Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2018 оны 12 сарын 15

Arslan.mn

Энэ долоо хоногт /2018.12.10- 2018.12.16/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлын тоймыг хүргэж байна.

Сурагчид цахим орчныг зөв зохистой байлгах талаар үзэл бодлоо илэрхийллээ

Arslan.mnНийслэлийн цагдаагийн газар, ГБХЗХГ, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Билиг” дээд сургууль, Монголын хуульчдын холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох нь” сэдэвт сэдэмж бичгийн уралдааны шилдгүүд тодорлоо. Уралдааны тэргүүн байрт “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Мөнхбаяр, дэд байрт Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Хүслэн, гутгаар байрт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Күмисгүл, Өмнөговь аймгийн “Эрдмийн гэгээ” сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Нандин-Эрдэнэ нар шалгарсан юм. Зохион байгуулагчдын зүгээс тусгай байрт гурван сурагчийг шалгаруулан шагнал гардууллаа. 

Онлайн сургалт, хэлэлцүүлэгт 300 гаруй алба хаагч оролцлоо

Arslan.mn

“Гэмт хэргийн статистикийн мэргэжилтэн, судлаачдыг чадавхжуулах нь” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд боллоо. Сургалт-хэлэлцүүлэгт ШЕЗ, УЕПГ, АТГ, ЦЕГ, ШШГЕГ, ШШҮХ-ийн холбогдох нэгжийн удирдлага, ажилтнууд, аймаг, нийслэл, дүүргийн цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллага, шүүхэд статистикийн үйл ажиллагаа хариуцсан 350 орчим алба хаагч оролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь судалгааны төслийн хүрээнд хийсэн ажлаа тайлагнах, ажилтан, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах, цагдаа, авлигатай тэмцэх, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагуудын гэмт хэргийн статистикийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл, туршлага солилцох боломжийг буй болгоход чиглэгдэж байгаагаар онцлог юм.

“АЛБАА ГОЁСОН БҮСГҮЙ” тэмцээний шилдгүүд тодорлоо

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, “Сүлд” чуулгатай хамтран Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын эмэгтэй алба хаагчдын дунд “Албаа гоёсон бүсгүй” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 24 эмэгтэй алба хаагч таван төрөлд мэдлэг, чадвар, авьяас, авхаалж сорин өрсөлдсөнөөс ЦЕГ-ын Автобаазын нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч н.Сарантуяа тэргүүллээ. Мөн “Авхаалжтай цагдаа бүсгүй”-гээр Эргүүл, хамгаалалтын газрын хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Б.Мөнгөнтуяа, “Шилдэг илтгэгч” болон “Монгол өв соёлч цагдаа бүсгүй”-гээр Цагдаагийн ерөнхий газрын Авотбаазын нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч н.Сарантуяа, “Үйлэнд уран цагдаа бүсгүй”-гээр ЦЕГ-ын МДШШУА-ны ШУТ-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Даариймаа, “Авьяаслаг цагдаа бүсгүй”-гээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Болор шалгарчээ.

“Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран энэ сарын 12-нд Төрийн ордонд “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Манай улсын нийт хүн амын 36.2 хувийг хүүхэд эзэлдэг. Энэ оны эхний 11 сарын байдлаар Хүүхдийн тусламжийн утасны 108 үйлчилгээний төвд 160,137 дуудлага иржээ. Үүнээс дийлэнх хувийг зөвлөгөө мэдээлэл хүссэн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлсэн байна. Судалгаанаас үзвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн төрсөн эцэг, эх 88 хувь, хойд эцэг, эх 10 хувь, үл таних этгээд 2 хувь байгаа. Иймд хүүхдийг аливаа хүчирхийллээс ангид байлгахад гэр бүлийн орчин хамгийн чухал байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Хүүхэд хамгаалагч”, “Өсвөрийн сэргийлэгч” төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон үндэсний контентуудыг бэлтгэн хүүхдийг аливаа гэмт халдлагаас хамгаалах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналуудыг тусгасан зөвлөмж гаргаж, ажил хариуцсан байгууллага бүрт хугацаатай үүрэг чиглэл өгч, Байнгын хорооны зүгээс шахаж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн байгууллага бүрийг 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон ажиллахыг уриаллаа. 

СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн өдөрлөг боллоо

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр  хэлтэс 2018 оны үйл ажиллагаагаа тайлагналаа. СХД-ийн цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн хувьд 8 офицер, 12 ахлагч  нийт 20 хүний орон  тоотойгоор байгуулагдаж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 13 хороог хариуцан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлсэн аж. 2018 оны онцлох үйл ажиллагаагаар нутаг дэвсгэрийнхээ эрүүл, хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч гэмт хэргийн халуун мөрөөр нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой төсөл, хөтөлбөрт хамрагдаж, олон талт нэгдсэн болон хэсэгчилсэн ажил, арга хэмжээ, зохион байгуулсанаар нийт гэмт хэргийн илрүүлэлт 40,5 хувьтай бөгөөд өмнөх онтой харьцуулахад 13,5 хувиар өссөн байна. 

Хамтарсан багийн гишүүд туршлага солилцлоо

Arslan.mn

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс дүүргийн есөн хорооны Хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага солилцох уулзалтыг энэ сарын 14-нд зохион байгууллаа. Энэхүү уулзалтад дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн төлөөллүүд оролцож хамтарсан багийн гишүүдтэй санал солилцсон байна. Уулзалтын төгсгөлд хороодын Хамтарсан багийн 2018 оны ажлыг дүгнэж нэгдүгээр байрт шалгарсан Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, дэд байрт орсон 28 дугаар хороо, гуравдугаар байр эзэлсэн 23 дугаар хорооны хамтарсан багийг тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулжээ.

Гэнэтийн шалгалтаар 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн зарим дүүрэгт саун массаж нэрийн дор биеэ үнэлэлт зохион байгуулж буй газруудад гэнэтийн шалгалтыг хийсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Гэнэтийн шалгалтаар таван газарт 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ. Тэднийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн хариуцлага хүлээлгэхээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Биеэ үнэлж байсан эмэгтэйчүүд нь нийслэл хотод оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-28 настай болох нь тогтоогдсон байна. Мөн энэ өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Монгол Улсын хилээр Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг оруулж ирсэн байж болзошгүй 25 настай эрэгтэй Ч-г 461 дүгээр ангид цагдан хорьсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.

СУРАГЧИД ЗӨВЛӨЛДЛӨӨ 

Сурагчид зөвлөлдлөө

Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм” болон Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн сурагчдын уулзалт, зөвлөгөөн энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Сургууль бүрт ажиллаж буй Сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Өсвөрийн сэргийлэгчдийг идэвхжүүлэх, сурагчдын өөрөө удирдах байгууллагын гишүүдийг чадавхжуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг явуулж, харилцан туршлага солилцсон байна. Энэхүү бүлгэмүүдийн үйл ажиллагааг ирэх онд Монголын Сурагчдын холбоо, Ледир сурагч академийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үе шаттай сургалт явуулах, сургууль бүрт сэтгэл зүйчтэй зэрэг саналыг сурагчдын зүгээс гаргажээ. Мөн сургууль орчмын ТҮЦ-ийн үйл ажиллагаанд хяналтыг чангатгах, бүлгэмийн гишүүд үе тэнгийнхээ хүүхдүүдэд зөв үлгэр дуурайл үзүүлэх, бага, дунд ангийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад бүх талаар тусалдаг байх тухай ч сурагчид хэлэлцсэн бөгөөд тэдний саналыг эрх бүхий байгууллагуудад уламжлах юм байна. 

