Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Мөнхжаргал:Нийслэлийн дүүргүүдэд “Төгсөгчдийн төгөл” байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ

2020 оны 5 сарын 09

 

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” өнөөдөр тохиож байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргалын санаачлагаар байгуулагдсан мод, модлог ургамлын үрсэлгээны сургалт, судалгааны төв нээлтээ хийж, дүүрэг бүрт төгөл байгуулах газрын гэрчилгээг гардууллаа.

Тус арга хэмжээнд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон есөн дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар оролцлоо.

Агаар, орчны бохирдлыг хамгийн сайн шингээгч мод, модлог ургамлын үрсэлгээний сургалт, судалгааны төвийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр орших “Минж нутагшуулах төв”-ийг түшиглэн байгуулжээ.

Энд жилд 40 мянга гаруй үрсэлгээг бэлдэхээр ажлаа эхлээд байгаа бөгөөд ургуулсан суулгацаар хотын ногоон байгууламж, ногоон бүсийн ойжуулалтыг хийх юм байна. Мөн ойн аж ахуй эрхлэх, хашаа, эзэмшил газартаа мод тарих хүсэлтэй иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалтуудыг үе шаттай тогтмол зохион байгуулах аж.

Мөн нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд зориулсан “Төгсөгчдийн төгөл” байгуулах ажлыг эхлүүлж,  дүүрэг бүрийн Боловсролын хэлтэст дээрх зориулалтаар 3 га газрыг олголоо.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал “Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Байгаль орчны газар хамтран Гачуурт дахь нийслэлчүүдийн ундны усны хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн 100 га талбайд навчит болон шилмүүст мод тарьж, усны ундрагыг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрийг хангаж, хөрсний доройтлоос сэргийлэх арга хэмжээг авсан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 2 хорооны Жаргалантын аманд Хогийн цэг байсан талбайд “Мөрөөдлийн ой” төслийг эхлүүлэн Улаанбаатар хотын хоёр дахь томоохон цэцэрлэгт хүрээлэн буюу 100 га талбайг 2018-2027 оны хооронд жил бүр 10 га талбайг ойжуулах ажлыг Улаанбаатар хот, БНСУ-ын Инчеон хотын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна.

Энэ жилийн хувьд хүүхэд залуучуудад зориулсан мод үрсэлгээний Ботаникийн цэцэрлэг байгуулж, 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 9 дүүргийн Боловсролын хэлтэст зориулан “Төгсөгчдийн төгөл” байгуулах газар олгож, үйл ажиллагааг эхлүүлж байгаагаараа онцлог юм” хэмээлээ.

Энэ жилийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан байдлаар мод тарих арга хэмжээг зохион байгуулаагүй.

Харин мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн эдгээр өдрүүдэд амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриаллаа.

Түүнчлэн өнөөдөр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан биологийн олон янз байдлыг хамгаалах “Минж нутагшуулах төв”-д холбогдох албаны хүмүүс 200 гаруй улиас, шар хуайс суулгасан юм. 

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан бөгөөд энэ өдөр мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн байдаг учир  5 дугаар сард өрх бүр хашаандаа, амьдардаг орчиндоо мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн орчны бохирдлыг бууруулахад гар бие оролцон ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид уриалж байна.

Эх сурвалж: 532
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617000
0 эможи
keyboard_arrow_up