Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 6 сарын 30

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.06.24-2019.06.30/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

Дотоодын цэргийн байгууллагаас команд-штабын үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгууллаа

Arslan.mn

Улсын онц чухал объектын хамгаалалтыг сайжруулах, алба хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын томилгоот бүлгийг оролцуулсан “Дулааны цахилгаан станцад тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн, дэлбэрэлт болсон үеийн үйл ажиллагаа” сэдэвт команд штабын үзүүлэх сургуулийг Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн байрлалд зохион байгууллаа. Энэхүү сургалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Зэвсэгт хүчний 084 дүгээр анги тус тус оролцон дулааны цахилгаан станцад тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн, дэлбэрэлт болсон үед талууд хэрхэн ажиллах талаарх команд-штабын сургуулийг 3 үе шаттайгаар зохион байгуулж ажиллав.

Нийслэлийн Цагдаагийн газар "Шилдэг тасаг, хэсгийн дарга, хороон цагдаа, эргүүлийн офицер, цагдаа жолооч" шалгаруулах болзолт уралдааны

шилдгүүдээ шагналаа

Arslan.mn

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл, гомдол нэг бүрт хүрч, хуулийн хугацаанаас нэг дахин богино хугацаанд шуурхай шалган шийдвэрлэх, хууль ёсны хариуг нэн даруй өгөх, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага, мэдээлэл, өргөдөл гомдлын тоог бодитойгоор бууруулах, удирдлагын манлайллыг дээшлүүлэх чиглэлээр “Шилдэг тасаг, хэсгийн дарга, хэсгийн байцаагч, хороон цагдаа, эргүүлийн офицер, эргүүлийн цагдаа жолооч” шалгаруулах болзолт уралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулсан. Уралдаанд Дүүрэг дэх цагдаагийн 15 хэлтсээс Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга 11, Шуурхай удирдлагын тасгийн дарга 6, хэсгийн дарга 2, хэсгийн байцаагч 23, эргүүлийн офицер 23, хороон цагдаа 17, эргүүлийн цагдаа жолооч 21 алба хаагчийн материал ирүүлсэн. Болзолт уралдааны хүрээнд идэвх зүтгэл гарган хамт олноо хошуучлан амжилттай оролцсон Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга 5, Шуурхай удирдлагын тасгийн дарга 3, Хэсгийн дарга 1, хэсгийн байцаагч 10, эргүүлийн офицер 10, хороон цагдаа 10, эргүүлийн цагдаа жолооч 10 нийт 49 алба хаагчийг шалгаруулж, эхний гурван байранд орсон нийт 18 алба хаагчийг Өргөмжлөл, гадаад улсад аялах эрхийн бичиг, мөнгөн шагналаар бусад алба хаагчдыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

БНТУ-ын хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас сургалт амжилттай зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас БНТУ-ын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг/ТИКА/-тай хамтран 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд дүн шинжилгээний чиглэлийн сургалтыг амжилттай зохион явууллаа. Сургалтын хаалтын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Дашням, “ТИКА”-ийн Ерөнхийлөгчийн зөвлөх, ноён Камил Колабаш, Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч, ноён Эмрах Устаөмэр, дэд координатор, хатагтай Зэкие Ташдэмир, Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн 2 дугаар зэргийн дарга Мустафа Чакыр, цагдаагийн 3 дугаар зэргийн дарга Али Сүкүллү, тасгийн дарга Оузхан Ачыкгөкз, ТИКА-гийн цагдаагийн сургалт хариуцсан мэргэжилтэн Нэрмин Батэмур нар болон бусад албаны хүмүүс оролцож, сургалтад оролцогчдод сертификат гардууллаа.Мөн Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч, ноён Эмрах Устаөмэр, цагдаагийн сургалт хариуцсан мэргэжилтэн Нэрмин Батэмур нарыг хүлээн авч, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

"Яараад яахав дээ" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ улс орон даяар зохион байгуулагдаж байна 

