Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 1 сарын 13

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт /2019.01.07-2019.01.13/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлын тоймыг хүргэж байна. 

Цагдаагийн дэд хурандаа Э.Болор-Эрдэнэ НҮБ-ын ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОНО

Arslan.mn

Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаа /UNAMID/-нд үүрэг гүйцэтгэхээр болсон цагдаагийн дэд хурандаа Э.Болор-Эрдэнэд Монгол Улсын төрийн далбаа гардуулах, үдэн гаргах ажиллагаа цагдаагийн ерөнхий газарт боллоо. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Э.Болор-Эрдэнэ ньНҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн алба хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх буюу нутгийн иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах чиглэлээр тухайн улсын болон үүрэг гүйцэтгэж буй бусад орны цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллах юм.

Дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав энэ сарын 11-нд дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, алба хаагчдыг үүргээ гүйцэтгэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг сонсож, тэднээс санал хүсэлтийг нь авч, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад шагнал гардууллаа. Уулзалтын үеэр ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав хэлсэн үгэндээ "Дотоодын цэргийн анги байгууллагын  хувьд багагүй ачааллыг үүрч, цаг наргүй хариуцлагатай албыг залгуулдаг албан хаагчид юм. Та бүхэн  онцгой обьектыг хамгаалж, ард иргэдийн амар тайван байдлын төлөө ажиллаж байгаа. Уулзалтын үеэр  ирсэн олон санал, санаачилгыг бодит ажил болгохын төлөө ажиллах болно. “Онцгой обеьктыг хамгаалах тухай хууль”-ийг батлах ёстой гэсэн чухал санал ирсэн. Энэ зайлшгүй хуульчлах ёстой асуудлын нэг мөн. Хуулийн хэлтэс дээр ажлын хэсэг байгуулж, судлах ажлыг эхлүүлнэ. Бид хариуцлага, ёс зүй, дэг журмыг бүх шатандаа анхаарч ажиллах ёстой. Төрийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсье.” хэмээлээ. 

ЦЕГ-аас “САР ШИНЭ-2019“ нэгдсэн арга хэмжээг ЭХЛҮҮЛЛЭЭ

Arslan.mn

ЦЕГ-аас "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Монгол улсад гарч байгаа гэмт хэргийн 40 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Мөн 2017 онд гарсан хулгайн гэмт хэрэг өмнөх жилийнхтэй харьцуулахад их гарчээ. "Цагаар сар" арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж, томоохон зах худалдааны төвүүдийн харуул хамгаалалт, хяналтын ажиллагаа зэргийг сайжруулах шаардлагыг тавьж байна гэлээ. Мөн иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байж хулгай, залилингийн хэргээс болгоомжлохыг анхаарууллаа.  Мөн цагаан сарын баяр дөхөхөөр хөдөө орон нутаг руу орох гарах чиглэлд хөдөлгөөн ихэсдэг. Тиймээс иргэд авто замын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, ачаа тээш хүний норм хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа. Үүнээс гадна цагдаагийн албан хаагчид "Үлэг гүрвэлийн яс зарна" гэсэн мэдээллийн дагуу хоёр этгээдийг шалгахад 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдворыг бусдад зарах гэж байсныг тогтоон хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас төв талбай дээр болсон жагсаалыг өндөр хэмжээнд зохион байгууллаа

Arslan.mn

"МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал нийслэлийн төв талбайд энэ сарын 10-нд боллоо.  Эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 25.000 орчим иргэн оролцсон гэх албан бус тоо бий. Жагсаалыг цагдаагийн байгууллагаас өндөр хэмжээнд зохион байгуулж, төмөр метал авч яваа эсэх, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх зэргийг шалгасны үр дүнд мар нэгэн хэрэг, зөрчил бүртгэгээгүй байна. Тус тайван жагсаал нь эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай байсанд иргэд, олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллагад талархаснаа илэрхийлж байлаа. 

Замын цагдаагийн газар алба хаагчдаа мэргэшүүлэх Сургалтад хамруулав

Arslan.mn

Замын цагдаагийн газрын төв, орон нутгийн нэгжийн ахлах зохицуулагч нарын мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.  Замын цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Б.Алтансүх хэлэхдээ “Тус газраас харьяа нэгжийн ахлах зохицуулагч нарын сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтаар алба хаагчдын мэдлэг боловсрол ур чадвар, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг мэргэшүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 56 алба хаагч оролцсон.  Сургалтын хөтөлбөрийг алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай сэдвүүдийг сонгон мэргэшлийн багш, судлаач, эрдэмтэн нар заан явуулж байна” гэв.

Хяналт шалгалтыг эрчимжүүлснээр гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байна

Arslan.mn

Энэ 7 хоног дахь зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна. Эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1131 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 849дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмааснийслэлд 21 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 3 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн ба 8 осол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гарчээ. Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 14 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 25 нь мөргөлдөх хэлбэрээр, 4 нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ 7 хоногт алба хаагчдаас 20 гаруй гэмт хэрэг, эрэн сурвалжилж байсан хүн, тээврийн хэрэгсэл 27-г илрүүлэн шалгаж байна. Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллав.

Гал түймрийн аюулаас гурван хүнийг аварчээ

Arslan.mn

2019 оны нэгдүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04:00 цагийн орчимд Баянхонгор сумын 9-р багт айлын гэр шатаж байсныг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтраажээ. Тэд дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Х, түүний охин А, Э нарын амь насыг галын аюулаас аварсан байна.

