Г.АНАР: Цахим орчинд иргэдээс мөнгө хурааж азтан шалгаруулах нь хууль бус үйлдэл Г.АНАР: Цахим орчинд иргэдээс мөнгө хурааж азтан шалгаруулах нь хууль бус үйлдэл
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Г.АНАР: Цахим орчинд иргэдээс мөнгө хурааж азтан шалгаруулах нь хууль бус үйлдэл

2020 оны 11 сарын 28

Arslan.mn

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Улсын хэмжээнд залилах гэмт хэргийн эсрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд ямар ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?

-ЦЕГ, Монголбанк, ХААН Банк зэрэг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилготой “Нягтлах тусам аюулгүй” арга хэмжээ өнгөрсөн сарын 20-оос эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд хамтран ажиллаж байгаа байгууллагууд долоо хоног бүр төлөвлөгөө гаргаж, иргэдийг залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, иргэдэд энэ төрлийн мэдээ, мэдээллийг өгөх нь чухал байна. Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, радио, телевиз, мэдээллийн сайтууд болон сошил орчинг ашиглан видео бичлэг, постеруудыг түгээж, автобусны буудлууд болон сурталчилгааны самбаруудад мэдээлэл байрлуулсан. Ингэснээр иргэд олон талын эх сурвалжаас мэдээлэл авах боломжтой болох юм.

-Сүүлийн үед цахим залилангийн ямар төрлийн гэмт хэргүүд их бүртгэгдсэн вэ?

-Цахим орчинд хүн бүр л хаягтай болж, идэвхтэй хэрэглэх болсон. Тэгвэл үүнийг дагаад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил нэлээдгүй бүртгэгдсэн. 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар цахим орчинд үйлдэгдсэн 19 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнээс 15 нь фэйсбүүк орчинд иргэдийг залилсан хэрэг байна. Сүүлийн үед хуурамч линк ашиглаж фэйсбүүкийг нь хакердаж, найз нөхөд, хамаатан садан, эргэн тойрныхноос нь мөнгө гуйх, залилах хэргүүд нэлээдгүй гарсан. Энэ хэргийг тодорхой хугацааны дотор илрүүлэх боломжтой.

Харин хилийн чанадаас үйлдэгдэж байгаа цахим залилангийн гэмт хэргийг илрүүлэхэд төвөгтэй байдаг. Энэ талаар бид өмнөх аяны үед ч одоо ч гэсэн иргэдэд сануулсаар байна. Та хэрвээ анзаардаг бол их хандалттай мэдээний доор “Их хэмжээний мөнгө бага хүүтэй зээлнэ, гадаадад ажиллахыг санал болгож байна, ногоон картны сугалаанд хамруулна” гэх мэт хүний хэрэглээнд дөрөөлсөн, сонирхол татахуйц зарууд их явдаг. Энэ зарын дагуу хандаж хохирох тохиолдол бүртгэгдэж байна. Тус зарууд нь ихэвчлэн иргэнээр анкет бөглүүлэх, утасны дугаарыг нь авах гэх мэтээр хувийн мэдээллийг нь цуглуулдаг. Ингэж мэдээллийг өөрийн болгосны дараа фэйсбүүк хаягийг амархаан хакердаж өөрийн болгож авдаг байна.

-Нээрээ хандалт ихтэй мэдээний доор ийм төрлийн зарууд их харагддаг. Иргэд ч бас хандсан байдаг. Энэ талаар иргэдэд анхааруулах бодит жишээ байна уу?

-Ийм зарын чанартай зүйлд битгий итгээрэй гэж иргэддээ дахин, дахин хэлье. Энэ зарын тусламжтайгаар залилагч этгээд:

- Таныг анкет бөглүүлж хувийн мэдээллийг тань өөрийн болгох

- Авсан мэдээллээ ашиглан хилийн гадна гэмт хэрэг үйлдэж болзошгүй

- Таны хувийн мэдээллээр дамжуулан таны юу сонирхдог, ямар хүмүүстэй харилцдаг гэх мэт бүх мэдээллийг судалж, яг танд тохирсон бараа үйлчилгээг санал болгоно

- Таны зээлийн хүсэлт шийдэгдлээ. Та зээлийн шимтгэл болох тэдэн ам доллар, еврог яаралтай шилжүүлээрэй. Үүний дараа бид таны дансанд тэдэн долларыг шилжүүлнэ гэх шаардлага тавьдаг.

Жишээ нь 2019 онд бүртгэгдсэн нэг хэргийг ярихад “80 удаагийн гүйлгээгээр 270 сая төгрөг шилжүүлж эцэстээ хохирсон” тохиолдол бүртгэгдсэн. Эндээс харахад тухайн хүнийг мөнгөтэй гэдгийг эхлээд судалж мэдсэн, дараа нь түүний итгэлийг олж мөнгө шилжүүлсэн байна. Тэгээд эцэст нь таныг хохироогоод дуусч байгаа юм.