Arslan.mn

ЦЕГ-аас жолооч нарыг аюулгүй байдлаа ханган, тээврийн хэрэгсэл жолоодох дадал олгоход чиглэсэн "ЯАРААД ЯАХАВ ДЭЭ" аяныг улс орон даяар зохион байгуулж байна. Аяны хүрээнд өнгөрч буй долоо хоногт Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн замуудад сурвалжлах багууд ажиллалаа. Арга хэмжээний үеэр ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат хэлэхдээ "Жилд дунджаар 560-600 орчим зам тээврийн осол бүртгэгддэг. Амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан хотоос гарах орох замд хөдөлгөөн нэмэгддэг. Тээврийн хэрэгслийн хурдаа тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс бүрэн бүтэн байдлыг хангах, бага  насны хүүхдийг зөв тээвэрлэх дадал хэвшлийг суулгамаар байна. Эцэг эхчүүд дүрэм зөрчиж үр хүүхдэдээ  буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Энэ бүхнээс таны хүүхэд суралцаж давтана гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Зөвхөн би биш та би гэсэн зарчмаар замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй." хэмээн онцоллоо. Арга хэмжээний хүрээнд Дорноговь, Замын Үүд чиглэлийн авто замд зорчиж буй жолооч, зорчигч нарт ТЦА-ны лба хаагчид болон "Монголс" авто клуб-ын залуус урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч ажиллалаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд Оюу Толгой ХК, Мобиком корпораци, Таван богд ХК, Петровис, АПУ ХК зэрэг аж ахуйн нэгжүүд "Яараад яахав дээ"  аяныг дэмжин ажиллаж байна. 

М.Алтангэрэл: “Аюулгүй ажлын байр“ арга хэмжээний үеэр 896 ЗӨРЧИЛ илрүүлсэн

Arslan.mn

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас НМХГ-тай хамтран барилгын компаниудын ажлыг шалгасан талаар мэдээлэл хийлээ. Нийт 299 барилгад шалгалт хийхэд давхардсан тоогоор 896 зөрчил илэрсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын хэрэг бүртгэх албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг 2018 онд 89, амь насаа алдсан таван хэрэг бүртгэгдсэн нь, 2017 онтой харьцуулахад 21.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд дүн шинжилгээ хийж үзсний үндсэн дээр цагдаагийн байгууллагаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчилах зорилгоор 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаатай "Аюулгүй ажлын байр" арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.Арга хэмжээ 2 үе шаттай явагдсан. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллагын алба хаагчдаа тодорхой мэдээлэлтэй болгохоор сургалт явуулсан. Сургалтад 954 алба хаагчийг хамрууллаа. Хоёрдугаарт, ХАБ-ын 1,083 инженерт үзүүлэх сургалт явууллаа. Барилгын хамгаалах торыг хэрхэн хийсэн, талбайн эмх цэгц сэдвээр үзүүлэх сургалт явууллаа. Үүний дараагаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад биечилж шалгалт хийлээ. Ингэхдээ ААН, байгууллагуудад арга хэмжээ тооцохыг урьтал болгоогүй..." гэлээ. 

Цагдаагийн ахлах дэслэгч Н.Нямбаяр: Орон нутгийн  замд гарч буй осол гол төлөв гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед гарсан байдаг

Arslan.mn

ЦЕГ-аас зохион байгуулж буй "Яараад яахав дээ" аяны хүрээнд Орон нутгийн замуудад урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх үүднээс хяналт шалгалт хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Төв аймгийн замын цагдаагийн хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Н.Нямбаяр хэлэхдээ "Хэт ядарсан   үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь осол гарах томоохон шалтгаан болдог. Хол замд удаан жолоо барихад бие нь чилж зүүрмэглэдэг. Нүд ирмэхийн зуурт л осол гарна. Орон нутгийн  замд гарч буй осол гол төлөв гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед гарсан байдаг. Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 50 орчим хувь  буруу талдаа жолооны хүрдтэй. Ийм  тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэхдээ жолооч нар хугацаа зайгаа  буруу баримжаалдаг. Мөн  замын нөхцөл байдалд  тааруулж хурдаа тохируулахаа мэддэггүй. Таны тээврийн хэрэгсэл өндөр хүчин чадал бүхий үзүүлэлттэй байлаа ч замын нөхцөлд тааруулж хурдаа тохируулах хэрэгтэй.Та сайн жолооч байж болно, гэхдээ зам тээврийн осол гэдэг чинь анхаарал болгоомжгүй, санамсаргүй байдлаар хоромхон хугацаанд гардаг. Өнгөрсөн зун 188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар осолын гаралт буурсан аж. 2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явжээ. Мөн осолд өртсөн нийт авто машины 11 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна..." гэлээ. 

