Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 12 сарын 15

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.12.09-2019.12.15/ Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Д.ЯДАМДОРЖ: Энэ онд гэмт хэрэг 5000 орчим хэргээр буюу 20 хувиар БУУРСАН

Arslan.mnЦагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржтой нийслэл хотын гэмт хэргийн нөхцөл байдал, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа  зарим бодлого чиглэлийн талаар  ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...өмнөх удирдлагуудын эхлүүлсэн бодлогын чанартай ажлуудыг уламжлан хэрэгжүүлэх, нөхцөл байдалтайгаа уялдуулан өргөжүүлэх, шинэлэг зүйлүүдээр баяжуулах, санаачлах гээд  ёстой л амсхийх завгүй өнөөдрийг хүрсэн байна. Үүний үр дүнд гэмт хэрэг 2019 оны эхний 11 сард 4633 хэргээр буюу 19,4 хувиар буурсан. Хэргийн илрүүлэлт 38,4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10,4 хувиар өссөн зэрэг чамлахааргүй үр дүнтэй шинэ онтойгоо золгох гэж байна. Ирж байгаа дуудлага, хэрэг нэг бүрийн тоогоор хүн хүч, тээврийн хэрэгсэл, шатахуун гээд эдийн засгийн болон эрх зүйн үр дагавар, хүн хүчний асуудал яригддаг. Хэрэг нэг хувиар буурах нь хүртэл ач холбогдолтой. Тэр хэмжээгээрээ нэг хувь өсөхөд л  дээрх хүн хүч, төсөв санхүү нэмэгддэг учиртай. Энэ жил Нийслэл хотын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг 2779 хэргээр буюу 30,7 хувь, халаасны хулгай 792 хэргээр буюу 63,7 хувиар, дээрэмдэх 620 хэргээр буюу 46,3 хувиар, залилах  623 хэргээр буюу 14,6 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй  байдлын эсрэг гэмт хэрэг 582 хэргээр буюу 10,8 хувиар тус тус буурсан үр дүн гарлаа..." хэмээн онцолжээ. 

Н.МӨНХ-ИТГЭЛ: Цагдаагийн байгууллага 2019 онд гэхэд л нийт найман АЯНЫГ зохион байгуулж, БОДИТ ҮР ДҮНД хүрлээ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэлтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Цагдаагийн байгууллага сүүлийн жилүүдэд гэмт хэргийг үйлдсэнийх нь дараа ихээхэн хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулж илрүүлэх биш, харин урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, гаралтыг бууруулах бодлого баримтлан ажиллаж байна. Тийм ч учраас гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийн судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх ажлыг иргэдийн эрх зүйн боловсрол, тухайн гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, нийгэмд эерэг хандлага төлөвлшүүлэхэд чиглэсэн нөлөөллийн шинжтэй ажлуудыг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн статистик тоон мэдээнээс харахад, улсын хэмжээнд энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар 28.599 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2926 хэргээр буюу 9.3 хувиар буурсан хэдий ч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 884 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 18 хэргээр буюу 2.1 хувиар өссөн бөгөөд ихэвчлэн 25-40 насны хүмүүс үйлдсэн байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн үр дүнд иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох болон дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчил болон иргэд, байгууллагад учрах хохирол буурсан эерэг үзүүлэлтүүд их гарсан..."гэжээ. 

Европын холбооноос ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс “ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАГЧ” шагнал хүртсэн байна

Arslan.mn

Олон улсын хүний эрхийн өдрийг  тохиолдуулан Европын холбооноос хүний эрхийн төлөө тэмцэгчдийг шагнажээ. Тодруулбал,  Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн эрхийг хамгаалах, хууль сахиулах чиглэлээр зохион байгуулж буй ажлыг үнэлж “ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАГЧ” шагналыг олгосон байна. Тус шагналыг Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэст манай Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа өчигдөр буюу энэ сарын 9-ны өдөр гардуулан өгчээ. 

М.Энхбаатар: “Амрыг эрье” гээд ёсолтол жолооны ард хүүхэд сууж байхыг хараад маш их гайхсан