Олон улсын шуудан ашиглан дахин хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

Arslan.mn

Олон улсын шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар оруулж ирсэн үйлдлийг илрүүлэн таслан зогсоолоо. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2018 онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад байгууллагуудтай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд сүүлийн 2 сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, Америкын нэгдсэн улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдэд шалгалтын ажиллагаа хийж байгаа билээ. Шинэ он гарсанаас хойш дахин энэ төрлийн үйлдлийн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоолоо. Нидерландын Вант Улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирсэнийг 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр илрүүлэн таслан зогсоож дайчлан баривчиллаа. 

НЦГ: Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нар 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийн илрүүлэлтэд ахиц гаргах, цаашид зохион байгуулах арга хэмжээний талаар дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дарга, дэд дарга нартай зөвлөлдөх уулзалтыг энэ оны 01 дүгээр сарын 08- ны өдөр зохион байгууллаа. Уулзалтаар Нийслэл хотын иргэдийн амар тайван аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дарга нараас 144 санал, санаачлага гаргасныг нэгтгэн дүгнэж 12 ажлыг энэ онд хийж хэрэгжүүлэхээр тогтжээ. 

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан хатагтай Наоми Китахараг “Цагдаагийн төлөө” тэмдгээр шагналаа

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг бүрэн бүртгэх, түүнд хяналт тавих, статистик тоо мэдээг үнэн зөв гаргах, хүчирхийлэлд өртсөн хохирогч нэг бүрийг бүртгэх, хүчирхийлэл үйлдэгчийн түүхийг нарийвчлан бүртгэх зорилготой “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан”-г Цагдаагийн байгууллагад шинээр бий болгосон нь  дэвшилттэй, хохирогч хамгаалах чухал ач холбогдолтой ажил болсон.
Мөн төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, тэдэнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан 7 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллгын алба хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг өөрчлөх сургалтуудыг үе шаттай зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.
Төслийг эхлүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан хатагтай Наоми Китахарагийн оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, хөдөлмөрийг нь үнэлж ЦЕГ-ын даргын 2018 оны Б/936 дугаар тушаалаар “Цагдаагийн төлөө” тэмдгээр шагнасныг  ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал гардуулан өгч, баяр хүргэлээ.

Төв аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдынхаа дунд "АХА" тэмцээнийг зохион байгууллаа 

Arslan.mn

Төв аймгийн цагдаагийн газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Хэрэг бүртгэх тасгаас алба хаагчдын дунд танин мэдэхүйн "АХА" асуулт хариултын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нэгдүгээр байранд Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Ууганбаатар, хоёрдугаар байранд хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Эрдэнэцэцэг, гуравдугаар байранд мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтайван нар шалгарлаа. Энэ төрлийн тэмцээнийг тогтмол зохион байгуулах нь байгууллагын уур амьсгал, алба хаагчдад бага ч болов танин мэдэхүйн мэдлэг, мэдээллийг өгдөг ач холбогдолтой юм. 

ХСИС-ийн хамт олон болон нийт сонсогчдод талархал гардууллаа 

Arslan.mn

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс ХСИС-ийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн нийт 700 сонсогч 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2019 оны 1 дүгээр сарын 01-ний хооронд хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэсэн. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж өндөржүүлсэн бэлэн байдлын үед идэвх санаачилга гарган хамтран ажилласан Их сургуулийн хамт олон болон нийт сонсогчдод талархал гардууллаа.

ЦЕГ-аас "Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх" аяныг эхлүүлээд байна 

Arslan.mnЖил бүрийн сар шинийн баяр наадмыг тохиолдуулан иргэд, олон нийт өөрийн эд зүйлээ алдах тохиолдол ихээр бүртгэгддэг тул Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлжүүлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг авч байна. Тус аян хоёрдугаар сарын 07-ыг дуустал үргэлжлэх юм байна. 

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс 20 орчим чиглэлд эргүүл хийж байна 

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж байгаа "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс гудамж талбайд үйлдэгдэж болзошгүй хулгай, дээрэм, танхайн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явган эргүүийн 20 чиглэлд алба хаагч нар ажиллаж байна. Иргэдээс 24 цагаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. 

Дундговь аймгийн Цагдаагийн газраас "Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал" сургалтыг зохион байгууллаа 

Arslan.mn

Боловсролын салбар дахь "Хүүхэд хамгаалал" сургалтанд Дундговь аймгийн 19 сургуулийн захирал, сургалтын менежер нарт "Насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл" сэдвээр тус аймгийн цагдаагийн газрын чиглэл хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ж.Жавзандулам сургалт хийж, мэдээлэл өглөө. Сургалт үр дүнтэй боллоо хэмээн оролцогчид хэлж байлаа. Цаашид энэ талын сургалт, уулзалтыг тогтмол явуулахаар төлөвлөж байгаа хэмээн тус аймгийн цагдаагийн газраас мэдээллээ. 

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛСНЭЭР ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас энэ 7 хоног дахь зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна.Эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1131 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 849 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ. 
Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 21 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 3 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн ба 8 осол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гарчээ. Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 14 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 25 нь мөргөлдөх хэлбэрээр, 4 нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ 7 хоногт алба хаагчдаас 20 гаруй гэмт хэрэг, эрэн сурвалжилж байсан хүн, тээврийн хэрэгсэл 27-г илрүүлэн шалгасан байна. Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599187
3 эможи

t7jwl4pijl
2020-02-08 05:13
keyboard_arrow_up