Нөхөрсөг тоглолт зохион байгууллаа

Arslan.mn

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн сагсан бөмбөгийн шигшээ багууд нөхөрсөг тоглолтыг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Хүч” спорт хорооны зааланд зохион байгууллаа. 

“Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны цогцолбор хорооллын барилгын явц, замын ажилтай танилцлаа

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангалт үйлчилгээний төвийн урд талд “Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны цогцолбор хорооллын эхний I, II дугаар ээлжийн 360 айлыг 2017-2018 онд барьж ашиглалтанд оруулаад байгаа юм. Энэ хорооллын гурав дахь ээлжийн 180 айлын орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлүүлэн энэ оны 12 дугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хотхон хүртэлх 0,85км автозамын ажил 2019 оны 5 дугаар сард эхэлж, энэ оны 7 дугаар сарын эхний 10 хоногт багтаан Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Энэ зам ашиглалтанд орсоноор Цагдаагийн ерөнхий газрын Хангалт, үйлчилгээний төв болон тухайн хороонд байрлаж буй төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд автозамаар холбогдож байгаа юм. Мөн 240 хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэн 2019-2020 онд барихаар болсон байна. Дээрх орон сууцны барилга болон замын ажлуудтай Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа П.Батбаатар газар дээр очиж танилцан, холбогдох үүрэг, чиглэлүүдийг өгч ажиллалаа. 

“Хар тамхи, мансуурлах бодис, түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-т зориулан урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэлээ

Arslan.mn

Монгол Улсад Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлах ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын хамтран баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу “Хар тамхи, мансуурлах бодис, түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд өчигдөр /2019.06.26/ Улаанбаатар хотын Буянт-Ухаа дэх хилийн боомт, Орхон аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Өмнөговь аймгийн Гашуун Сухайт дахь хилийн боомтуудад өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулж, орон нутгийн Засаг дарга, засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагч, ХЗДХЯ-ны төлөөлөл болон Гадаадын иргэдийн харъяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газартай хамтран, хилийн боомтоор зорчиж байгаа иргэдэд хар тамхи, мансууруулах бодисын хор аюул, энэ төрлийн эм, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, яриа таниулга хийн, төрийн байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулан ажиллаа. Тус арга хэмжээний хүрээнд  мэргэжлийн байгууллагуудын хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэлийг илрүүлэх, тандан судлах, шинжлэх чиглэлээр үйл ажиллагаандаа ашигладаг багаж, техник тоног төхөөрөмж, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, Олон улсын Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хонконг, Улаанбаатар-Токио, Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Франкурт 6 чиглэлийн 6 нислэгээр Монгол улсын хилээр нэвтэрч байгаа 400 иргэд зорчигчидод зориулан гадаад улсад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх агуулга бүхий гадаад паспортын хавчуургыг тараан ажиллажээ. 

Х.Сайнжаргал: Хар тамихтай тэмцэх газарт 109 хэрэгт 207 хүн холбогдон шалгагдаж байна

Arslan.mn

Жил бүрийн зургаадугаар сарын 26-ны өдрийг "Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн эсрэг" олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Энэ өдрийг тохиолдуулан нийт хүн амын дундах ойлголт мэдээллийг сайжруулах, мансууруулах бодисын хэрэглээнээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, СЭМҮТ, ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Сайнжаргал “Монгол Улсад энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тусам 30-35 хувиар нэмэгдэж байна. Тус гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуус эзэлж байгаа нь харамсалтай. Энэ оны зургаадугаар сарын байдлаар хар тамхитай тэмцэх газарт 109 хэрэгт 207 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад хэрэг 8.3 хувиар өссөн бол, холбогдогчдын тоо 2.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд олон улсын шуудан илгээмж ашиглан мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн үйлдэл ихсэх хандлагатай болсон. Энэ оны зургаадугаар сарын байдлаар улсын хилээр хар тамхи мансууруулах бодис нэвтрүүлсэн 16 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас шуудан илгээмж ашиглан 11 гэмт хэрэг үйлдсэн" гэлээ.

