ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ
Энэ долоо хоногт /2018.12.17- 2018.12.23/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлын тоймыг хүргэж байна.
Манай улсад жилдээ 250-300 хүн бусдын гарт амь үрэгдэж, 300-400 хүн зам тээврийн ослоор нас барж байна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцлийг хангаж бүрдүүлэхийг Үндэсний аюулгүй байдал гэдэг. Энэ чиг үүргийг хуулиар үүрэг хүлээсэн 11 төрийн байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудтай 3 удаа биечлэн уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг юм. “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өнөө цагт цагаа олсон гэж үзэж байна” хэмээн онцолсон юм.
МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ байр ашиглалтанд орлоо
Мөрдөн байцаах алба бол цагдаагийн зүрх болсон алба юм. Тэгвэл энэ сарын 20-нд тус хамт олон орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тохижуулсан шинэхэн барилгынхаа нээлтийг хийлээ. Нээлтийн үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлсэн үгэндээ "Өнөөдөр Мөрдөн байцаах алба маань шинэхэн байрныхаа нээлтийг хийж байна. Энэхүү барилгыг нийт найман сарын хугацаанд хийж, хүлээлгэн өгсөн барилгын компаний хамт олонд талархал илэрхийлье. Монгол хүмүүс ажлыг хариуцлагатай, хурдан шуурхай, чанартай хийж чаддаг юм байна гэдгийг энэ хамт олон харуулж чадсан. Би ХЗДХЯ-нд ажиллах хугацаандаа цагдаагийн байгууллагын хамт олныг ойрын 50-100 жилийн хугацаанд амар тайван орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхийг зорьж ажиллаж байна. Цагдаагийн алба хаагчид ар гэрээ мартчихсан, энэ нийгмийг сайн сайхан байлгахын төлөө үргэлж зүтгэдэг ийм л хүмүүс. Тиймээс Мөрдөн байцаах албаны алба хаагчдыг стандартын шаардлага хангасан байранд ажиллах ёстой хэмээн үзэж, бүхий л мэргэжлийн онцлогт нийцсэн өрөө, танхимыг стандартын дагуу тохижуулсаныг дурдах хэрэгтэй. Мөрдөн байцаах албаны залуучууд, хамт олонд хандаж хэлэхэд мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүтгэл, хуульч ажиллагааг эрхэмлэн ажиллах нь чухал гэдгийг хэлмээр байна. Та бүхний сэтгэл зүрх, зарчим, хариуцлагатай байдлаас Монгол төрийн, Монголчуудын хувь заяа шалтгаална. Худал хуурмаг, хуйвалдааны өмнө бууж өгч болохгүй. Гурван сая иргэний төлөө үнэн сэтгэлээсээ ажиллаарай гэж хэлээд, ажлын амжилтыг хүсье" хэмээн онцоллоо.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба энэ онд хийсэн ажлаа тайлагналаа
Нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хэрэгжүүлж байгаа Цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба энэ сарын 19-нд 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлсэн үгэндээ “Монгол улсын цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх нэн онцлогтой анхан шатны нэршсэн ажил бол нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах юм. Энэ хуулиар хүлээсэн чиг үүргийг 2018 онд хэрэгжүүлэхэд хэд хэдэн онцлог шинэлэг ажлууд хийгдэх шаардлагатай байсан. Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдсэн бөгөөд жилийн хугацаанд цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээр оногдуулсан 30 гаруй хуулийн зүйл заалтыг иж бүрэн хэрэгжүүлж ажиллажээ. Харин 2019 онд Нийтийн хэв журам хамгаалах нэгж, алба хаагчдын ажил дүгнэх үзүүлэлт, аргачлалыг шинэчлэх, Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр нэгдсэн сан бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглах ажлыг хэвшүүлэх, гэрээт харуул хамгаалалтын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, өнгө, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх журмыг шинэчлэх, Зөрчлийн тухай хууль, тогтоомжийг боловсруулах, боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулан, холбогдох газруудад хүргүүлэхээр төлөвлөж байна. Мөн алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль, тогтоомжийг хэрэглэх нэг мөр ойлголттой болгох, тэднийг сургаж, дадлагажуулах чиглэлээр сургалт зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж боловсруулан хүргүүлэх гэх мэт ажлыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ирэх онд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.Монгол улсын нийгмийн дэг журмыг хэвийн хэмжээнд нь байлгаж, ард түмнээ амар тайван аюулгүй байлгах зорилтыг биелүүлэн ажилласан та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.” хэмээлээ.
“МИНИЙ АЖИЛ- МИНИЙ БАХАРХАЛ” гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчдын “Миний ажил-миний бахархал” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд эцсийн шалгаруултад тэнцсэн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэлээ. Алба хаагчдын эерэг хандлагыг нэмэгдүүлэх, ажлаараа бахархах сэтгэгдэл төрүүлэх, тэдний сонирхлыг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, албаны техник, тусгай хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаанд 38 анги, байгууллагаас 200 гаруй бүтээл ирүүлсэн байна. Тэдгээр бүтээлийг мэргэжлийн зурагчид шүүж, шилдэг 80 гэрэл зургийг ийнхүү үзэсгэлэндээ дэлгэжээ.
