Монгол улсын хэмжээнд 570771 иргэн 57767,26 га газрыг өмчилж авчээ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний форумыг зохион байгууллаа.
Энэ удаагийн форумд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, салбарын төрийн бус, мэргэжлийн байгууллагуудыг төлөөлөн 150 гаруй төрийн албан хаагч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, оюутнууд оролцлоо.
Үндэсний форумын үеэр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж эхэлснээс хойшхи 15 жилийн хугацаанд олсон ололт амжилт, алдаа оноог судалгаа, шинжилгээний үндсэн дээр дүгнэн ярилцаж, цаашид газрын харилцааны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн болон мэргэжлийн байгууллагуудын хариуцлагыг сайжруулах, газар өмчлөлийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд хамрагдсан, инженерийн дэд бүтэц бүхий газрыг иргэдэд өмчлүүлэн хөрөнгө оруулалт хийх, амжиргааны эх үүсвэрээ нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Монгол Улсын иргэд оршин суугаа газар нутагтаа өөрийн гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчийн газартай байх, түүнийхээ үр шимийг хүртэх түүхэн үйл явдлыг эхлүүлсэн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийг 2002 онд Улсын Их Хурлаар баталж, 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.
Улс орны хөгжил дэвшил, нийгмийн шинэ харилцааны өөрчлөлт, шаардлагатай уялдуулан 2008 онд Улсын Их Хурлаас тус хуулинд Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хуульд заасан хэмжээгээр өмчлүүлэхээр нэмэлт өөрчлөлтийг оруулж батласнаар “газар” хэмээх өмч хөрөнгийг захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрх зүйн таатай орчинг бий болгосон бөгөөд 2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хэмжээнд 570771 иргэн 57767,26 га газрыг өнөөгийн байдлаар өмчилж аваад байна.
Ийнхүү газраа өмчилж авсан иргэдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, улсын бүртгэлд газар өмчлөх эрхээ баталгаажуулсан иргэдээс худалдсан 63559, бэлэглэсэн 80514, барьцаалсан 220904, түрээсэлсэн 70 иргэн байгаа нь өмчлөлийн газар эдийн засгийн эргэлтэнд орж үр шимээ өгч байгааг илтгэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулж, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр батлууллаа.
Газар өмчлөлийн мэдээ /2017 оны эцсийн байдлаар/
№ |
Он |
Монгол Улсын нийт иргэдийн тоо /он тус бүрээр/ |
Газар өмчилсөн нийт иргэдийн тоо /он тус бүрээр/ |
Хувь хэмжээ |
1 |
2003 |
2495091 |
21879 |
0.9 |
2 |
2004 |
2521733 |
63867 |
2.5 |
3 |
2005 |
2551081 |
135077 |
5.3 |
4 |
2006 |
2583254 |
152164 |
5.9 |
5 |
2007 |
2620446 |
174016 |
6.6 |
6 |
2008 |
2665955 |
222094 |
8.3 |
7 |
2009 |
2716275 |
203043 |
7.5 |
8 |
2010 |
2760968 |
255749 |
9.3 |
9 |
2011 |
2811666 |
255747 |
9.1 |
10 |
2012 |
2867744 |
330240 |
11.5 |
11 |
2013 |
2930277 |
371978 |
12.7 |
12 |
2014 |
2995949 |
418671 |
14.0 |
13 |
2015 |
3057778 |
446004 |
14.6 |
14 |
2016 |
3119935 |
537321 |
17.2 |
15 |
2017 |
3119935 |
570771 |
18.3 |
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|