Төв аймаг дахь цагдаагийн газраас 52 ахмадуудад цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй ажил, үйлчилгээгээ танилцууллаа 

Arslan.mn

Төв аймгийн Зуунмод сумын ахмадын хороотой хамтран 52 ахмадуудад Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа ажил үйлчилгээ, эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулан ярилцлага хийлээ. Мөн БНСУ-д үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын "On happy" хүмүүнлэгийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын "Аз жаргалын жигүүр" ТББ-тай хамтран Зуунмод сумын 2,5,6 багийн 3 өрхийн 7 хүүхдэд хичээлийн хэрэглэл, өвлийн хүрэм, гутал бэлэглэсэн байна. 

 

Arslan.mn

Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн тасгаас тус сумын МСҮТ-ийн 112 суралцагч, Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-11 дүгээр ангийн сурагчдад Эрүүгийн хуулийн тухай ойлголт, Ууршимтгай дэгдэмтгий бодисын хор уршиг сэдвээр сургалт зохион байгуулан Шүүхийн шинжилгээний албаны папилион санд 71 суралцагчийн гарын дардасыг авч, сангийн баяжилт хийсэн байна.

"ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО" чуулган зохион байгуулагдав

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэс хамтран  Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулахад салбар дундын зохицуулалтыг хангах, эцэг эхийн оролцоог сайжруулах, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийн ач холбогдлыг сурталчлах зорилгоор "Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо" чуулганыг зохион байгуулав. Чуулганы үйл ажиллагааны хүрээнд СДЦХ-ийн байцаагч С.Чимидцогзолмаа хүүхдийн эрхийн тухай хуулиуд болон хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар, Сум дундын эмнэлгийн их эмч Ц.Гиймаа "Хүүхдийн эрүүл мэнд" сэдвээр мэдээллийг танилцуулав. Мөн гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Аз жаргал ба гэр бүл" сэдвээр лекцийг Боловсролын тэргүүний ажилтан, хуульч, Шихихутаг Их сургуулийн багш Ц.Амарсанаа эцэг эхчүүдэд хүргэв. Чуулганаас хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог нь хангахад эцэг эхчүүдийн зүгээс дагаж мөрдөх "Зөвлөмж, уриалга" гаргав. Чуулганы төгсгөлд оролцогчдод баяр хүргэн Хөтөл ЕБС-ийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолт толилуулсан юм. 

ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮНД ОРЛОО

Arslan.mn

Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Харуулын цагдаа, цагдаагийн ахлагч С.Батбаяр офицер бүрэлдэхүүнд орж, тус аймгийн Луус сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдлоо.

"Хүүхэд хамгаалагч" төсөл үргэлжилж байна 

Arslan.mn

Ерөнхийлөгчийн тамгын газар, Цагдаагийн ерөнхий газраас "Хүүхэд хамгаалагч" төслийг туршилтаар зохион байгуулж байгаа билээ. Төсөлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргийн гаралт өндөртэй хороод хамрагдаж байгаа бөгөөд эцэг, эхчүүд олон нийтийн талархалыг хүлээсэн, цаг үеэ олсон арга хэмжээ боллоо хэмээн үнэлэгдэж байгаа аж. Төслийн хүрээнд Баянзүррх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Их засаг их сургуулийн оюутан залуустай хамтран  Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны айл өрхүүдээр орж санал асуулга авч, үүрэг гүйцэтгэж буй иргэдтэй хамтран мэдээ мэдээлэл бэлтгэн ажилласан байна. Удахгүй төслийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. 

"Өсвөрийн сэргийлэгч" цувралын шинэ анги гарлаа 

Нийслэлийн цагдаагийн газраас хүүхэд багачууддаа зориулан "Өсвөрийн сэргийлэгч" цувралын шинэ анги болох "Хүүхдийн эрх ба аюулгүйн дүрэм" 7-р ангийг гаргаад байна. Аль болох олон хүүхдэд үзүүлж өөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх мэдлэгийг дээшлүүлэхийн тулд хүүхдийн "Дрем ТВ"-ээр Лхагва 17:35, Пүрэв 09:05, Баасан 08:05, Бямба, Ням 19:00 давталтаар гаргаж, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн цахим хуудас болон youtube-д өмнөх ангиудыг давхар байршуулсан байна.  

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598337
1 эможи

keyboard_arrow_up