Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ноолуур бэлтгэлд шилдэг үйлдвэрлэгчид анхаарч эхэллээ

2018 оны 5 сарын 02

“Монголд ноолуурын үнэ хэрхэн тогтдогийг мэдэх гэж ирлээ. Монголын ноолуурын хамгийн том худалдан авагч болох танай өмнөд хөрш дэлхийн ноолууран бүтээг­дэхүүн үйлдвэрлэлд жин дарж, АНУ-н гол нийлүүлэгчийн хувьд дэлхийн зах зээл дээр ноолуурын үнийг тогтооход яах аргагүй ноёлдог. Би компанидаа бүтээг­дэхүүний түүхий эдийн худалдан авалтыг бүхэлд нь хариуцдагийн хувьд хамгийн чанартай ноолуур Монголоос авахад үнэ хэрхэн тогтдогийг судалж байгаа” хэмээн Шот­ландын 220 орчим жилийн түүхтэй Johnsons of Elgin компанийн түүхий эдийн худалдан авалт хариуцсан захирал Том Томсон ярилаа. Johnsons of Elgin компанийн ноолуурын жилийн худалдан авалт 350 орчим тонн. Үүний 20 хувийг манай улсаас нийлүүлдэг бөгөөд Лондоны тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд борлуулалтын гол сүлжээ нь болдог аж. Тус компани Монголын тогтвортой ноолуурын эвсэлд нэгдсэн анхны компани юм. Жилд зургаан тэрбум евро­ гоор хэмжигддэг дэлхийн тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний хамгийн чанартай түүхий эдийг монгол малчид нийлүүлдэг. Харамсалтай нь, дотоод болон гадаадын ченжүүд малчдаас бэлэн мөнгөөр ноолуур шууд худалдан авч байгаа нь малчдын амьжиргаа өнөө болтол өөдлөөгүй, бэлчээрийн доройтол бий болсон нэг шалтгаан.

Тиймээс малчдын амьжиргааг дэмжиж, үйлдвэрлэгчдэд бодит үнээр түүхий эд нийлүүлэхээр тогтвортой ноолуурын эвсэл (SFA) хоёр жилийн өмнөөс тун идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус эвслийн гишүүнчлэлд үндэсний үйлдвэрлэгч “Говь” хувьцаат компаниас эхлээд Alex Begg, Stel­la and McCartney, Kering, H&M, Burberry, Joshua Ellis, Oyuna зэрэг тун саяхан байгуулагдсан болон хэдэн арав, зуун жилийн түүхтэй амжилттай компаниуд элсээд буй аж. Манай улсын сүргийн бүт­цийн гуравны нэг гаруй хэсгийг эзэлдэг 27 сая толгой ямааны ноолуур дэлхийн нийт үйлдвэр­лэлийн 40-өөд хувийг бүрдүүлдэг гэсэн тоо бий. Гэсэн хэдий ч түүхий эдийн гинжин хэлхээ алдагдсан, тээвэр дэд бүтэц сул хөгжсөн зэрэг шалтгааны улмаас бид дэлхийн зах зээл дээр зохих байр сууриа эзэлж чаддаггүй. Өмнөд хөршдөө даруулсаар өдий хүрсэн. Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн бүтцийн 20 гаруй хувийг эзэлдэг ч нийт экспортын 10 хувьд ч хүрдэггүй. Гэхдээ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод ноолуур яалт ч үгүй жин дардаг. Энэ утгаараа манай малчид, ноолуур үйлдвэрлэгчдэд төр засгаас илүү гадаад улс орнууд санаа зовж эхэлжээ.

• Жилд зургаан тэрбум еврогоор хэмжигддэг дэлхийн тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний хамгийн чанартай түүхий эдийг монгол малчид нийлүүлдэг.

• Өнөөдрийн байдлаар Тогтвортой ноолуурын эвсэлд үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХК-аас эхлээд Alex Begg, Stella and McCartney, Kering, H&M, Burberry, Joshua Ellis, Oyuna зэрэг компани элсээд буй.

• Johnsons of Elgin компанийн ноолуурын жилийн худалдан авалт 350 орчим тонн. Үүний 20 хувийг манай улсаас нийлүүлдэг.