-Сүүлийн үед фэйсбүүк группууд сугалаа зохион байгуулж, машин юм уу үнэт эдлэл амлаад дундаас нь нэг азтан шалгаруулдаг явдал цөөнгүй байна. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл мөн үү?

-Сүүлийн үед иргэд гэртээ цахим орчинд цагийг их өнгөрүүлэх болсон. Үүнийг дагаад онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо гэх мэт үйлчилгээ эрчээ аваад байна.

Тэр дундаа иргэдээс мөнгө хурааж, азтан шалгаруулж байгаа нь ямарч зөвшөөрөлгүй, хууль бус үйлдэл гэдгийг энд анхааруулъя.

Монгол Улсад эд, мөнгөний хонжворт сугалаа эрхлэх нь аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагддаг, өндөр шаардлага, шалгууртай, тодорхой болзол, шалгуур хангасан аж ахуй нэгжид зөвшөөрөл олгогдсоны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа ба зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдэд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосны дагуу эрхлэх ёстой. Түүнээс дурын хувь хүн, иргэнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдохгүй. Гэтэл цахим орчинд энэ төрлийн үйл ажиллагааг хэн дуртай нь явуулж байгаа нь өөрөө хууль бус ажиллагаа юм.

Эхлээд багахан хэмжээний мөнгө цуглуулж, багахан хэмжээтэй зүйлсээр азтан шалгаруулдаг байсан бол энэ нь даамжраад гар утас, мөнгөн эдлэл, сүүлдээ байр, машин, хурдан удмын адууны хонжвор хүртэл явагддаг болжээ. Манай иргэд ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөж байна.

Цахим орчинд лайваар азтан шалгаруулахад азтаныг хэрхэн шалгаруулж байгаа үйл явцыг нь та хянах боломжгүй байдаг. Мөн онлайнаар бараа зарж иргэдийг залилдаг тохиолдол өнөөдрийг хүртэл байсаар байгааг энд дуулгая. Захиалсан барааны урьдчилгаа гэж мөнгө аваад л алга болдог жишээ олон байна.

-Тэгвэл сугалааны төрлийн үйл ажиллагааг хэн явуулах эрхтэй вэ?

-Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” гэж бий энэ хуулиар Монгол Улсад явуулахыг хориглосон үйл ажиллагааг зааж өгсөн байдаг, мөн зарим төрлийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстой байдаг. Тэгвэл энэ хуулийн 15.4.4 хэсэгт “Эд мөнгөний хонжворт сугалаа явуулах“ хэмээн тодорхой заасан байгаа. Тэгэхээр хуулийн хүрээнд бол дурын нэг иргэн фэйсбүүк, сошиал орчинг ашиглаж сугалаа явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл дээрх иргэд хууль зөрчиж байна гэсэн үг юм. Үүнээс гадна хонжворт сугалаа гэдэг нь тодорхой нарийн шалгууртай. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахын тулд Сангийн яамнаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Харин тус яамнаас зөвшөөрөл авахын тулд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:

- Сугалааны үйл ажиллагаа эрхлэх төсөл

- Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаанд аудит оруулж санхүүгийн тайлан хийлгэсэн байх

- Татварын албанаас өр төлбөртэй эсэх талаар лавлагаа

- Санхүүгийн чадвартай байх

- Сугалаа гаргаснаар ямар хэмжээний борлуулалт хийж, ашиг олох талаарх судалгаа

- Баталгаажуулсан тасалбарын хэмжээ гэх мэт маш нарийн шалгууртай байдаг.

Харин цахим орчинд явуулж буй дээрх сугалаанууд эдгээр шалгуурын нэгийг нь ч хангаагүй байдаг.

-Өөр бидний мэдэхгүй, анзаардаггүй энэ төрлийн ямар гэмт хэргүүд байна вэ?

-Бооцоот таавар тоглоом гэж байгаа. Энэ нь мөн л тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах үйл ажиллагаа. Зөвшөөрлийг нь ХЗДХЯ-аас олгодог. Тэгэхдээ 2019-2020 онд тус яамнаас энэ төрлийн тоглоомын тусгай зөвшөөрөл авсан нэг ч аж ахуйн нэгж байхгүй. Энэ төрлийн залилах гэмт хэрэг сошил орчинд харьцангуй бага байна.