ЦЕГ: “Аюулгүй ажлын байр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх алба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Уг арга хэмжээний хүрээнд дүүргүүд дэх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа барилга, тоног төхөөрөмж ашигладаг үйлдвэрүүдийн хөдөлмөр хамгааллын 102 инженерт сургалтыг зохион байгуулсан байна. Мөн Хэрэг бүртгэх албаны алба хаагчид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч нарын хамтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 41 барилга, тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагад “Хөдөлмөрийн тухай”  хууль, ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тэдгээрийг дагаж гарсан дүрэм журмын хэрэгжилтийг хангуулахаар /4.6/ кодтой Хөдөлмөрийн харилцааг шалгах хуудас, /4.1.2/ кодтой хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар тус тус шалгалтын ажиллагааг явуулахад 35 барилга “Барилгын эмх цэгц шаардлага хангахгүй, барилгын захын хийцийн хамгаалалт, хамгаалах тор хийгдээгүй, гадна болон дотор талд аюулгүй ажиллагааны самбар тавигдаагүй, алба хаагч ажилтанг хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасаар хангаагүй, ажлын зааварчилгаа өгөөгүй, сургалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлэн мэргэжлийн хяналтын байцаагч баримт бичигт үзлэг хийхээр түр хураан авч зөрчлийн бүртгэлд бүртгэн ажиллаж байна.

Эргүүл хамгаалалтын газраас алба хаагчдын бие бялдарын бэлтгэлжилтийн шалгалт авлаа

Arslan.mn

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын ажлын хэсэг, багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан бие бялдарын түвшин тогтоох шалгалтыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээнд зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 948-д зааснаар алба хаагчдын бие бялдарын шалгуур үзүүлэлтийг тодорхой түвшинд байлгах, биеийн зохист харьцааг хадгалах, хөгжүүлэх, бодит түвшинг тогтоох мэргэжлийн чадварыг дээшлүүлэх чиглэлээр алба хаагч тус бүр дээр 3000 метр, 100 метрийн гүйлт, гар дээр суниалт, гэдэс таталт, босож суух гэсэн 5-н төрлөөр шалгалт авч алба хаагчдын бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг тогтоон ажиллажээ.

Энэ оны эхний 6 сарын байдлаар 9220 хүн эрүүлжүүлэгджээ

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас санаачлан Нийслэлийн Цагдаагийн газар болон Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвтэй хамтран ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Л.Цогтхүү, Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Адьяахүү, Эрүүлжүүлэх, саатуулах төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр болон тус төвийн нийт алба хаагчид бүрэн хамрагдсан байна. Тус төвд энэ оны 6 дугаар сарын 20-ны байдлаар 9220 хүнийг эрүүлжүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 32,9 хувиар, 346 хүнийг албадан саатуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 16,1 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.

“Яараад яахав дээ“ самбарыг орон нутгийн автозамуудад байрлууллаа

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны даргын өгсөн үүргийн дагуу "Орон нутгийн зам хөдөлгөөний соёл" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас “Яараад яахав дээ" самбарыг Мөрөн-Булган чиглэлийн А0902, Хатгал-Мөрөн чиглэлийн А1101 дугаартай автозамуудад 3 самбар байрлуулж жолооч, зорчигч нарт мэдээлэл өгч ажиллаж байна. Иймд жолооч та бүхэн замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж, аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

"Хар тамхи, мансууралтай тэмцэх дэлхийн ѳдөр"-ийг тохиолдуулан Орхон, Ѳмнѳговь аймагт сургалт зохион байгууллаа