Дотоодын цэргийн штаб 2018 оны үйл ажиллагаагаа тайлагналаа
Дотоодын цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал энэ сарын 21-нд “Сүлд” чуулгын танхимд боллоо. Тайлангийн хурлаараа энэ оны ажлын ололт, амжилтаа дүгнэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган, бусдыгаа хошуучлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардуулсан юм. Тайлангийн хуралд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, мөн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, ангийн захирагч нар, анги, тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцов.
Шинэ жилийн баяраа тараад явж байгаа иргэдийг дээрэмддэг этгээдүүдийг шалгаж байна
Цагдаагийн Ерөнхий Газраас шинэ жилийн баярын үеэр үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон олон үйлдэлтэй хулгай, дээрмийн гэмт хэргийг илрүүлсэн талаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэвлэлийн бага хурлын үеэр "Сүүлийн үед хөдөө орон нутгаар олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдийг залилах хэрэг гарах боллоо. Дорноговь, Сэлэнгэ аймагт Японы Жайка олон улсын байгууллагын нэрийг барьж, хөнгөлөлттэй зээл олгоно гээд урьдчилж хураамж авна хэмээн залилсан байна. Жайка олон улсын байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар хөтөлбөр хэрэгжүүлэхдээ иргэнээс мөнгө шилжүүлүүлж, бүртгэлийн хураамж авдаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Иймээс албаны бус мэдээлэлд итгэхгүй байх"-ыг анхаарууллаа.
ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн албан ёсны фэйсбүүк хуудас баталгаажлаа
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс 2013 оноос хойш фэйсбүүкт “Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв” /https://www.facebook.com/policemng/ хаягаар цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэсээр ирсэн. Тэгвэл Гадаад харилцааны яам болон Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирлын дэмжлэгтэйгээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус фэйсбүүк хуудас албан ёсны болж баталгаажжээ.
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДОХИОНЫ ХЭЛ СУРЛАА
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 25 алба хаагч хамрагдаж сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны чадвар, мэдлэгтэй болсон юм. Цагдаагийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох тохиолдол бүртгэгддэг. Цагдаагийн алба хаагчид тэдэнтэй дохионы хэлээр ойлголцдог байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль сахиулах үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гомдол мэдээллийг хүлээн авч, илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Иргэн цагдаагийн байгууллагын харилцааны гүүр болон бэлтгэгдэж буй эдгээр алба хаагчийг ирэх онд мэргэшүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөжээ.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН III ХЭЛТЭС КАМЕРЫН ХЯНАЛТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО
Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Камерын хяналтын төвийн нээлт энэ сарын 21-нд боллоо. Хүн ам олноор төвлөрсөн Баянзүрх дүүргийн есөн хороог хариуцан ажилладаг тус хэлтэс нь камерын хяналтын төвтэй болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Шинээр суурилуулсан хяналтын камеруудыг өөр цэгт зөөвөрлөх, антенны чиглэлийг нь өөрчлөх боломжтой бөгөөд оптик шилэн кабельтай харьцуулахад өртөг хямд ухаалаг шийдэл болжээ.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс 2018 оны ажлаа тайлагналаа
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид өнөөдөр /2018.12.21/ энэ онд хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, тайлангийн хурал хийлээ. Хурлын үеэр хуулиар хүлээсэн чиг үүргээ үр бүтээлтэй биелүүлж ажилласан алба хаагчдад шагнал гардуулсан байна.
“Шуурхай удирдлагын алба хаагчдын гарын авлага”-ыг эмхтгэн гаргалаа
Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсээс цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах “Шуурхай удирдлагын алба хаагчдын гарын авлага”-ыг эмхтгэн гаргалаа. Гарын авлагыг мөн хэлтсийн ерөнхий жижүүр, цагдаагийн дэд хурандаа Д.Батмөнхийн санаачилж, хэлтсийн алба хаагчид эмхтгэн боловсруулж, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Гансүх нар хянан тохиолдуулжээ. Цагдаагийн байгууллагад 24 цагийн хугацаанд иргэдээс ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх явцад зайлшгүй хийвэл зохих хойшлуулшгүй болон тодорхой төрлийн зарим ажиллагааг энэхүү номд бичжээ. Мөн хэргийн газрын үзлэг хийх, сэжиг таамаг дэвшүүлэх зэрэг цагдаагийн мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудлыг энэхүү гарын авлагад түүвэрлэн тусгасан нь алба хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа онцлог бүтээл болсон байна.
