ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ
Өнгөрсөн долоо хоногт /2019.01.14-2019.01.20/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлын тоймыг хүргэж байна.
“Цагдаа хотхон - Амгалан“ цогцолбор 180 айлын шинэ байр АШИГЛАЛТАД ОРЛОО
Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын 2-р ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо. Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн, "ЦЭЭБ" ХХКомпаны дэмжлэгтэйгээр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Эргүүл хамгаалалтын газрын Шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн алба хаагч, 1-13 насны дөрвөн хүүхдийн аав асан цагдаагийн ахлагч С.Мягмарсэнгээгийн гэргий, үр хүүхдүүдэд 2 өрөө байр гардуулан өглөө.
ЦЕГ-аас 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар мэдээлэл хийлээ
Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт хэлэхдээ "Өнгөрсөн онд манай улсад нийт 36,220 гэмт хэрэг бүртгэгдсэн ба эдгээр гэмт хэрэгт нийт 16,389 иргэн холбогдсон. Нийт гэмт хэргийн 71 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн бол үлдсэн 29 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Гэмт хэрэгт холбогдсон нийт иргэдийн 41.5 хувь нь 18-29 насныхан байна. Харин 55.7 хувь нь эрхэлсэн ажилгүй, 15.7 хувь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд юм. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгчдийн 86.5 хувь эрэгтэй бөгөөд гурван хүн тутмын нэг нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Өнгөрөгч онд гэмт хэргийн улмаас 57 хуулийн этгээд буюу байгууллага, 33,566 иргэн хохирсон. Гэмт хэргийн улмаас 934 хүн амиа алдсан ба 9,283 хүн хүнд болон хөнгөн хэлбэрийн бэртэл гэмтэл авсан. Эдгээр тоог өмнөх онтой нь харьцуулахад амиа алдсан хүний тоо 17 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 11 хувиар тус тус буурсан. Гэмт хэргийг хөнгөн болон хүнд хэлбэрийн гэж ангилдаг. Хөнгөн хэлэбэрийн гэмт хэрэг 78 хувь байгаа бол хөнгөн гэмт хэрэг бол үлдсэн 22 хувь нь хүнд төрлийн гэмт хэрэг байна. Эдгээрээс гадна өнгөрөгч онд нийт 193 тэрбум төгрөгийн эд материалын хохирлыг иргэн, хуулийн этгээд хүлээсэн. Үүний 17 хувийг буюу 32 тэрбум төгрөгийн хохирлыг Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн барагдуулж ажиллалаа. Мөн 2018 онд улсын хэмжээнд нийт 85,840 хүн архи согтууруулах ундаа хэрэглэсний алмаас эрүүлжүүлэгдсэн ба энэ тоог өмнөх онтой харьцуулахад 0.8 хувиар буурсан" гэлээ.
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэс алба хаагчиддаа зориулсан ШИНЭ ОРОН СУУЦАА АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс алба хаагчдынхаа, хэрэгцээ шаардлага, санал хүсэлтэн дээр тулгуурлан 20 айлын шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа. Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагууд, тус хэлтсийн алба хаагчдын төлөөлөл, гэр бүл үр хүүхдүүд оролцож, сар шинийн босгон дээр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.
ЦЕГ-ын даргын тушаалаар сахилгын зөрчил гаргасан алба хаагчдыг ажлаас нь чөлөөллөө
Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар нь ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж сахилгын зөрчил гаргасан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны б/36 тоот тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Зохицуулагч нарыг мэргэшүүлэв
Тээврийн цагдаагийн албаны төв, орон нутгийн нэгжийн ахлах зохицуулагч нарын мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Тээврийн цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Б.Алтансүх хэлэхдээ “Тус газраас харьяа нэгжийн ахлах зохицуулагч нарын сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтаар алба хаагчдын мэдлэг боловсрол ур чадвар, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг мэргэшүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 56 алба хаагч оролцсон.