Arslan.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран  “Хар тамхи, мансууралтай тэмцэх” дэлхийн өдрийг тохиолдуулан Орхон аймагт сургалт зохион байгуулж, иргэдэд мэдээ мэдээлэл өгч ажиллаж байна. Мөн энэ өдрийг Ѳмнѳговь аймгийн Гашуун сухайт боомтод нүүрсний тээврийн жолооч нартай тэмдэглэн ѳнгѳрүүлж, сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж байна. Мөн зорилтод бүлгийн иргэдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ажилтнуудтай хамтран хор хөнөөлийн талаарх сургалт мэдээллийг зохион байгуулахын зэрэгцээ тухайн аймгуудын хилийн боомтод ажиллаж буй хууль сахиулах байгууллагын алба хаагчдад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд анхаарах асуудал сэдвээр мэргэшүүлэх сургалтыг тус тус зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд хариуцсан хорооны гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 30 хувиар буурчээ Arslan.mn

Нийслэлийн Цагдаагийн газар иргэд, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 139 өргөдөл гомдол хүлээн авч, хуулийн хугацаанаас нэг дахин богино хугацаанд шалгаж шийдвэрлэсэн бөгөөд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 2 гэмт хэргийг нөхөн илрүүлж, оршин суугаа газраас сураггүй алга болсон 1 хүнийг эрэн сурвалжлан олж тогтоолоо. Ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж байнга архидан согтуурдаг 15 иргэнийг “АА нийгэмлэг” “Монгол өрх, сэтгэл зүйн хүрээлэн” байгууллагын сургалтад хамруулсан.  Дүүргийн хэмжээнд зохион байгуулсан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, ”Иргэдээ дэмжье” аяны хүрээнд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллгаа явуулдаг 196 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга, нөлөөллийн ажил зохион байгуулж ажилласнаар хариуцсан хорооны гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай, бодитой хүргэж ажилласны үр дүн юм. Иймд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 5 дугаар хорооны цагдаа, цагдаагийн ахлагч Б.Батзаяа болон түүний гэр бүлд нь талархал илэрхийлж, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсье.

 

Arslan.mn

Нийслэлийн Цагдаагийн газраас IDLO олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн 9 дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокуроруудтай хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтын үеэр гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, дуудлага, мэдээллийг хэрхэн шалгаж, хүчирхийллийн хохирогчийг хэрхэн хамгаалах, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчилд заасан “сэтгэл санааны хүчирхийлэл” буюу ар гэртээ агсам тавьсан, хэл амаар доромжилж айлган сүрдүүлсэн үйлдлүүдийг шалгаж нотлоход анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Төв аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдынхаа хүүхдүүдийг англи хэлний сургалтанд хамруулж байна 

Arslan.mn

Төв аймгийн Цагдаагийн газраас алба хаагчид руугаа чиглэсэн олон талын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Энэ удаад тус цагдаагийн газрын дэргэдэх "Хөгжлийн өргөө"-нд алба хаагчдын хүүхдүүдэд англи хэлний анхан шатны дугуйланг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Уг сургалтанд алба хаагчдын хүүхдүүд идэвхтэй хамрагдаж, хүүхдүүдэд ч их сонирхолтой байгаа талаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна. 

Завхан аймгийн Цагдаагийн газраас "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгууллаа 

Arslan.mn

Завхан аймгийн Цагдаагийн газраас Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус сумын цагдаагийн хэлтсээс хууль хяналтын байгууллагуудтай хамтран нээлттэй хаалганы өдрийг Баянхайрхан сумын иргэдэд энэ оны 06 дугаар сарын 20-ний өдөр зохион явууллаа. Энэ үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, танин мэдэхүйн АХА тэмцээн зохион явууллаа.

