Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2018 оны 12 сарын 02

Arslan.mn

Энэ долоо хоногт /2018.11.27- 2018.12.02/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлын тоймыг хүргэж байна.

“ХИЧЭЭХ ӨДӨР“-өөр хүн гэмтсэн осол 60 ХУВИАР БУУРЧЭЭ

Arslan.mn

НИТХ, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба хамтран зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Тээврийн цагдаагийн газарт зам, тээврийн ослын талаарх дуудлага өдөрт дунджаар 400 орчим бүртгэгддэг аж. Эдгээр ослын улмаас өдөр бүр 1-2 хүн амиа алдаж, 15-20 хүн бэртдэг гэсэн статистик байна. Тэгвэл эл "Хичээх өдөр"-өөр зам, тээврийн ослын 191 дуудлага бүртгэгдэж, дөрвөн хүн бэртжээ. Тодруулж хэлбэл, хүний амь эрсдээгүй байна.

МБА-ны хамт олон цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа алба хаагч нартаа хүндэтгэл үзүүллээ

Arslan.mn

Мөрдөн байцаах албаны хамт олон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цэргийн байнгын тэтгэвэрт гарсан  алба хаагч нартаа хүндэтгэл үзүүлэн ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа. Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Д.Сүрэн, хяналт шалгалт хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д.Болормаа, хяналт шалгалт хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Л.Лхагвадорж нарын цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагч нартаа "Монгол цагдаа" медалийг гардуулан өгч, дурсамж яриа өрнүүлэн цаашдын ажил амьдралд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм. 

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн шуурхай удирдлагын тасаг тэргүүллээ

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлага зохион байгуулалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын шилдэг тасаг шалгаруулах ажил мэргэжлийн анхдугаар уралдааныг зохион байгууллаа.  Энэхүү уралдаанд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг тэргүүлж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг дэд байр, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлстийн Шуурхай удирдлагын тасаг гутгаар байрт шалгарсан юм. Анхдугаар уралдаанд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн алба хаагчдыг албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн 20 хувь, хоёрдугаар байр эзэлсэн бол 15 хувь, гуравдугаарт шалгарсныг 10 хувиар шагнаж, оролцсон бүх алба хаагчийг 5 хувиар урамшуулсан нь онцлог байлаа. Нийслэлийн найман дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 16 баг мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж, мэндчилгээ болон албаны үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн актын хүрээнд боловсруулсан 5 үе шаттай даалгаврыг гүйцэтгэсэн. Мөн Шуурхай удирдлагын тасгийн дарга нар эсээ бичиж удирдах албан тушаалтны мэдлэг, ур чадвараа сорьсон билээ. Энэ уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

Жендэрт суурилсан ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 хоногийн АЯН өрнөж байна

Arslan.mnДэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна. ЖҮХ, ЦЕГ-аас төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад тус аяныг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж, гарын авлага, хамтран ажиллах чиглэлийг хүргүүлсэн. Энэ жилийн аян 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулж байгаагийн зэрэгцээ олон нийт рүү чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, контентуудыг үйлдвэрлэж, түгээж байгаагаараа онцлог болж байна. Аяныг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д төрийн 100 орчим байгууллагыг нэгтгэж, байгууллагын ажилтан, албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяны уриа, мэдээллийг хүргэж ажиллахын зэрэгцээ тэдгээр байгууллагуудын албан ёсны цахим болон фейсбүүк хуудсаар дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах аж. 

Г.ЮНДЭН: Сэтгэл хүрсэн газар чадал хүрнэ гэж боддог

Arslan.mn

“Олон нийтийн цагдаа” -аар бусдыгаа манлайлан ажиллаж, ажил хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ үнэлэгдсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн олон нийтийн цагдаа Г.Юндэн өөрийн ажлын туршлага, онцлогийнхоо талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Тэрээр ярилцлагандаа "Би тэтгэврийн насанд дөхөж яваа жирийн нэгэн эмэгтэй. Гэхдээ хүний сэтгэл хүрвэл ямар ч ажлыг хийж чаддаг гэж боддог. Хүн надад итгэл хүлээлгэж байхад би чадахын төлөө л зүтгэнэ гэж бодсон. Тиймээс олон нийтийн цагдаагаар ажиллах шалгуурт тэнцэж, 2016 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс үүрэг гүйцэтгэж явж байна. Ер нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад одоо үеийн эцэг эхчүүд үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, хүн ёсны хүмүүжлийг суулгах хэрэгтэй байгаа нь алхам тутамд харагддаг даа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. 