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт 10-15 насны таван хүүхэд хулгайлсан автомашинаа жолоодоод хотын төвд явж байсан хэрэг гарсан билээ. Тэдгээр хүүхдүүдийг замын хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлсэн Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн Теле камер хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад М.Энхбаатартай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсээс зам тээврийн хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс долоо хоногт 1-2 удаа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулдаг. Тухайн өдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр, 14 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг “Интер ном" дэлгүүрийн зүүн талын зам дээр шалгалт хийж байсан юм. Тэгтэл зам тээврийн осол хийсэн байж болзошгүй шинжтэй, мөнгөлөг саарал өнгийн "Toyota Ist" маркийн автомашин хөдөлгөөнд оролцож байхаар нь дохиж зогсоосон. Тэгтэл тэр машинд дунд сургуулийн сурагчид буюу 11, 12 орчим насны таван хүүхэд суугаад нэг нь жолоо барьж явсан. Тэгэхээр нь “Энэ ямар учиртай, хэний машин бэ” гэж асуулаа. Тэгтэл жолоо барьж явсан хүүхэд “Аав сая дэлгүүр рүү орчихоор нь бид хөдөлгөчихлөө” гэсэн. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягийг нь олтол хоёр хүний нэр гарч ирсэн. Тэмдэглүүлсэн хоёр дугаар руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь хэлтсийн даргадаа “Насанд хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд машин бариад явж байна" гэж мэдэгдээд Тээврийн цагдаагийн Урьдчилан сэргийлэх албаны ахлагчтай даруй холбогдоод нөхцөл байдлыг танилцуулсан. Хүүхдүүд тухайн тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүрэгт гудамжинд асаалттай байхад нь хулгайлж унаад Телевизийн замаар уруудаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр рүү орж ирсэн гэж өөрсдөө ярьсан. “Манай аав машинаа орхиод явчихсан болохоор би хичээлээсээ хоцрох гээд байсан болохоор унаад яваад ирлээ” гэдэг зүйлийг эхний удаад ярьсан. Ингээд тэдгээр хүүхдүүдийг Тээврийн цагдаагийн Урьдчилсан сэргийлэх албанд унаж явсан машинтай нь хүлээлгэж өгсөн..." гэлээ. 

“Цагаан хад“ орчимд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг уурхайг цагдаагийнхан шалгаж байна

Arslan.mn

Өмнөговь аймагт нүүрс тээврийн жолооч нар, хууль бус уурхай зэргээс үүдэн гэмт хэрэг, зөрчлийн уул уурхай гэж нэрлэж болохуйц газар болжээ. Тэнд өдөр бүр авто осол, архидан согтуурах, дээрэм, хулгай, хууль бусаар байгалийн баялаг олборлох зэрэг олон төрлийн гэмт хэргүүд гарсаар. Харин Төрийн эрх мэдэл бүхий хуулийнхан арга хэмжээ аваад ч тэднийг дийлэхгүй байсаар байгаа юм. Цагаан хад орчимд хууль бус тээврээс гадна хамгийн ноцтой асуудал нь хууль бусаар үйл ажиллагаагаа явуулдаг уурхай нар олширсон байдаг аж. Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан баг Цагаан хаданд хууль бус уурхай үйл ажиллагаа явуулж байна гэх гомдол иржээ. Тодруулбал, дээрх газарт үйл ажиллагаагаа явуулдаг “Хар алтан уул” ХХК нь  түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар зохих шатны зөвшөөрөлгүй явуулсан гэдгийг тус аймгийн Засаг даргын тамгын газраас албан бичиг гарган баталгаажуулсан байна. Тус уурхайд удаа дараа хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан бичиг илгээж байсан боловч одоог хүртэл ажилласаар байгаа тул ийнхүү цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тус уурхайг хууль бус гэсэн албан бичиг цагдаагийн байгууллагад ирсэний дагуу арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн битүүмжлэн шалгаж буй бөгөөд үйл ажиллагаа эрхэлсэн холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч байгаа юм байна. Дээрх хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт нарийвчлан шалгаж байна.

“ОйлГОЁ ХҮНдэлье” арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж байна

Arslan.mn

Сонгиохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас Гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, зорилготой хүчирхийллийн эсрэг “ОйлГОЁ ХҮНдэлье” урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж байна. Мөн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "СӨХ", цэвэр ус түгээх цэг, аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийн самбарт зурагт хуудас байршуулан ажиллаж байна.

Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургагч багш бэлтгэх сургалт амжилттай явагдлаа

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Монгол цэргийн нэгдсэн холбоо Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран Хүчирхийллээс  урьдчилан сэргийлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг “Орхон” их сургуулийн байранд 2019 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтын нээлтэнд МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Мөнх-Итгэл нар оролцож, суралцагчдад амжилт хүсч үг хэллээ.  Сургалтанд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дэргэдэх ахмадын холбоодууд, тэдгээрээс бэлтгэл чөлөөнд гарсан ахмад дайчдын байгуулсан Төрийн бус байгууллагуудын гишүүд 50 ахмад дайчин, Орхон их сургуулийн хуулийн ангийн 3-4 дүгээр дамжааны 20 гаруй оюутнууд хамрагдлаа. 

