Б.МӨНХ-ОРГИЛ: Аутизмтай хүүхдүүд надад амьдрал олон өнгөтэйг, амьдралд баярлах олон шалтгаантайг ойлгуулсан Б.МӨНХ-ОРГИЛ: Аутизмтай хүүхдүүд надад амьдрал олон өнгөтэйг, амьдралд баярлах олон шалтгаантайг ойлгуулсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.МӨНХ-ОРГИЛ: Аутизмтай хүүхдүүд надад амьдрал олон өнгөтэйг, амьдралд баярлах олон шалтгаантайг ойлгуулсан

2020 оны 4 сарын 11

Arslan.mn

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө уншигдад маань танилцуулж ТББ-ынхаа тухай товч мэдээлэл хүргэнэ үү?

Намайг Б.Мөнх-Оргил гэдэг. Сэтгэл зүйч мэргэжилтэй. 2012 оноос хойш аутизмтай хүүхдүүд болон тэдний гэр бүлд зөвлөгөө, сургалт өгч ажиллаж байна. “Аутизм-Монгол-Анд” ТББ маань 2012 онд байгуулагдсан. ТББ-ын маань үүсгэн байгуулагч дөнгөж сургуулиа төгссөн надад итгэл үзүүлж хамтран ажиллах санал тавьж, тухайн үедээ сэтгэл зүйчээр ажиллаж байгаад 2018 оноос ТББ-ынхаа захирлаар ажиллаж байна. Анх бага зэрэг шантарч байсан ч жил ирэх тусам л энэ мэргэжилдээ, энэ ажилдаа, хүүхдүүдээ хайртай болоод байгаа. Эдгээр хүүхдүүдэд хичээл заахад надаас илүү тууштай байдал шаардана.  Бид үйл ажиллагаагаа өргөтгөн 2014 онд хүүхэдрүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор “Анүүлэн Аз жаргал” сургалтын төв болон цэцэрлэгээ ажиллуулж эхэлсэн. Цэцэрлэг маань дөрвөн ангитай үүний хоёр нь аутизмтай хүүхдүүдэд зориулсан, хоёр нь энгийн хүүхдүүдийн анги байдаг.

Манай цэцэрлэг тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг болохоор багш, туслахуудаас гадна хоёр сэтгэл зүйчтэй. Сэтгэл зүйчид маань хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг. Аутизм надад амьдрал олон өнгөтэйг, амьдралд баярлах олон шалтгаантайг ойлгуулсан. 

-Танай цэцэрлэгийн онцлог юу вэ?

-Манайх улсын хэмжээнд цөөхөн байдаг тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг тул ялгаатай тал нилээд олон. Аутизм гэдэг нь сэтгэцийн хөгжлийн нийлмэл эмгэг гэсэн үг л дээ. Аутизмтай хүүхдүүдэд хичээл заах нь энгийн хүүхдүүдэд хичээл заахаас маш өөр. Би багш нараараа маш их бахархдаг. Их хайр, тэвчээр шаарддаг ажил. Бага ангид 2-4 настай хүүхдүүд суралцдаг бөгөөд хүүхдүүдээ суулгаж сургах, хоолыг нь идүүлэх, бүр цаашлаад 00 өрөөнд хэрхэн орох вэ? гэдэг амьдралын энгийн зүйлийн талаар хүртэл хичээл орно. Энэ ангиа амжилттай төгсвөл ахлах ангируу орно. Ахлах ангид сургуульд бэлтгэх анхан шатны хичээлүүд ордог. 

Хүүхдүүдийн маань онцлог нь нэг хичээлийг ойлгуулахын тулд тайлбарлах, зураг үзүүлэх, бичлэг үзүүлэх, тухайн зүйлийг өөрт нь бариулах, хийлгэх гэх мэт олон талаас нь харуулж, мэдрүүлж байж ойлгодог. Хэрвээ аутизмтай хүүхдүүдийн сурах арга барилыг нь олчих л юм бол маш амархан суралцдаг. Арга барилыг нь олоход харилцан адилгүй  хугацаа шаарддаг тул эцэг эх, багш, сэтгэл зүйчдээс маань их хичээл зүтгэл тууштай байдал шаарддаг. Бидний хувьд хүүхдүүдээ нийгэмшихэд нь бэлтгэж, нийгмийн харилцаанд ороход шаардлагатай дадал, зуршлыг олгоход анхааран ажилладаг. Ангид байрлуулсан тоглоомууд нь хувь хүний чадварыг хөгжүүлэх зорилгоор сонгогдсон байдаг л даа. Тооны утгыг, орон зайн баримжааг сайжруулах, өнгийг таниулах, гарын жижиг булчинг хөгжүүлэх, дүрсийг ангилах гэх мэт тус тусын чадварыг хөгжүүлэх тоглоомуудаар тоглуулж хөгжүүлдэг.  

