, троссыг засварласан. Хотын гол гудамж талбайд тарьсан том оврын 4082 модыг усласан. ЗАА-ны нийт 55 албан хаагч төвийн 6 дүүргийн цэвэрлэгээний ажлын зохион байгуулалт, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав
Баянгол эмнэлгийн орны тоогоор олон улсын стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа мэдээлэл хийв.
Баянгол дүүрэг нь засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой, 58756 өрх, 221384 хүн амтай. Нийт өрхийн 78.4 хувь нь орон сууцны хороололд, 21.6 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тус дүүрэг өнгөрсөн онд улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 43.826.40 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн аж. Голлох бүтээн байгуулалт эрүүл мэнд, нийгэм, боловсролын салбарт хийгдсэн гэдгийг дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хэлж байлаа.
Техник, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах зөвлөн туслах үйлчилгээ зохион байгууллаа
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилга, дэд бүтцийн чиглэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад техникийн болон, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, холбогдох хууль, стандарт, тушаал шийдвэр, норм, дүрмийн талаар зөвлөгөө өгөх, мэргэжлийн туслалцаа үзуулэх замаар эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор зөвлөн туслах үйлчилгээ зохион байгууллаа.
НИТХ-ын ээлжит хуралдаан болж байна
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүтцийг өөрчлөх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр батлах, Улаанбаатар хотын агаар орчны, бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцэх юм.
“Cургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.9-д "Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний загвар" төсөл хэрэгжүүлж, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, эрүүл, баталгаат хоол хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлнэ” гэж заасан.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачлагаар НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар, ШУТИС-тай хамтран энэ сарын 25-ны өдөр 84 дүгээр сургууль дээр “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
“Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ, НЗДТГ, УБЗАА хамтран “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит “Шилжин явах цомын төлөөх тэмцээн” өнгөрсөн амралтын өдрүүдэд УСУГ-ын Спорт цогцолборт амжилттай боллоо.
Тус тэмцээнд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа байгууллагууд, Төрийн өмчит хувьцаат компаниудын нийт 14 байгууллагын 540 тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн 4 төрлөөр өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсан юм.
Төв цэвэрлэх байгууламжийн лаган дахь нян бактерийг халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулжээ
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд Засгийн газрын хуралдаанаас даалгасан юм. Энэ хүрээнд тоног төхөөрөмж суурилуулах, лагийг үнэргүйжүүлэх зэрэг ажил хийгдэж байна.
Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө
Улаанбаатар хотын 2018 оны аварга шалгаруулах Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдаж эхний шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 128 цэцэрлэгийн 3840 хүүхэд, багачууд оролцсон бол нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 27 цэцэрлэгийн 810 хүүхэд, багачууд ур чадвар, авьяасаа сорин өрсөлдөж тэргүүн байрт Баянгол дүүргийн 94-р цэцэрлэг, 2-р байрт Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэг, 3-р байрт Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг, 4-р байрт Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг тус тус шалгарлаа.
Дэлхийн дархлаажуулалтын өдрийг “Вакциндаа хамрагдъя, хамтдаа сэргийлье!” уриан дор зохион байгуулж байна
ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтын чиглэлээр ДЭМБ-ын бүсээс дэвшүүлсэн зорилтуудыг хангах, эрүүл мэндийн шийдвэр гаргагчид, бодлого төлөвлөгчид, эрүүл мэндийн ажилтнууд, хувь хүмүүст дархлаажуулалтын зөвлөмж, мэдээллийг түгээх, вакцины ач холбогдлын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Дэлхийн дархлаажуулалтын өдөр”-ийг зохион байгуулж байна.