Завхан аймгийн Цагдаагийн газар "Сахилга хариуцлагын зөвлөгөөн" хийлээ

Arslan.mn

Завхан аймгийн Цагдаагийн газрын 2019 оны эхний хагас жилийн сахилга хариуцлагын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд цагдаагийн газрын удирдах ажилтнууд, төвийн алба хаагчид бүрэн хамрагдаж, Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Отгонбаяр цагдаагийн алба хаагчдын 2019 оны эхний хагас жилийн сахилга хариуцлагын байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр албан хаагчид гаргасан амжилт дутагдлаа үнэлж дүгнэж, цаашид хэрхэн сахилга хариуцлагын зөрчил дутагдал гаргахгүй ажиллах талаар уриалга дэвшүүлсэн. Цагдаагийн газрын даргаас нийт алба хаагчдыг цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг чанд сахин биелүүлж ажиллахыг үүрэг болголоо. Сахилгын зөвлөгөөний үеэр тус цагдаагийн газарт шинээр томилогдсон 4 алба хаагчийг хүлээн авч, дурсгалын зүйл гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар Сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгууллаа

Arslan.mn

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны хагас жилийн Сахилгын зөвөлгөөн боллоо. Зөвөлгөөний үеэр цагдаагийн газрын ахлах албан хаагчдын дунд зохион байгуулсан тэмцээний шагналыг гардуулав. Тэмцээний тэргүүн байрыг ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Э.Шижир, дэд байрыг ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Х.Гантулга, гутгаар байрыг эдийн засгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Б.Балжинням нар эзэллээ. Тус зөвөлгөөнөөр алба хаагчдын сахилгын арга хэмжээ авагдсан шалтгаан нөхцлийн талаар хэлэлцэж алба хаагчдаас гаргасан санал хүсэлтийг шийдвэрлэж зөвлөгөөнөөс Алба хаагч бүр өөрийгөө өөрчлөе уриаг сүүлийн хагас жилд мөрдлөг болгон ажиллахаар боллоо.

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар хагас жилийнхээ Сахилга хариуцлага, ёс зүйн зөвлөгөөнөө хийлээ

Arslan.mn
Дорнод аймгийн Цагдаагийн газрын 2019 оны эхний хагас жилийн сахилга, ёс зүйн зөвлөгөөн 2019 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдаж, нийт бие бүрэлдэхүүн хамрагдан, Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжын дагуу жагсаалын үзлэгээр эхэлж, алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгасан байна. Зөвлөгөөнд Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Отгонбаатар Цагдаагийн газрын 2019 оны эхний хагас жилийн алба хаагчдын сахилга ёс зүй, харилцаа, хандлага, гаргаж буй алдаа дутагдлын талаар танилцуулсан бөгөөд тасаг албадын дарга нар тасгаас зохион байгуулсан онцлог арга хэмжээ, алба хаагчдын ажлын хариуцлагын талаар мэдээлэл хийж, алба хаагчдаас санал шүүмжлэл хэлэлцүүллээ. Сахилгын зөвлөгөөнтэй холбогдуулж цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг алба хаагчдад хандан сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр 12 төрлийн “Зөвлөмж, ажлын чиглэл”-ийг өгч, бусаддаа үлгэр жишээ болон ажиллаж байгаа 10 алба хаагчийн “Сайн туршлага”-ыг нийт алба хаагчдад танилцуулж, 2019 оны 2 дугаар улиралд сахилгын зөрчил гаргасан алба хаагчдад “Албан мэдэгдэл”, бусдыгаа манлайлан ажиллаж, зөрчил дутагдалгүй хамт олноор шалгарсан Шуурхай удирдлагын тасаг, Захиргааны удирдлагын тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Чойбалсан хотын цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны дарга нарт “Талархал” гардуулан өгсөн байна. Арга хэмжээнд Аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Э.Нандин-Эрдэнэ “Ашиг сонирхлын зөрчил”, Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Г.Мөнгөнтуул эерэг хандлага сэтгэлгээ, харилцааны талаар “Харилцааны ёс зүй”, Аймгийн Тагнуулын газрын дарга “Төрийн болон албаны нууцыг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах” чиглэлээр алба хаагчдад сургалт орсон байна. Мөн Аймгийн Прокурорын хяналтын прокурор Б.Батжаргал эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гарч буй алдаа дутагдлын талаар хэлэлцэв. Зөвлөгөөний төгсгөлд зөрчилгүй тэргүүний манлайлагч хамт олон болох зорилгоор “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, албандаа хандах хандлагаа өөрчилье” уриалгыг гаргаж, нийт алба хаагчид цаашид сахилга, ёс зүйн зөрчил дутагдалгүй, ажлын үр дүнг дээшлүүлэн ажиллах талаар санал нэгтэй гар өргөн баталсан байна.