Зөрчлийн оноо нь дуусаж, эрх түдгэлзсэн 2,930 жолооч байна
Тээврийн цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор гаргасан зөрчилд хуулийн дагуу хариуцлага оногдуулж, зөрчлийн оноог 1-5 хүртэл хасаж тооцож байна. Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид зөрчлийн онооны журам үйлчилдэг. “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д заасны дагуу 2018 оны эхний 11 сарын байдлаар нийт 187,712 жолоочийн зөрчлийн оноо тооцсоноос оноо дуусаж эрх түдгэлзсэн 2,930 жолооч бүртгэлтэй байгаа нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин нэмэгдсэн байна. Зөрчлийн оноо дууссан жолооч нар журамд заасны дагуу хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээнэ.Зөрчлийн оноо сэргээх иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн онооны сургалтыг зохион байгуулах төрийн бус байгууллагуудад хандаж сургалтад суух юм.
Тээврийн цагдаагийн албаныхан Цагаан хад, Гашуун сухайтад ажиллаж байна
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутаг дэвсгэрийн “Гашуун сухайт” хилийн боомт хүртэлх 237 километр авто замаар нүүрс тээвэрлэгч байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, авто замын тэмдэг, тэмдэглэгээ эвдрэлийн байдалд үзлэг хийж, Ханбогд сум дахь цагдаагийн хэлтэс, тасаг, Өмнөговь аймгийн гэрээт цагдаагийн тасгаас 2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөн туслах мөн жолооч нарт шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаарх сургалт явуулан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээрээ 7 дугаар сургууль тэргүүлжээ
“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг бага ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулах нь замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг хүүхдүүд багаасаа мэдэж өөрийгөө болон бусдыг аливаа эрсдлээс хамгаалж сурах давуу талтай гэж ТЦА-ныхан хэлж байна. Энэ удаагийн тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж нийт 12 сургуулийн 200 гаруй сурагч оролцлоо. Үүнээс 7 дугаар сургууль нэгдүгээр байр, 20 дугаар сургууль хоёрдугаар байр, 14 дүгээр сургууль гуравдугаар байранд орлоо. Тэмцээн мэндчилгээ, буухиа, урлагийн тоглолт гэсэн гурван төрлөөр болж сурагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээний үеэр Тээврийн Цагдаагийн албаныхан 2017 онд авто замын осолд өртсөн хүүхдүүдийн талаар дурдахдаа, эцэг, эх асран хамгаалагч нар хүүхдүүддээ гэрлэн дохиогоор зам хөндлөн гаргаж сураагүйгээс өөрийгөө болон бусдыг хохироож байгаа талаар онцоллоо. Мөн хүүхдүүд машинд суух болон буухдаа бэртэх, автобуснаас буугаад шууд зам хөндлөн гарах гэж гүйж болохгүйг анхааруулсан юм. Өнгөрсөн онд Орхон аймагт долоон хүүхэд замын хөдөлгөөнд оролцохдоо гэмтэж нэг нь нас баржээ. Харин энэ онд найман хүүхэд бэртэж нэг хүүхэд нас барсан байна.
Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "Шинэ жил" арга хэмжээг зохион байгуулж байна
Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "Шинэ жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд шинэ жилийн баярыг гэмт хэрэг, зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээ, хэв журмын нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвтэй хамтран "Амрыг эрье" нэвтрүүлгээр мэдээ, мэдээллийг давхар хүргэж ажиллаж байна. Тус хэлтсээс шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг гэмт хэрэг, зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж талбайд хяналт тавих машинт болон явган эргүүлийг 24 цагаар тасралтгүй зохион байгуулж, алба хаагчид уртасгасан цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Хариуцсан нутаг дэвсгэрийн гудамж талбай нэг бүрийг эргүүлийн чиглэлд хамруулан бүрэн хяналтанд авах, иргэд байгууллагын шинэ жилийн баярын хүлээн авалтууд зохион байгуулагдаж байгаа объектын орчимд хяналт тавих зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургуулиас нэмэлтээр алба хаагчдыг татан оролцуулж байна. Хэлтсийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан эмэгтэй алба хаагчид шөнийн эргүүлд ажиллаж байгаа бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байгаа цэг дээр нь очиж халуун аарц, чацарганаар үйлчилж үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангахад дэмжлэг үзүүлж байгаа аж.
Завхан аймгийн Цагдаагийн газрын тайлангийн хурал боллоо
Завхан аймаг дахь цагдаагийн газрын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо. Хурлын ажиллагааг нээж, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу үг хэлж, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан цагдаагийн газрын алба хаагч нарт шинэ оны мэнд дэвшүүлэн, ажлын өндөр амжилт хүслээ. Тайлангийн хурлаар Завхан аймгийн цагдаагийн газрын 2018 оны хөдөлмөрийн аваргууд болон ажил мэргэжлийн шилдэг алба хаагч нарт шагнал гардууллаа. Үүнд: Цагдаагийн газрын хөдөлмөрийн тэргүүний алба хаагч- ахлагч, багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхсайхан, Цагдаагийн газрын хөдөлмөрийн тэргүүний алба хаагч- офицер, Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Жамбалдорж, Цагдаагийн газрын хөдөлмөрийн тэргүүний алба хаагч- Удирдах ажилтан, Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Отгонбаяр нар тус тус шалгарлаа.
Эрүүгийн цагдаагийн албанаас мэдэгдэл гаргалаа