“Манай цэцэрлэгийн нэг охин намайг тэврэх их дуртай. Ядарсан үед түүний халуун дулаан тэврэлт эрч хүч, урам зориг өгдөг. Эдгээр хүүхдүүддээ хичээл заах хэрэгтэй, би энд заавал байх ёстой гэсэн мэдрэмжийг тэр охины халуун дулаан тэврэлт мэдрүүлдэг. Сэтгэл зүйч мэргэжилтэй боловч тусгай боловсролын багш шиг ажиллах нь надад маш их таалагддаг.”

-Нийгэмд хүмүүс аутизмыг оюуны бэрхшээл гэж харахаас илүүтэй хөгжлийн бэрхшээлтэй гэж хараад байдаг л даа. Тэгвэл энэ сэтгэлгээг хэрхэн өөрчилж болох вэ? 

-Тэр үнэн. Өнөөдөр нийгэм тэр чигээрээ гэж хэлэхгүй ч дийлэнхи хувь нь эдгээр хүүхдүүдийг нүд үзүүрлэж хардаг. Гэтэл тэд маань яг л таны хүүхдийн адил аав ээждээ эрдэнэ нь гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Аутизм нь хөгжлийн хоцрогдолоосоо шалтгаалж хэрэгцээ нь өөр өөр байдаг. Хүнд хэлбэрийн аутизмтай хүүхдийн хажууд асран хамгаалагч заавал байж, асрах ёстой байдаг бол хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдэд тэр болгон асаргаа гэхээсээ илүүтэй чиглүүлж өгөх тусламж хэрэгтэй байдаг. Сайн чиглүүлж өгснөөр бидэнтэй адилхан нийгмийн амьдралд оролцох боломжтой байдаг. Аутизм нь хэр эрт оношлогдсоноос шалтгаалж нийгэмших үйл явцад нөлөөлдөг. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үгэнд нэг их таатай ханддаггүй. Эдгээр хүмүүс бидэнтэй л адилхан хүмүүс харин арай илүү л шаардлага, хэрэгцээтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр тусгай хэрэгцээт хүмүүс гэж хэлмээр санагддаг. Хүмүүс мэдэхгүй зүйлээ их өөрөөр хүлээж авдаг шүү дээ. Тиймээс бид энэ төрлийн мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж ажиллах ёстой. Аутизмтай хүн бол бидэнтэй адилхан хүн шүү гэдгийг л нийгэмд хүлээн зөвшөөрүүлж байж энэ нэр томъёо өөрчлөгдөнө. 

-Дэлхий даяар 70 орчим сая аутизмтай хүн байна гэх судалгаа байна. Тэгвэл Монголд хичнээн хүн аутизмтай байна вэ? Нарийн тоон судалгаа байдаг уу?

-Манай улсын хувьд яг баттай тоо байдаггүй. Өнгөрсөн жилийн дөрвөн сард энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ууд хамтран судалгаа хийхэд 726 хүүхэд байна гэж гарсан. Энэ жил 1000 дөхсөн байх. Энэ эмгэг нь нийгмийн харилцаанд оролцох чадвар, хэл ярианы сул хөгжил, явцуу сонирхол, давтагдмал үйлдлээр илэрдэг насан туршийн эмгэг. Бүрэн эдгэрэх боломжгүй ч нийгэмшиж нийгмийн амьдралд оролцох боломжтой. Тэгэхдээ нийгэмд хөл тавихад маш урт хугацааны сургалт хэрэгцээтэй. 

-Уг эмгэг нь ямар шинж тэмдгүүдээр илэрдэг вэ? 

-Хамгийн анх зургаан сартайгаас эхэлж илэрдэг. Бага насны хүүхдүүдийн гаргаж байгаа хөгжлийн онцлогууд аутизмтай хүүхдүүдийн шинж тэмдэгтэй таараад байдаг. Тиймээс анхны баттай оношийг нэг нас найман сартайгаас хоёр настайд нь шууд тавих боломжтой. Аутизмтай хүүхдүүдийн оюун ухаан нь бидэнтэй адилхан, эсвэл биднээс ч илүү байдаг. Цөөхөн хэсэг нь оюун ухааны бага зэргийн хоцрогдолтой хавсарсан шинжтэй байдаг. Нийгмийн харилцаанд зохистой оролцож чадахгүйгээс болоод оюун ухааны хоцрогдолтой юм шиг харагддаг талтай.

Шинж тэмдгийн хувьд дуу чимээнд хэт мэдрэг эсвэл сул, нүдээрээ харилцаа тогтоохгүй байх, нэрээр нь дуудахаар хариу үйлдэл үзүүлэхгүй байх, хэлд орохгүй байх, тоглоомоор зориулалтаас өөрөөр тоглох, бусадтай харилцаанд орж чадахгүй байх, нэгэн хэвшмэл болсон зүйлээ өөрчилж чадахгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явж чадахгүй зэрэг түгээмэл шинжүүд бий.

Тиймээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд та хүүхдээ сайн ажиглах хэрэгтэй,  харилцах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдгээс нэг нь л удаан хугацаанд давтагдах юм бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж хэлмээр байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615792
2 эможи
keyboard_arrow_up