Дорнод аймгийн Цагдаагийн газар хөдөлгөөнт эргүүлийн 3 шинэ авто машинтай боллоо

Arslan.mn

Цагдаагийн албаны техник хэрэгсэл, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор тус Дорнод аймгийн Цагдаагийн газарт орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хөдөлгөөнт эргүүлийн 3 шинэ автомашиныг гардуулах үйл ажиллагаа 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газрын гадна талбай дээр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг нар оролцон жолооч нарт ажилд нь амжилт хүсэн, автоамашины түлхүүр гардуулан өгсөнөөр хөдөлгөөнт эргүүлийн автомашинууд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхээр хөдөллөө. Орон нутгийн удирдлагаас гудамж талбайд тавих хяналтыг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очиход шаардлагатай байсан хөдөлгөөнт автомашины тоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа нь сайшаалтай байв.

Дорнод аймгийн Цагдаагийн газрын албх хаагчид "Эв модны наадам"-д амжилттай оролцлоо

Arslan.mn

Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болсон "Эв модны наадам"-ын спортын үйл ажиллагаа Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газарт 2019 оны 06 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Уг спортын арга хэмжээнд тус аймгийн Цагдаагийн газрын “Мөрдөстнүүд” багийн тамирчид оролцон түрүүлж, “Өргөмжлөл”, алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Ингэснээр "Мөрдөстнүүд" баг 2019 он гарсаар 3 дахь тэмцээндээ түрүүлж, Алтан медалийн эзэд болсон байна. Тамирчиддаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье. 

“ЭРҮҮГИЙН ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА-БИДНИЙ БАХАРХАЛ” дурсамжит уулзалтыг зохион байгууллаа

Arslan.mn


Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ЦБҮАЖ /код-940/ “Соёл, соён гэгээрүүлэх ажил”, Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн баярыг тохиолдуулан эрүүгийн эрэн сурвалжлах албанд ажиллаж байсан цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагч нарыг хүлээн авч, Дорнод аймгийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийг хамарсан “Эрүүгийн эрэн сурвалжлах алба-Бидний бахархал” дурсамжит уулзалтыг зохион байгууллаа. Дурсамжит уулзалтанд цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Хүдэрчулуун, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Н.Болдсайхан, цагдаагийн бэлтгэл хошууч С.Хадбаатар, цагдаагийн бэлтгэл хошууч Т.Намсрайжав, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Ц.Мөнхжаргал нар оролцон, алба хаагч нарын асуултанд хариулт өгч, гэмт хэрэг илрүүлэх арга техник, ажиллаж байсан үеийн арвин туршлагаасаа хуваалцлаа.  Арга хэмжээний төгсгөлд хүрэлцэн ирсэн ахмадууддаа амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, “Дурсамж”, дурсгалын зүйлс хадгалуулан хүндэтгэл үзүүлсэн байна.

“German shepherd championship 2019” тэмцээн зохион байгуулагдаж байна

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн түүхт 75 жилийн ойн хүрээнд, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит “Нэргүй сан”, “Монгол дахь Герман хоньч нохойн холбоо” хамтран зохион байгуулж буй “German shepherd championship 2019” тэмцээн өнөөдөр /2019.06.30/ амжилттай зохион байгуулагдаж байна.Энэхүү тэмцээн нь Онцгой байдлын ерөнхий газрын аврах 029 дүгээр ангийн талбайд зохион байгуулагдаж нийт 14 төрөлд 115 ноход оролцож байгаа юм. “German shepherd championship 2019” тэмцээний нээлтэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын эрэлч нохойн албаны дарга, ахмад Ш.Отгонжаргал, “Нэргүй сан”-гийн тэргүүн Н.Дамдинсүрэн, Монголын Герман хоньч нохойн холбооны ерөнхийлөгч О.Соронзонболд болон бусад албаны хүмүүс, нохой сонирхогчид оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605402
4 эможи

Зочин
2019-06-30 17:33
Сайн хийлээ!
keyboard_arrow_up