Сургалтын хөтөлбөрийг алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай сэдвүүдийг сонгон мэргэшлийн багш, судлаач, эрдэмтэд заан явуулж байна” гэлээ.
“Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна
Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг 2 дахь долоо хоногтоо зохион байгуулж байна. Дээрх хугацаанд улсын хэмжээнд 100 гаруй цэгт байнгын болон хөдөлгөөнт эргүүл, 600 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд эрэн сурвалжилж байгаа хүн, тээврийн хэрэгсэл, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байна. Замын цагдаагийн газраас уг арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээс гадна хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Шалгалтын ажиллагааг нийслэлийн төв болон алслагдсан гудамж зам, орон нутгийн болон улсын чанартай авто замуудад дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулсаар байна. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, ачааны болон тээвэрлэж байгаа эд зүйлсийн бусад баримт бичгийг авч явахыг зөвлөж байна.
ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙН талаарх мэдээллийг ТӨЛБӨРТЭЙГӨӨР авч эхэлж байна
Сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад манай улсад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилд дунджаар 7707, сард 642, өдөрт 21, цаг тутамд нэг гэмт хэрэг бүртгэгджээ. 2018 онд улсын хэмжээнд 36220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12328 буюу 34 хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа аж. Тиймээс цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх , таслан зогсоох, гаралтыг бууруулах, иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэн аж ахуй нэгж байгууллагын хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулж байгаа аж. Тэгвэл энэ сарын 18-нд энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, шалтгаан, нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга замын тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөх зорилгоор “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
“НЭГ ХОРОО НЭГ САР“ АЯН ЭХЭЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн ахлахуудын зөвлөлөөс “Нэг хороо нэг сар” аяныг эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл ихээр ирдэг 22 дугаар хороог сонгон авч нэг сарын хугацаатай аяныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна. Аяны хүрээнд хариуцсан хороодын нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүлд аж ахуй нэгжийг оролцуулан зохион байгуулах, авто эргүүлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг татан оролцуулж, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, шүүхийн эрэн сурвалжилт, оршин суух газраасаа сураггүй алга болсон, цагдаагийн байгууллагын Асап санд эрэн сурвалжилагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох юм.
“Security Expo 2019”-ийн талаар мэдээлэл хийлээ
Нийслэлийн Цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран гэмт хэргийн нөхцөл байдал, дохиолол хамгаалалт, камержуулалт, гэрэлтүүлгийн асуудлаар болон “Security Expo 2019”-ийн талаар мэдээлэл хийлээ. Харуул болон дохиолол хамгаалалт, холбооны техник технологийн хөгжлийг олон нийтэд танилцуулах "SECURITY EXPO-2019" үзэсгэлэн хамтын ажиллагааны өдөрлөгийг Буянт Ухаа Спорт ордонд 2019 оны 1-р сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулах аж.. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах уг үзэсгэлэнг Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэмжлэгтээгээр “Аюулгүй ирээдүйн төлөө” уриан дор анх удаагаа зохион байгуулна. “Security Expo 2019” үзэсгэлэнгийн гол зорилго нь олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилт, гэрээт харуул хамгаалалтын ололт амжилтыг бодитойгоор таниулан сурталчилах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, ард иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулаж цаашлаад аюулгүй байдлыг нь хангахад оршино гэлээ.
Хулгайлах гэмт хэргийг бууруулахад инновацийг ашиглана
Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, NEST ETT ХХК-тай хамтран хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг нь бууруулахад иргэд, аж ахуйн нэгж байгууллагын идэвх санаачлагыг дэмжих, техник, технологийн мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор "SECURITY EXPO-2019" өдөрлөгийг Буянт-Ухаа Спорт цогцолборт 2019 оны 1 дүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшил, гэрээт харуул хамгаалалтын ололт амжилтыг бодитойгоор таниулан сурталчлах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцууллаа.
