ТҮЙМЭР: Иргэн таны заавал анхаарах ёстой ЗУРГААН ДҮРЭМ
Энэ жил ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, салхи шуургатай байгаа нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Ялангуяа, 5,6 дугаар сард хур тунадас багатай, олон жилийн дунджаас дулаан байх талаар ЦУОШГ-аас мэдэгдсэн. Энэ нь хуурайшилт эрчимтэй явагдаж ой хээрийн түймэр гарах эрсдэлийг улам нэмэгдүүлэх юм.
ОБЕГ-аас өгсөн албан мэдээллээр 2018 онд Улсын хэмжээнд Архангай, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 9 аймгийн 20 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс харьцангуй их байна. Одоогийн байдлаар урьдчилсан тооцооллоор нийт 5,832 га ой, 32,923 га хээр, нийт 38,755 га талбай тус тус түймэрт өртөж шатжээ.
Дээрх түймрүүд дээр Онцгой байдлын байгууллагаас 418 алба хаагч, 36 автомашин, Хилийн цэргийн анги байгууллагаас 22 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 805 иргэн, 89 автомашин, 81 мотоцикл, 62 морь, нийт 1245 хүн, 127 автомашин, 81 мотоцикл, 62 морьтой ажилласан байна.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Булган аймгийн Тэшиг суманд, Хөвсгөл аймгийн Тариалан суманд, Сүхбаатар аймгийн Асгат суманд, Сэлэнгэ аймгийн Хушаат суманд, нийт 4 ой, хээрийн гал түймрийг ОБЕГ-ын алба хаагчид цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрүүд дээр Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас нийт 156 хүн, 14 автомашин, 22 мотоциклтой ажиллаж байна.
Ой, хээрийн түймэр гарах шалтгааны 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдогийг мэргэжилтнүүд тогтоожээ.
ИРГЭН ТАНЫ ЗААВАЛ АНХААРАХ ЁСТОЙ ЗУРГААН ДҮРЭМ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
- Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
- Дууссан гал асаагуураа хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болох юм.
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 10-наас зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Эх сурвалж: IKON.MN
|