Ахлагч нар баяраараа зорилтот бүлгийн өрхүүдэд тусламж үзүүлэв

Arslan.mn

Монголын Цагдаагийн байгууллагын “Ахлагч нарын баярын өдөр”-ийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын ахлагчид зорилтот бүлгийн өрхүүдэд тусламж үзүүллээ. Тус аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний 50 орчим хувийг ахлагчид эзэлж байна. Тэд сонгосон өрхүүддээ түлээ нүүрс болон хүүхдийн хичээлийн бүтэн жилийн хэрэгсэл, шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан иж бүрэн чимэглэлтэй гацуур мод, бэлэг зэргийг гардуулан өгчээ. Цагдаагийн газрын дэргэдэх ахлагч нарын зөвлөл байгуулагдаад зургаан жил болж байна. Бид жил бүр баяраа тэмдэглэдэг ч энэ удаад арай шинэлэг хэлбэрээр, өөрөөр хэлбэл баярынхаа өдөр бусдыг баярлуулъя гэж шийдсэн. Сонгосон өрхүүд маань ч үнэхээр бидний бэлдсэн зүйлс хэрэгтэй айл өрхүүд байсанд баяртай байна. Ер нь манай ахлагчид ямар нэг үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Бид хамт олноороо сэтгэл, гар нийлж олон ажлын ард гардаг. Миний хувьд ахлагч нарын зөвлөлийн даргын ажлыг аваад удаагүй байна. Цаашид хамт олноо идэвхжүүлэх ажлаас гадна хүмүүнлэг, тусламжийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Ахлагч нарын зөвлөлийн дарга, цагдаагийн ахлагч М.Сүх-Очир хэллээ.

“Зөв хэвшил, хандлага-II” аяны хүрээнд ЭЦА-наас хийсэн ажлаа тайлагнаж байна

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдын баталсан “Зөв хэвшил, хандлага-II” аяны хүрээнд Эрүүгийн цагдаагийн албанаас дараах ажил, арга хэмжээг зохион явуулжээ. Аяны удирдамж, төлөвлөгөөг албаны нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, албаны бүтцийн нэгжийн газар, хэлтсээс хийж хэрэгжүүлэх ажлын саналыг авч нэгтгэн алба хаагчдын сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлж, нөлөөлөх замаар аливаа төрлийн сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Зөв хэвшил, хандлага-II” аяныг албаны хэмжээнд зохион явуулах 12 заалт бүхий салбар төлөвлөгөөг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр батлуулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээг зохион явуулсан байна. 

Төв аймаг дахь Цагдаагийн газраас "Ойлгоё Хүндэлье" аяны хүрээнд ажлууд зохион байгуулж байна 

Arslan.mn

Төв аймаг дахь цагдаагийн газраас "Ойлгоё, хүндэльe" нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний 016-р бригадын алба хаагч нарт Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Түвшинбат, ГБХ,ХГХУСАМ, цагдаагийн хошууч Н.Нарантуяа нар "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийн онцлог, Гэр бүлийн харилцаа хандлага, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж "Атгаж далайсан гарнаас, Энхрийлж тэвэрсэн гар хүчтэй" аянд нэгдэн гарын үсэг зурлаа.

Төв аймагт "Зөв хэвшил, хандлага" аян үргэлжилж байна

Arslan.mn

Төв аймгийн Эрдэнэ сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагч нар "Зөв хэвшил, хандлага-2" аяны хүрээнд Эрдэнэ сумын Цагдаагийн хэсэгт жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан П.Баасанхүү агсаны гэр бүлд нэг машин нүүрс, сарын хүнсний хэрэглээ,сэтгэл санааны тусламж үзүүлж зөв хэвшил хандлагыг бий болгон ажиллаж байна. 

"ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АХЛАГЧ НАРЫН БАЯРЫН ӨДӨР-ИЙГ " ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Arslan.mn

Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас ахлагч нарын баярыг Гэр бүлийнхээ төлөө "Ойлгоё-хүндэлье", "Зөв хэвшил хандлага" уриан дор гэр бүлийн гишүүдийг хамруулан зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр байгууллагын офицер бүрэлдэхүүнээс ахлагч нэг бүрт сюрприз барьж, гэр бүлийн гишүүдийн дунд "Аав ээж би" хөгжилтэй буухиа, Скат буудлага болон Дартсын тэмцээн зохион байгуулж, тэмцээн түрүүлсэн гэр бүлийн гишүүдийг өргөмжлөл, медалиар шагнаж урамшууллаа.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ШАТАР, ДААМНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Arslan.mn

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас 2019 оны Цагдаагийн газрын аварга шалгаруулах шатар, 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.
Шатрын төрөлд Тэргүүн байрыг НХЖХТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Батжаргал, дэд байрыг мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч О.Батдорж, 3-р байрыг ЗУТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Төмөрмөнх нар, Даамны төрөлд тэргүүн байрыг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Р.Буянхүү, дэд байрыг, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Өнөрбаяр, 3-р байрыг хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Дүүрэнбаяр нар эзэлж, эмэгтэйчүүдээс Тэргүүн байрыг бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн ахлах ахлагч О. Төмөртогоо, дэд байрыг цагдаагийн хошууч Б.Оюунчимэг, 3-р байрыг цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Цэцэгбаяр нар эзэлж, өргөмжлөл медалиар шагнагдлаа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611599
2 эможи

keyboard_arrow_up