Хууль бус мөрийтэй тоглоом тоглуулж байсан этгээдийг илрүүлжээ

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас 11-р сарын 28-ны 23:10-д мэдээллийн дагуу ХУД-ийн 11-р хороо “Цэцэг” хотхоны тоотыг шалгахад 44 настай эрэгтэй “У” гэгч нь хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулж байсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хөзөр, процессор, 5,300,000 төгрөг, тоглоомын хүрд зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг үргэжлүүлэн явуулж байна. 

М.БАТСАЙХАН: АМЬДРАЛЫН АЛЬ Ч МӨЧИД ХҮН ЧАНАРАА АЛДАХГҮЙ, ХҮНЭЭРЭЭ БАЙХЫГ ЯМАГТ ЭРХЭМЛЭДЭГ

Arslan.mnМөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Батсайхантай ярилцлаа. Тэрээр “Шилдэг мөрдөгч-2018” тэмцээнд түрүүлсэн бөгөөд тэмцээнд оролцсон сэтгэгдлээ, ажлынхаа туршлагаас хуваалцсан юм.  Тэрээр ярилцлагандаа "Мөрдөн байцаах алба нь туршлагатай, мэдлэг чадвар эзэмшсэн, шилдэг мөрдөгчид ажилладаг шалгуур өндөртэй алба гэж боддог. Миний хувьд энэ оны гуравдугаар сард томилогдож, атгасан гар шиг эвтэй, сайхан хамт олны дунд орж ирсэн. Манай хэлтэст нас, цолоороо надаас дээгүүр хүмүүс байдаг. Тэднээсээ алхам тутамдаа л суралцаж байна. Залуу хүний хувьд туршлага дутах зүйл олон л тохиолдож байгаа. Тэгэхдээ намайг байнга дэмжиж, итгэл найдвар хүлээлгэж байдаг хамт олныхоо итгэлийг алдахгүй сайн ажиллах болно. Анх мөрдөн байцаагч болоод шантрах үе байсан. Гэхдээ үүнээс өөр ажил хийнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Ажлаа сайн хийх ёстой л гэж бодсон. Үр дүн, өөрийн санасан амжилтанд хүрснийхээ дараа урам авч бүр илүү хичээсэн. Хэрэг шалгах бүртээ л шинэ зүйлийг сурч байсан. 2015, 2016 онд амрахыг мэдэхгүй ажилласан. Харин 2017 онд арай өөр байдлаар буюу өмнөхөөсөө илүү төлөвлөгөөтэй ажиллаж үзсэн. Ер нь ажлын найман цагийг үр бүтээлтэй өнгөрөөвөл болдог юм шиг санагдсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. 

П.ОЮУНЧИМЭГ: СУРГАГЧ БАГШ НАР ЦАГДАА НАРТАА ХИЧЭЭЛ ЗААХ НЬ ЧУХАЛ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комисстой хамтын ажиллагааны хүрээнд  олон ажил,  арга хэмжээг  зохион байгуулсан билээ. Энэ талаар Монгол Улсын Хүний эрхийн  Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор /Ph.D/, дэд профессор П.Оюунчимэгтэй ярилцлаа.  ....П.Оюунчимэг : Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийг гурван жилийн хугацаатайгаар 3 дахь удаагаа байгуулан хамтран ажиллаж байна. Байгууллагуудын хамтын ажиллагааны үндсэн ажлын нэг нь сургалт, сурталчилгаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс анх байгуулагдсан цагаас л цагдаагийн байгууллагын алба хаагчдад хүний эрхийн сургалтыг явуулж ирсэн. ХЭҮК-ын гишүүнээр томилогдсон цагаасаа миний бие цагдаагийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг сайжруулахад онцгойлон анхаарсан нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Учир нь манай байгууллагад иргэдээс ирүүлдэг гомдлын талаас илүү хувь нь цагдан хорих, түр саатуулах байртай холбоотой асуудал зонхилдог байлаа. Одоо ч хэвээрээ. Гэхдээ сургалтуудын үр дүнд тодорхой ахиц гарч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг жишээ нь, энэ намар Мөрдөн байцаах алба улсын хэмжээнд бүх мөрдөгчдөөс хүний эрхийн шалгалт авлаа. Дүн нь 80-аас дээш хувьтай гарсан байна. Тэд шалгалтад бэлтгэж хүний эрхийн холбогдолтой ном, сурах бичгүүдийг уншиж судалсан. Энэ бол ахиц...

