Битүүний өдөр болон түүнээс өмнө заавал хийх ёстой ЗҮЙЛС
Билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт саран үл үзэгдэх битүү харанхуй байдаг тул Сар шинийн өмнөх өдрийг “Битүүн” хэмээн нэрийдсэн байна.
Билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт саран үл үзэгдэх битүү харанхуй байдаг тул Сар шинийн өмнөх өдрийг “Битүүн” хэмээн нэрийдсэн байна. Монголчууд өвлийн адаг сарын 30-ныг буцаж байгаа буурал жилийн отголох өдөр буюу хуучин оны битүүрэн хангирсах цаг хэмээн бэлгэдэн сэтгэж, тэрхүү бэлгэдлийг бас зан зүйлээр бататган үдэх ёс заншилтай байжээ. Ингээд бид битүүний өдөр болон түүнээс өмнө заавал хийх ёстой зүйлсийг хүргэж байна.
1.Өр зээлээ барагдуулах
Өвлийн адаг сар буюу “Лавай” сарын хорин гуравнаа галын тахилга хийсэн цагаас хойш дөтлөн ирж буй шинэ ондоо хуучин улирлын өр шир, өглөг авлагыг дамжуулахгүй байхыг туйлаас хичээж, хүн амьтнаас зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эгүүлэн өгвөл зохилтой.
2. Ам мурийсан хүнтэйгээ эвлэрэх
Урьдын муруй мулгуй хоёроо завдан засахын тул эв түнжин эвдэрсэн, ам хамар муруйсан хэн хүнтэй ч гэсэн зориуд уулзан учирч таатай сайн үгийг ярьж тамхиа шившилцэн, “хонзон санахгүй, хоёр биедээ өс өвөрлөхгүй” явах учраа хэлэлцэн муу мундар бүхнээ сэтгэлийн мухраас үлдэн хөөх ёстой.
3. Идээ ундаагаа бэлдэх
Өвлийн адаг сарын 25-наас эхлэн битүүлэг цагаалгын идээг гэр хотлоороо хамжин дэмжин бэлтгэх бөгөөд бууз хийж, банш чимхэж хөлдөөхийн дээр идээний боов, зараалын боовыг чихэр бурам шар тосоор амтлан хийж чанадаг.
4. Орон гэрээ цэвэрлэх
“Лавай” сарын 29-нд айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо тоос товрогийг үргээж, утаа исийг цэвэрлэн хот хороогоо засч, хог буртгийг түүж цэмцийлгэхээс эхлээд мал адгуусны сэг, зэм, өвдөл цөвдлийг хүртэл булж, далдалдаг байсан.
Битүү гаргах ёс
5. Сайн сайхныг даллан дуудах
Битүүний орой хонь малаа хотлуулан, гэрийн эзэн идээлэх умдаалахынхаа өмнө гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу юм уу, цэвэр тунгалаг цас, мөс гурвалан тавьж, сайн зүгийн эзэд сахиулсны орох үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавьж муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хааж тавьдаг байна.
6. Битүүлэх
Битүүлгийн идээ будаагаа базаан зэхэж, эхлээд гэр гэртээ битүүрнэ. Өтгөс бууралдаа олбог дэвсгэрээ дэвсэн, эртгэр ширээгээ засч дээр нь идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш дэслүүлэн өрж, галдаа өргөж бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ нар зөв эргүүлэн эхэлж аягалж барьдаг.
7. Баярлаж, найрлах
Хойморт заларсан буурал хаяатнууд нь намрын нөөцөлсөн халаасан айраг бахдан шимж, “дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт” гэдэг ёс эрэмбийн дагуу тэдэнд ерөөл айлдаж, архи сархад хүртээдэг. Битүүний наргиан наадмаар шинэ бэрээр дуу дуулуулах, хэрэв дуулж мэдэхгүй чадахгүй гэвэл ахмад бэргэдээр төлөөлүүлэх, талцан дуулах, хуалах ёс бий.
