ЗҮРХ МАРТАХГҮЙ
Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойд зориулав.
Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулж, Эрүүгийн цагдаагийн тагнуулын шинэ чиглэл мэргэжлийг буй болгосон Ц.Жамьянсэнгээ хурандаагийн тухай дурсамжийг та бүхэнд хүргэе. Тэрбээр, Монголын цагдаагийн байгууллагыг бэхжүүлэх, улсын прокурорын газрын ажлыг сайжруулах, хууль ёсыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэхэд Ц.Жамьянсэнгээ бүхий л авьяас чадвараа дайчлан ажилласан цагдаагийн байгууллагын нэртэй дарга нарын нэг. Түүний гэмт хэрэг илрүүлсэн талаар домог мэт яриа олон байдаг билээ.
ДЭНДҮҮ ЗӨВ ТОМИЛГОО БОЛСОН
1990 оны дөрөвдүгээр сард Нийгмийг аюулаас хамгаалах яамыг татан буулгахад намайг Сайд нарын Зөвлөлийн харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргаар томилсноос эхлэн Цэнд-Аюушийн Жамьянсэнгээтэй хамтран ажиллаж улмаар сайхан нөхөрлөсөн билээ.
Тэр үед Улсын цагдан сэргийлэх газарт Гүйцэтгэх албаны хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газарт Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтэс гэж байлаа. Гэмт хэрэг илрүүлэх газар, албыг яаж зохион байгуулах төслийг гаргах ажлын хэсэг хоёр удаа томилж ажиллуулсан боловч сайн хувилбар гараагүй. 1991 оны дөрөвдүгээр сард холбогдох ажилтнуудыг нэлээд өргөн оролцуулсан ярилцлага зохион байгуулж гаргасан саналуудыг эмхтгэн албаны дүр зургийг гаргах ажлыг Ц.Жамьянсэнгээ хариуцах болсон юм. Түүний гаргасан төсөл онцын их засваргүйгээр Монгол Улсын Эрүүгийн цагдаагийн албыг байгуулах албан ёсны шийдвэр болж батлагдсан.
Тэр үед цагдаагийн гадаад харилцаа гэж үнэн хэрэгтээ огт байхгүй байв. Хуучин социалист орнуудтай харилцаа үндсэндээ тасарсан, бусад орнуудтай харилцаж мэддэггүй байлаа. 1991 онд Интерполд элссэний дараа гадаад харилцаа эрс өргөжиж, олон улсын эрүүгийн цагдаагийн бүтэц, үүргийн хуваарилалт зэргийг авч үзэхэд манай улсынх тэднээс ялгагдаад байх зүйл бага байсан. Аливаа салбарын жинхэнэ мэргэжилтнүүд ойролцоо сэтгэдэг юм билээ.
Ц.Жамьянсэнгээ цагдаагийн албаны бүх шатны сургуулийг, тухайлбал дунд, дээд сургууль, удирдах ажилтан бэлтгэх академийг төгссөн юм. Ц.Жамьянсэнгээ Монгол Улсын Эрүүгийн цагдаагийн албаны бүх шатны албан тушаалд, тухайлбал туслах төлөөлөгч, жинхэнэ төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын дарга гээд албан тушаалд дараалан томилогдож ажилласан. Онол практик хоёр ийнхүү хосолж, дээр нь угийн хөдөлмөрч хичээнгүй зан нэмэгдэж тэрээр монгол төрийн уламжлалт эрхэм чанар бүрдсэн зүтгэлтэн болсон юм.
Ц.Жамьянсэнгээ бага дэслэгчээс бусад бүх цолыг, түүний дотор хурандаа цолыг хугацааны өмнө хүртсэн нь түүний амжилттай, үр бүтээлтэй ажиллаж байсны нэг баталгаа мөн. Цолыг хугацаанд нь олгох нь тэр бүр тохиодоггүй хугацааны өмнө олгоно гэдэг бүр ч ховор байсан тэр үед бүх цолыг тийнхүү хугацааны өмнө “гуядаж авсан” өөр хүнийг би мэдэхгүй. Ер нь олон байхгүй.
Ц.Жамьянсэнгээ Эрүүгийн цагдаагийн албыг удирдаж байх үед хүнд, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт Монголын цагдаагийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 92-98 хувьтай болсон юм. Энэ нь Эрүүгийн цагдаагийн албанд ажилтнуудыг сайн сонгож томилж байсан, эрүүгийн нөхцөл байдлыг зөв үнэлж, хүч хэрэгслийг зөв байршуулж чадмаг зохион байгуулсантай холбоотой.
Ц.Жамьянсэнгээ Эрүүгийн цагдаагийн албаны олон зуун ажилтныг сургаж хүмүүжүүлсэн билээ. Сүүлийн 20 гаруй жил эрүүгийн цагдаагаас төрсөн олон сайхан алдартнууд бүгдээрээ Ц.Жамьянсэнгээгийн цэргүүд, Ц.Жамьянсэнгээгээс хойш өнөөдөр ч түүний гараар хүмүүжсэн, зүгширсэн ажилтнууд Эрүүгийн цагдааг авч яваа бөгөөд энэ хэлхээ тасаршгүй үргэлжлэх болно.