Дараагийн төрөл бол мөрийтэй тоглоом буюу цахим орчинд түгээмэл явагддаг үйл ажиллагаа бол покер юм. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоголдог мөрийтэй тоглоом зохион байгуулах”-ыг гэмт хэрэгт тооцсон байдаг. Мөрийтэй тоглоомонд донтсон хүнийг татаж гаргах маш хэцүү. Тухайн хүн тоглоомондоо эд хөрөнгөө бүгдийг нь алдаад дуусдаг. Сүүлдээ мөнгө олохын тулд бусдыг залилан мэхлэх, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг үйлдэг. Мөн дээрээс нь өөрийн гэрийн эд хөрөнгийг зарж үрдэг хор уршигтай. Мөрийтэй тоглоомыг олон янзаар зохион байгуулдаг бөгөөд орон байранд цуглуулж тоглох нь элбэг байна. Нөгөө талаараа цахим орчинд программ бүтээгээд хүмүүсийг уриалан дуудаж, код өгч 5-10 хүнийг бүлэг болгон покер тоглох явдал цөөнгүй. Энэ мөрийтэй тоглоом тоглох нөхцөлийг хангасан, зохион байгуулсан этгээдийг эрүүгийн хуулиар 3-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж заасан байгаа.

-Залилагч нарыг ер нь хэрхэн таних вэ? Гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Манай иргэд цаг үе нь ч ингэж таараад байгаа юм уу богино хугацаанд их мөнгөтэй болох маш их сонирхолтой болсон байна. Залилагч нар ч үүнийг андахгүй их хэмжээний мөнгө, диплом, бичиг баримт бүрдүүлэлтийг амлаж өөрийн урхинд оруулдаг. Хүмүүсийн гол алдаа нь хэзээ ч биелэх боломжгүй юмыг болох, бүтэх мэт мөрөөдөж байна. Ер нь залилагч этгээд танд хандахаасаа өмнө таныг маш их судалсан байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр таны хэрэгцээнд тулгуурлаж, танд маш сайхан саналыг маш хурдан бүтээж өгнө гэж амлана. Иргэд энэ амлалт биелэх магадлалыг л сайн тооцоолоод сурчихвал энэ төрлийн хэргийн хохирогч болохгүй байх бүрэн боломжтой. Түүнээс гадна цахим орчны аюулгүй байдлыг чандлан хадгалах ёстой. Өөрийн фэйсбүүк хуудасны нууц үг, банкны картын нууц үгийг ойр ойрхон солих нь таныг энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлдэг гэж хэлмээр байна. Иргэдийн хувьд “Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд амархан юм биш үү. Данс тодорхой эзэнтэй. Хийсэн гүйлгээгээр нь хөөгөөд гэмт этгээдийг тогтоох боломжтой” гэж боддог. Энэ бол хамгийн буруу ойлголт. Иргэд “Миний данснаас энэ дансруу гүйлгээ хийсэн байна. Энэ хүн миний мөнгийг авсан” хэмээн гомдол гаргадаг. Тэгвэл гэмт этгээдүүд өөрийнхөө дансыг ашиглах нь тун ховор. Танил биш, сонор сэрэмжгүй хэн нэгний дансаар гүйлгээ хийж, луйвардсан мөнгөө гаргаж авдаг. Уг нь иргэд анзаардаг бол бэлэн мөнгөний машинууд дээр “Таны дансаар хэн нэгэн гүйлгээ хийгээгүй биз, энэ гүйлгээг хийхдээ та итгэлтэй байна уу” гэх зэрэг санамж бичиг наасан байдаг. Гэмт этгээд хэн нэгний дансанд халдчихаад таны дансаар дамжуулж мөнгө авах эрсдэл өндөр учраас тэр. Иймээс хэн нэгэн таны дансаар гүйлгээ хийхийг хүсвэл татгалзаарай гэдгийг дахин сануулъя.

Эцэст нь хэлэхэд, хэрэв таныг хэн нэгэн ятгаж байвал, дахин дахин нягталж үзээрэй. Аливаа санхүүгийн харилцаанд орох, эд хөрөнгө шилжүүлэхдээ заавал шалгаж байхыг сануулъя.

-Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617170
6 эможи

иргэн
2021-01-31 16:31
НӨАТ-ийн сугалаа ч гэсэх нэг л төрөл нь шүү дээ.
Гэрэл
2021-01-22 16:55
Азын 10000 гээд дэлгэцээр азтан шалгаруулаад л байгаа ш дээ.Тэр тэгээд хууль бус юм уу.
ter
2020-11-29 12:44
ter zawaaan hiiimel erhteneeer dbnbrsen yanhan zarait oligtoi duuugui anu geh tolgoi ugaagchiiig shorondon hiii
Зочин
2020-11-29 06:00
Зочин
2020-11-28 15:37
Галагын АНУ загалмайлсан эх нь биздээ
keyboard_arrow_up