Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй иргэдийг урьж байна
Үйлдвэрлэл дээрх сургалт
Үйлдвэрлэл дээрх сургалт гэж ажил олгогчийн үйлдвэрлэл, ажлын байранд тухайн иргэнд шинэ мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх, мэргэшүүлэх зорилгоор дагалдуулан сургаж, ажиллуулах арга хэмжээг хэлнэ.
Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага нь эдийн засгийн 4 салбарын хүрээнд нийт 29 мэргэжлээр сургаж, ажиллуулах боломжтой бөгөөд сургалтын зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан зардлын жишиг хэмжээгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ
Иргэдийг бүлэг болгон хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамруулан сургаж, орлогоор дэмжихийг хэлнэ. Нэг өрхөөс нэг иргэнийг хамруулах зарчимаар жилд нэг удаа хамрагдах боломжтой. Төвийн 6 дүүргийн иргэд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт, алсын 3 дүүргийн иргэд дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандан хамрагдах боломжтой.
Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах арга хэмжээ
Хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын эрэлт, ажлын байр, ур чадварын судалгаа, ажилгүй иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн болон давтан сургалтыг явуулдаг.
Мэргэжлийн болон давтан сургалтанд ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч иргэн хамрагдах боломжтой.
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зөвшөөрөл авсан сургалтын байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллана. Сургалтын зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан зардлын жишиг хэмжээгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах арга хэмжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг мэргэжлийн ур чадвар, чадамжийг мэргэшсэн, боломжит тохируулгатай сургалтын орчин бүрдсэн мэргэжлийн байгууллага, иргэнтэй гэрээлэн гүйцэтгүүлэх бөгөөд уг сургалт нь модуль хэлбэртэй тусгайлсан сургалтын хөтөлбөрт суурилсан байна. Сургалтын зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан зардлын жишиг хэмжээгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ зохион байгуулах
Залуучууд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаад тулгуурлан гарааны болон санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих арга хэмжээнд хамруулж байнгын ажлын байртай болгох замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.
Уг арга хэмжээг 15-34 насны залуучуудын дунд гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөхийн туслалцаатайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах байгууллага 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.
Ажил хайгч иргэд, оюутан, суралцагчдыг цагийн ажилд зуучилж орлого нэмэгдүүлэх арга хэмжээ
Ажил хайгч иргэд, их, дээд сургуулийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийг орлого олоход дэмжлэг үзүүлэх зорилгоор цагийн ажилд зуучилна.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Цагийн ажлын бирж их, дээд сургуулийн дэргэдэх оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 25 төвтэй хамтран ажиллаж байна.
Хаяг: Багшийн дээдийн зүүн талд Сонор плазагийн 5 давхар 503 тоот
Утас: 1800-1896, 70160502
Хамрагдах иргэд: ТҮЦ машины лавлагаатай ирээрэй.
Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ДҮНЖИНГАРАВ салбарт байрлах ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ
Утас: 7511-1896