“Манай хороо-Миний гудамж” аянд иргэд, аж ахуйн нэгж идэвхтэй оролцож байна
“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд Захирагчийн ажлын албаны Захиргаа, Санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэгээр удирдуулсан ажлын хэсэг Багануур дүүргийн 1-5 дугаар хороонд энэ сарын 19-ний өдөр ажиллаж дүүрэг, хорооноос аяны хүрээнд зохион байгуулж байгаа ажилтай газар дээр нь очиж танилцан аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, хэрэгжүүлэлтийн үйл ажиллагаанд нь хяналт тавин, зөвлөмж өгч ажиллав. Иргэд аяны хүрээнд хөршийн холбоогоо сайжруулж өөрсдийн санаачлагаар амьдарч буй орчныхоо тохижилт, ногоон байгууламжид анхаарч мод тарих, угааж цэвэрлэх, будаж янзлах болон хашаандаа хогийн цэг байгуулах зэрэг үйл ажиллагаа хийгдэж байгаа талаар онцолсон юм.
Авто угаалгын газруудад сургалт явуулж, зөвлөмж өгөв
Улаанбаатар хотын гүний усны нөөц 330 мянган м3/хоног байдгаас ашиглах боломжит нөөц нь 253,7 мянган м3/хоног юм. Нийслэл хотын хүн амын өсөлт, ашиглалтаас үүдэн гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Ундны уснаас бусад хэрэглээнд гадаргын ус, цэвэршүүлсэн усыг ашиглах, усны зарцуулалт багатай техник технологийг нэвтрүүлэх замаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 170 авто угаалгын газрын захирал, менежерүүдэд зориулсан практик сургалтыг дэвшилтэт технологи бүхий 2 угаалгын газрын материаллаг баазад тулгуурлан зохион байгууллаа.
УИХ-ын байнгын хорооны ажлын хэсэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ажиллав
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг энэ сарын 24-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт байрладаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр ажиллан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд газраа сонгож нүүхэд бэлэн боллоо
Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малтай айл өрхүүдийг тавдугаар сарын 1-ний дотор зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа.
Уг ажлыг зохион байгуулах нийслэл, дүүргийн ажлын хэсэг малтай иргэдтэй удаа дараагийн уулзалт, таниулга хийсний үр дүнд нийслэлээс зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн Ногоон толгой хэмээх газрыг сонгосон иргэдэд газрыг нь олгосон. Ингэхдээ нүүх өргөдлөө өгсөн малтай 50 айл өрхөд олгох газрыг сугалаагаар тодруулан, нийслэлээс олгосон нүүлгэлтийн зардлыг нь хүлээлгэн өгөв.
Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа
Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг томоохон салбар юм. Гэвч Худалдааны салбарын харилцааг зохицуулсан хууль батлагдахгүй байгаагаас дэлхий нийтийн хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхаж, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байна.
Иймд Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэргэжлийн эрдэмтэн судлаачдын багтай хамтран ажиллаж, нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгаа, шинжилгээний дүнд үндэслэн “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг боловсруулсан.
Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 52 байршилд цахимаар хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, 69836 иргэнд 3491.8 га газрыг өмчлүүлсэн.
Цахим газар өмчлөлийн шийдвэрээ авч чадаагүй иргэдэд үйлчилгээг ойртуулах үүднээс газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан олгохоор болсон. Тиймээс иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ авах гэж алслагдсан дүүргүүд рүү явж цаг заваа гарздах шаардлагагүй боллоо.
“ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ЭРҮҮЛ ДАДЛААС ЭХЛҮҮЛЦГЭЭЕ” уриан дор 1000 залуу нэгдэв
Монгол Улсын хөгжлийн тулгуур болох өсвөр үе, оюутан залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, залуучуудын нийгмийн оролцоо, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, сөрөг зан үйл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа хэрхэн зөв боловсон өнгөрөөх тухай мэдлэгийг олгох зорилготой “ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ЭРҮҮЛ ДАДЛААС ЭХЛҮҮЛЦГЭЭЕ” сургалтыг өнөөдөр Их засаг “Чингис СООСЭ” Олон Улсын их сургууль дээр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, СЭМҮТ, Эрдэнэ тав баг ТББ-тай хамтран зохион байгууллаа.