Хар тамхи хэрэглэж, худалдан борлуулдаг этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхины хууль бус сүлжээнийхнийг илрүүлэн, дайчлан баривчилсан байна. Хэргийг тодруулбал, энэ сарын 27-28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчлан саатуулжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар метафетамин буюу химийн аргаар гаргаж авсан мөс гэх нэршилтэй бодис, 18 кадр гэрэл зураг, сэжигтэн этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлэн авсан байна. Дээрх бүлэг этгээдүүдийн дунд “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит хувьцаат компанийн мэргэжилтэн Э гэгч байсан бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

"ХИЧЭЭХ ӨДӨР"-т Увс аймгийн цагдаагийн газар нэгдлээ 

Arslan.mn

Увс аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас "Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийн дуу хоолойг иргэдэд хүргэх өдөр”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Хичээх өдөр” уриан дор зохион явууллаа. Арга хэмжээний хүрээнд Eрөнхий боловсролын сургуулиудтай хамтран олон хүн ихээр цуглардаг авто замуудад зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлсэн, иргэдийг уриалсан агуулга бүхий зурагт самбаруудыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар бариулж олон нийтэд сурталчилах ажлыг зохион байгууллаа.

Төв аймгийн цагдаагийн газраас "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

Arslan.mn

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгуулсан Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээнд Хүмүүн цогцолбор сургуулийн 5-р ангийн "Хамтын хүч" багийнхан манлайлж тэргүүн байр Алтан медаль- Цомын эзнээр шалгарсан байна.  "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд багш, сурган хүмүүжүүлэгч, сурагчдын хувьд идэвхтэй оролцдог танин мэдэхүйн уралдаан, тэмцээнүүдийн нэг юм байна. 

Төв аймгийн цагдаагийн газраас алба хаагчиддаа зориулан "Англи хэлний сургалт"-ыг тогтмол явуулж эхэлж байна 

Arslan.mn

Алба хаагчдынхаа хэлний мэдлэгийг дээшлүүлэх, ажлаа хийнгээ сурч боловсрох, хөгжих нөхцөлийг нь бүрдүүлэхээр Төв аймгийн цагдаагийн газраас долоо хоног бүр Англи хэлний сургалтыг зохион байгуулж байна. Сургалт бүх алба хаагчдад нээлттэй бөгөөд сургалтыг тус  цагдаагийн газрын  ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл ахмад В.Цогтбаярын охин, Хүмүүн цогцолбор сургуулийн англи хэлний багш Ц.Оюу заах юм байна. 

"Байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр" -ийн хүрээнд "Сайхан бичигтэн" уралдааныг зохион байгуулж, дүнгээ гаргалаа

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй "Байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Тав аймгийн цагдаагийн газраас алба хаагчид, тэдний гэр бүлийн хүмүүсийн дунд "Сайхан бичигтэн" уралдааныг зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Уралдаанд алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдээс нийт 40 бүтээл ирсэнийг Хүмүүн цогцолбор сургуулийн монгол хэлний багш Б.Отгонсүрэн шүүж, хамгийн сайхнаар монгол бичиг, кирилл үсгээр бичсэн алба хаагч, гэр бүлийн гишүүдийг шалгаруулсан. Уралдааны монгол бичгийн төрөлд алба хаагчдаас 1 дүгээр байранд цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Н.Сүхбаатар, 2 дугаар байранд Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Бямбадорж, 3 дугаар байранд зөрчлийн тоо бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч Н.Нямбаяр нар, гэр бүлийн гишүүдээс 1 дүгээр байранд цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Алтанхуягийн гэр бүл Г.Тамирмаа, 2 дугаар байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Доржбалжидын охин Д.Хулан, 3 дугаар байранд хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэдалайгийн охин Э.Нандин-Эрдэнэ нар, Кирилл бичгийн төрөлд алба хаагчдаас эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Төгөлдөр, 2 дугаар байранд ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч Н.Дашдаваа нар, Гэр бүлийн гишүүдээс 1 дүгээр байранд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн ахмад Ч.Баяртогтохын гэр бүл Ж.Болортуяа, 2 дугаар байранд Лүн сум дахь зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболдын гэр бүл Л.Цэвээнсүрэн, 3 дугаар байранд Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Баасансүрэнгийн гэр бүл Б.Сүрэнзул нар тус тус шалгарлаа. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг Цагдаагийн газрын 1 давхарт үзэсгэлэн болгож байрлуулсан ба шалгарсан бүтээлүүдийн шагналыг 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан гардуулах аж. 


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597757
3 эможи

Irgen
2018-12-04 02:11
Төв аймгийн замын цагдаагийн газар автын осолын дүгнэлт алдаатай гаргахаа больмоор юм улаан цайм 100%ийн буруутай байхад 50 50% ийн буруутай гэж худлаа дүгнэлт гаргаж байгаа нь хуулийг хэрхэн зөрчиж болдогийг хэрхэн мөнгөтэй хүний талд үйлчилж байгааг харуулаад зогсохгүй авилгал танил талаараа хэргийг яаж л бол яаж эргүүлж болдогыг харууллаа. Шударга ёс гэж энэ Монгол оронд алга даа
J
2018-12-02 21:17
Сайхан ажлууд зохион байгуулжээ
keyboard_arrow_up