Олон аавын хүүхдүүд дундаас эрүүгийн цагдаагийн гялалзсан ажилтан, сайхан хурандаа олон төрөх нь мэдээж. Гэхдээ Ц.Жамьянсэнгээг Эрүүгийн цагдаагийн дарга нарын нэг, сайхан хурандаа нарын нэг гэж хэлэхэд багадна. Тэр Монголын Эрүүгийн цагдаагийн албаны бөхөшгүй цөөн одын нэг болж мөнхөрсөн юм.
Ц.Жамьянсэнгээ Эрүүгийн цагдаагийн албаны хүрээгээр явцуурч байгаагүй, цагдаагийн бүх л албад ажлын талаар санаа тавьдгаараа УЕГ-ын бусад дэд дарга нар, албаны дарга нарт үлгэртэй байв. Цагдаагийн ерөнхий газраас хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай харилцах ажлыг жишээ болгон хэлж болно. Ц.Жамьянсэнгээгийн эвсэг харилцаа зохион байгуулах чадварын хүчээр Цагдаагийн ерөнхий газар, радио, телевиз сонинуудтай сайн ойлголцдог, байнгын шууд харилцаатай байсан нь ажилд тун тустай байсан даа. Аймаг дүүрэгт нэгээс хоёр хуучин УАЗ машинаас өөр унаагүй, техник хэрэгсэлгүй байсан тэр цагт цагдаагийн байгууллагыг унаа машин, холбооны болон тусгай хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулахад Жаамиа хурандаа уг ажлыг шууд хариуцсан ажилтнуудаас дутахгүй зүтгэл гаргасан.
Ц.Жамьянсэнгээг Монголын цагдаагийнхан ахлагчаас эхлээд генерал хүртэл бүгдээрээ “Жаамиа хурандаа” гэж дууддаг байв. Хүндэтгэл, элгэмсэг хоёрыг агуулсан энэ үгийг эрүүгийн хэрэгт холбогдсон “бүтэлгүй” эрс ч хэлдэг байсан. Тэр нэр хүнд өндөртэй, хүний мөсөөр сайн хүн учраас нийгмийн бүх давхаргад өргөн танилтай, ёстой “талын чинээ” хүн билээ.
Цагдаагийн байгууллага төрийн ба энгийн байгууллага хүмүүстэй хамтран ажиллах, тэдний тус дэмийг авахад хурандаагийн тэр чанар нь их хэрэг болдог байлаа. Жаамиагийн хөөцөлдсөн, хариуцсан ажил бүтэхгүй байх гэж бараг үгүй дээ.
Монголын Ц.Жамьянсэнгээ хурандааг олон улсын цагдаагийн удирдлага сайн мэддэг, Интерполын аливаа хурал, сургалтад үгийг анхааралтай сонсдог байсан юм. Манай улс Интерполд элсээд хоёрхон жил болоод Азийн бүсийн бага хурлыг нийслэлдээ зохион байгуулж, Интерполын шинэчилсэн шуурхай холбоонд хамгийн эхний ээлжинд холбогдоход Интерполын үндэсний төв товчооны анхны дарга хурандаа Ц.Жамьянсэнгээ гол үүрэг гүйцэтгэсэн.
Жаамиа бид хоёр хорь гаруй жил сайхан нөхөрлөсөн. “Таны ярилцлагад архивын материал олон орсон байна, цаас шагайхаа багасга, бие чинь гүйцэхгүй шүү” гэж утастах, “Ойрд уулзаж чадсангүй” гэсээр оройхон ороод ирэх нь надад үгүйлэгдэж байдаг.
Хүнтэй үнэнч нөхөрлөхөд сэтгэл, бас улайран зүтгэж олсон албан тушаалыг хувийн өмч мэт ойлгодог хариугүй амьтад элдвээр хавчиж, өө хайж арга барагдаж байхад миний ойрын нөхөр гэдгээ огтхон ч нуугаагүй ямагт Жаамиа хэвээрээ байх хүмүүжил ба мөстэй эр байсан. Харамсалтай нь хүний сайн нь насалдаггүй гэдэг ортой ч юм уу даа.
Гэргий С.Нарантуяа, таван сайхан хүүхэд нь ханийнхаа, аавынхаа хойноос яаж гашуудаж, яаж дурсч, нэр ба үйлсийг нь яаж мөнхөлж байгааг хараад ховорхон сайхан гэр бүл байж дээ гэж одоо л ойлгож байна. Иймд гэргий хүүхэд элбэг тааралдахгүй дээ гэж хэлэхээсээ би эмээхгүй байна.
“Тэр бидний сэтгэл зүрхэнд мөнх үлдэнэ” гэдэг үг сэтгэлийн гэхээсээ “жижүүрийн” үг хэлэхэд нэг их буруу болохгүй байхаа. Харин Жаамиаг олон насан туршдаа сайн сайхнаар дурсч явах болно гэдэг нь эргэлзээгүй. Тэдний нэг нь би билээ.
Цагдаагийн ерөнхий газрын
дарга асан, Гавьяат хуульч
Хошууч генерал Б.Пүрэв.
Эх сурвалж: ЦЕГ
|