8. Зоогийг ёс, журмаар нь бэлтгэх
Битүүний өдрийн зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Хэрэв өвчүү чанавал өвчүүг өөд нь харуулан дээр нь дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайн түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой, шаант залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна.
9. Битүү гаргах
Нутаг бүрийн битүүлгийн ёс өөр байдаг. Зарим нутагт чөмөг ташиж битүү гаргахдаа гэрийн эзэн “шаант чөмөг идэж сайн мөлжөөд битүү гаргах уу (хагалах уу) гэж асуухад гэр доторхи бүх хүн “гаргая, гаргая” гэцгээхэд нэг удаа (заавал хугарахаар) ташиж хугалснаар “Битүү гарлаа” хэмээн нас насны эрэмбээр “тавтай битүүлж байна уу” хэмээн мэндэлцгээдэг.
10. Зооглох
Битүү гаргах ёслолын дараа хуучин оныг битүүлэн үдэх, шинэ оныг угтах бэлгэ дэмбэрэлийн ёсоор битүү чанасан толгойн шөл хөц буюу бууз, банү зэргийн битүү хоол зоргоор идэцгээн “битүүртэл” хооллохыг ч энд оролцуулан бэлгэдлийн утгатай хэмээн ухаарах учиртай.
11. Идээ засах
Битүүний үдэш тэнгэрт захын ганц од үзэгдмэгц цагаалгын идээ, битүүлгийн шүүс зоогийг засаж эхэлдэг ёсон буй. Эн тэргүүнд бурхандаа ураг сүүл, дал дөрвөн өндөр, хонтой шаант, хош, бүхүй нэгэн таваг идээ, боов боорцог цагаан идээгээр зассан өөр нэг таваг нийлээд хоёр таваг чимж засдаг.
12. Тоглож, наадах
Битүүлгийн идээ будаанаас цадтал идэж, ууж гүйцсэний хойно шөнө дүл өнгөртөл ширээ, ширдэгний олон тоглоомоор тоглож нааддаг нь мөн л ёс болсон зүйл юм. Тоглоом наадмын дундаас шагайлцахыг эрхэм дээд, бахтай, бэлэг дэмбэрэлтэй тоглоом хэмээн үздэг. Битүүлгийн дараа томчууд нь шагайлцаж, багачууд нь морь уралдуулдаг байна. Ер нь битүүний орой үлгэр тууль ярихаас эхлээд шагайгаар морь, тэмээ, даага уралдуулах, дөрвөн бэрх орхих, тэмээ цохих, буга нүүх, хорол зэндмэни эвлүүлэх зэрэг олон төрлөөр наадаж эхлээд хожим алаг мэлхий тоглодог болсон.
Алаг мэлхий
Энэ нь монгол домог зүйн ертөнцийн үүслийн домогтой чухал нарийн холбоотой тоглоом юм. Энэ ертөнцийн таван зүг, таван махбодийг бэлгэдсэн учраас гурван шар шагайгаар мэлхийн шээс буюу умар хар усан зүгийг дөрвөн улаан шагайгаар хэл, амьсгал буюу өмнө гал улаан зүгийг таван хөх (ногоон) шагайгаар мэлхийн хавирганаас цухуйж буй сумны модыг дорно буюу дорно хөх модон зүгийг хоёр, цагаан шагайгаар баруун хавиргаар нь цухуйж буй сумын зэв буюу өрнө цагаан төмөр зүгийг тав тав, зургаа зургаан шар шагайгаар 100 дундах шар шороон зүгийг тус тус бэлгэдэн дүрсэлсэн байна. Энэ нь монгол зурхайн таван махбодь, монгол домог зүйн таван үндсэн өнгө, ертөнцийн таван зүг, идээний таван өнгө цөм багтаж байгаа юм.
Эх сурвалж: “Цагаан сарын бэлгэдэл”, С.Дулам