Монголчууд чанартай ноо­луурын хэмжээг өсгөж чадах уу, хэдий хугацаанд нийлүүлэх боломжтой бол, бэлчээр болон малчдын амьжиргаа ямар түвшинд байна зэрэгт санаа тавих нь салбарынхан болон олон улсын байгууллагуудын мэдлээс хэдийнэ хэтэрчээ. Australian Finance сэтгүүлийн энэ сарын дугаарт тун сонирхолтой нийтлэл гарчээ. Дэлхийн Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг манай улсын уул уурхайн түнш Rio Tinto-той хамтран тогтвортой ноолуурын сүлжээг дэмжиж, малчдын амьжиргаа, бэлчээрийн зохистой ашиглалтыг сайжруулахад санаа тавьж эхэлсэн байна. Мөн АНУ-ын НАСА хүртэл ноолуур, хөвөнгийн тариалалт гээд загварын түүхий эдийн анхан шатны бэлтгэн нийлүүлэлт, тариалалт нь газрын гадарга, уур амьсгалд ямар нөлөө үзүүлж буйг тандах 100 сая ам.долларын төсөвтэй судалгаа хийж эхэлжээ. Мөн Ikea, Apple зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн хувьд ч Монголын ноолуурын түүхий эдийн нийлүүлэлт хэр зэрэг тогтвортой байх нь хамаатай болж эхэлсэн байна. Johnsons of Elgin-ий төлөөлөгч том томсоноос тогтвортой ноолуур эвсэлд яагаад гишүүнээр элссэн учрыг лавлавал “Бидний харилцагч, худалдан авагчид бүтээгдэхүүний ханган нийлүү­лэлт, үйлдвэрлэсэн эх үүсвэр, арга ажиллагаа нь тогтвортой байхад анхаардаг болсон.

Тиймээс бид үйлчлүүлэгчдийн энэ шаардлагын дагуу гаргасан шийдвэр юм” хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн “олон улсад өргөн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, танигдаж байгаа тогтвортой нийлүүлэлт гэдэг шинэ хандлага Англид ч гэсэн эрчимтэй тархаж байна. Ялангуяа тансаг зэрэглэлийн хэрэглэгчдийн хүрээнд нэлээд чухал байр суурь эзлэх болсон. Британи улс бол ямар ч төрлийн түүхий эдийн гинжин хэлхээг тогтвортой, ил тод болгохыг санаачилсан орнуудын нэг” хэмээв. Тиймээс ч сүүлийн дөрвөн жилд манай улсын ноолуурын салбар, ноолуурын түүхийг бий болгож буй малчид, ард иргэдэд тулгарч буй саад бэрхшээлийг судалж, шийдвэрлэх арга зам эрэлхийлж, нэлээд судалгаа хийснээ том томсон ярьсан юм. Манай орны эрс тэс уур амьсгалын үр дүнд бий болсон нарийн ширхэгтэй ноолуур хамгийн чанартайд тооцогддог учраас яг үнэнийг хэлэхэд томоо­ хон үйлдвэрлэгчид хятадуудтай өрсөлдөж, дотоодоос шууд худалдан авалт хийхээр яарах болсон.

Тухайлбал, АНУ-ын Naadam Cashmere компанийн хоёр залуу ноолуур авахаар цүнх дүүрэн мөнгөтэй ирж байсан түүх нь олон нийтийн сүлжээгээр шуугьсан. Тэр хоёр мянган малчнаас 75-120 тонн ноолуур худалдаж авсан байдаг. Хэдийгээр үйлдвэрлэгчид, зах зээлүүд тогтвортой ноолуурыг ихээхэн дэмжиж байгаа боловч нийт үйлдвэрлэлд эзлэх хэмжээ бага байна. АНУ-ын Ноолуур, тэмээний хөөвөр үйлдвэр­лэгчдийн хүрээлэнгийн хийсэн тооцоогоор тогтвортой ноолуур дэлхийн нийт үйлдвэрлэлийн 14-16 хувийг л эзэлж байгаа нь чамлалттай үзүүлэлт аж. Тиймээс нэг талаар энэ тоо хэмжээг нэмэгдүүлэх, нөгөө­тэйгүүр ноолуурын салбарыг солонгорсон эдийн засгийн нэг өнгө болгохын тулд тогт­вортой ноолуурын эвсэл 12 аймгийн 24 суманд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Одоогоор 1000 гаруй малчинтай хамтарч ажиллан дээрх зургаан үйлдвэрлэгчид ноолуур нийлүүлж буй аж. Энэ онд нийт 1820 малчны 546 мянган ямаанаас нийт 218.4 тонн ноолуур дэлхийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна. 2022 он гэхэд энэ үзүүлэлтийг 3-4 дахин нэмэгдүүлэхээр зорьж буйгаа санаачлагчид ярьсан. 

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56788
0 эможи

keyboard_arrow_up