Б.Алтанзул: “Золгохоор бүгдээрээ хөдөө явлаа” гэх мэтээр мэдээллээ цацахгүй байхыг сэрэмжлүүлье
НЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул ярилцлагандаа "Цагдаагийн байгууллага инновацийг нэвтрүүлсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ нь гудамж,талбай,орц гарц, аж ахуйн нэгжүүдийг камержуулах, дохиоллын системтэй болгох ажил юм. 2017 онд ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл,Нийслэлийн ИТХ-тай хамтран 60 сая төгрөгийн дүрмийн сантай “Камержуулалт-1” гэсэн арга хэмжээг 2017 оны долдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Үүний үр дүнд 2580 камерыг суурилуулсан. Энэ ажлыг үр дүнтэй юм байна гэж үзээд өнгөрсөн онд мөн 60 сая төгрөгийн санхүүжүүлэлттэй камержуулалтыг хийж мөн 2500 гаруй камерыг суурилуулаад байна. Нийслэлийн есөн дүүргийн 17 цагдаагийн хэлтсийг манайх хариуцдаг. Үүсээд байгаа эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг судлан тогтоож буюу энгийнээр хэлвэл хаана их хэрэг зөрчил гарч байна тэнд камеруудыг тавьж байна. Жишээлбэл сараар нь аваад үзэхэд хамгийн их буюу 1060 хулгай гарсан Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэр буюу “Нарантуул” захын орчим эргэн тойрныг камержуулах арга хэмжээг нэн түрүүнд хийсэн. Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэс буюу Таван шараас урагш “Алтай” хотхоны чиглэлд 317 гэмт хэрэг гарч байсан бол 846 болсон байгаа юм. Эдгээр газруудад юуны өмнө анхаарал хандуулан ажилладаг. Мөн бид “хяналтын камер” гэсэн самбар, пайзыг хүмүүст харагдахуйц байршилд тавьж байгаа. Сүхбаатар дүүргийн 100 айлаас хойших Дарь-эх Сэлбийн орчмуудаар хулгайн гэмт хэрэг олноор гардаг цэгүүдийг камержуулсан" хэмээн онцоллоо.
Орон нутгийн замд хамтарсан хяналт шалгалт явуулж эхэллээ
Сар шинийн баяртай холбогдуулан орон нутаг - Улаанбаатар, Улаанбаатар - Орон нутгийн чиглэлд тээврийн хэрэгсэл, зорчигч иргэдийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран “Сар шинэ - Тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэр” хяналт шалгалтын ажлыг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвүүд, аймгууд дахь Авто тээврийн төв болон Замын цагдаагийн хяналтын постуудад зохион байгуулж байна. Шалгалтаар улс, хот хоорондын автозамд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх, мөн ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах юм.
Шөнө оройн цагаар дээрэм хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
Шөнө оройн цагаар үгсэн тохирч бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлддэг 6 этгээдийг илрүүлэн мөрдөн шалгаж байна. 2018 оны 5 дугаар сараас эхлэн оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд, архи согтууруулан ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болтолоо согтсон иргэдийн хоолойг нь боож амь биед нь аюултайгаар эд зүйслийг нь дээрэмддэг 6 гэмт этгээдийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөний 01 цагт илрүүлэн баривчиллаа.Тус этгээдүүд Сэлэнгэ аймгийн харъяат бөгөөд 18-19-ны залуучууд, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилггүй, урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан мэдүүлэгтээ 21 үйлдлийг үйлдсэн болохоо мэдүүлжээ. Дээрэмдэх төрлийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй, нийгэм болон нийтэд, амь биед аюултайгаар үйлдэгддэгээрээ онцлог гэмт хэрэг. Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, гэрэлтүүлэг болон камерын хяналттай газраар явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын ,Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид зөвлөж байна.
ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ
Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Таван эрдэнэ” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Наранбаатар, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Дарханбаатар нар сумдын хэсгийн төлөөлөгч нартайгаа хамтран 14 хоногийн хугацаанд Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр аймгийнхаа Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сум, мөн Хэнтий аймгийн Галшар сумдын удирдлагуудтай уулзалт зөвөлгөөн байгууллаа. Үүний үр дүнд сумдуудад үйлдэгдсэн 8-н холбогдогчтой, 8 сая гаруй төгрөгний хохиролтой, 8 удаагийн үйлдэлтэй малын хулгайн гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байна.
С.БААСАНЖАВ: ЦАГДАА НАРТ ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХЭРЭГСЭЛ ОЛГОХЫГ ЗОРЬДОГ
Иргэдийн амгалан тайван байдлыг хангах үүрэг хүлээн, цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагчдын хангалт, хангамж, цагдаагийн байгууллагын бүтээн байгуулалтын талаар ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжаваас тодрууллаа. ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албанаас өнгөрсөн хугацаанд цагдаагийн алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахад олон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ. Тэрээр ярилцлагандаа "Цагдаагийн алба хаагчийн хувцас, хэрэгслийг бүрэн хангахад жилд 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай ч улсын төсвөөс үүний дөрөвний нэг хэсгийг л өгдөг. Алба хаагчдаас хувцас нь чанаргүй байгаа гомдол ирдэг. Замын зохицуулагч зэрэг алба хаагчдын нормын хувцас хурдан мууддаг. Тиймээс энэ талаар судалж, хувцасны материалыг лабораторид шинжилж, туршин сайжруулж, чанартай хувцас үйлдвэрлэхээр зорьж байна. Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны 155 дугаар тогтоолоор тэдгээр албан хаагчийн нормын хувцас олгох хугацааг наашлуулж баталсан. Цагдаагийн хувцас олон төрөл бөгөөд шинээр олгох хугацааны давтамж харилцан адилгүй байдаг юм.Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн алба хаагчдыг орчин үеийн төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, өнгөрсөн онд улсын төсвийн 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн бэлэн бус торгуулийн “И-Патрол” системтэй “Самсунг” загварын таблеттай болгосон. Үүнийг эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг 2500 гаруй алба хаагчид олгож эхэлсэн. Энэхүү төхөөрөмжөөр зөрчилд тооцох мөнгөн торгуулийг бэлэн бусаар авахаас гадна сэжигтэй этгээдийн мэдээллийг оруулахад өмнө нь эдэлж байсан ял шийтгэл, зөрчил, шүүхээс оргон зайлсан, эрэн сурвалжилж байгаа эсэх зэрэг цагдаагийн байгууллагатай холбоотой бүх мэдээлэл гардаг. Тус төхөөрөмжийг ашиглан гэмт хэрэг үйлдээд зугтсан, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой" гэлээ.
Эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүллээ
Цахилгаан шат хүлээж байсан 21 настай эмэгтэйг зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдсэн этгээдийг цагдаа нар зургаан цагийн дотор илрүүлэн, баривчилжээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 утсанд өчигдөр 17.25 цагт Баянгол дүүргийн зургаадугаар хороо, Сити-18 дугаар байрны орцонд манай охин гэрлүүгээ орох гэж байгаад дээрэмдүүлсэн гэж хохирогчийн аав дуудлага өгчээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай материалжуулан, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасагтай хамтран дээрх хэргийг үйлдсэн 29 настай, эрэгтэй Б-г илрүүлж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22.25 цагт дайчлан баривчилсан байна. Сэжигтэн Б нь 2016 онд дээрмийн хэргээр ял, шийтгэл эдэлж байсан бөгөөд өнгөрсөн онд мөн л дээрмийн хэрэг үйлдэж, өнөөдрийг хүртэл эрэн сурвалжлагдаж байжээ.
АРХИНЫ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Албадан эмчилгээ-1” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, тус дүүргийн 9-20 дугаар хороонд оршин суух архинд донтох өвчтэй нийт 16 иргэнийг архины албадан эмчилгээнд хамрууллаа.