Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Э.МӨНХБАЯР: Ард иргэдийнхээ төлөө итгэл зүтгэлтэй, үнэн ч ажиллах нь бидний ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ

2020 оны 5 сарын 26

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн наймдугаар хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч, ахлагчийн зөвлөлийн дарга  Э.Мөнхбаяртай ярилцлаа. 

-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Эрдэнэсүрэнгийн Мөнхбаяр гэдэг.  1995 онд  Төв аймгийн бүрэн дунд сургуульд элсэн орж 2005 онд төгсөөд Цагдаагийн академид анхан шатны гурван сарын дамжааг дүүргэж, төгсөөд 2005-2008 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар томилогдон ажилсан. 2008-2011 онд нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар эргүүлийн цагдаа жолоочоор, 2011 оноос өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хороо хариуцсан цагдаагаар  ажиллаж байна.

-Танай дүүргийн онцлог?

-Улаанбаатар хотын төв цэгт оршдог. Дамжин өнгөрөх иргэдийн хөдөлгөөн ихтэй.  Сүхбаатарын талбай, Төрийн ордон, Яамдууд гэх мэт онцгой хамгаалалт шаардлагатай байгууллагууд ихтэй.  Мөн их, дээд сургууль болон хүн амын нягтаршилт ихтэй дүүрэг. Ерөнхийдөө хотын төв хэсэг учраас хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт ордог. 

- Хорооны цагдаагийн  үүрэг, ажлынхаа онцлогийн талаар яривал?

- Цагдаагийн алба нь бусад ажил мэргэжлүүдээс асар өөр. Бид эх орныхоо төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэх тангарагтай. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг хүмүүс. Бидний ажил хэзээ ч цагтаа тардаггүй. Хэдэн цагт ч дуудсан бид бэлэн л байх ёстой. Бас дээрээс нь маш их  хариуцлагатай ажил. Миний хэр сайн ажиллах, хэр их сэтгэл гаргахаас хамаарч цаана нь олон иргэдийн амар тайван амьдрах нөхцөл бүрдэж байдаг.

Цагдаа хүн болж бүтэхгүй бүхий л зүйлийн халуун цэг дээр ажиллаж, бүрхэг газар бүхэнд гэрэл үлдээж явдаг. 

Хороо хариуцсан цагдаа нь оршин суугчидтай түлхүү ойрхон ажилладаг. Хорооныхоо эмзэг цэг, их дээд сургууль, төр захиргааны байрууд, ААН-үүдийн бүх судалгааг биечлэн гаргадаг. Жишээ нь 8-р хорооны 1-р байрны  41 тоотод иргэн О байдаг. Саяхан байраа түрээслүүлсэн. 42 тоотод нь ганцаараа оршин суудаг өндөр настан байдаг, мөн түр оршин суудаг орцны жижүүр, харуул хамгаалалтын ажилчдын бүх  судалгааг нэг бүрчлэн хийж хорооныхоо иргэдтэй уулзаж мэдээллээ солилцдог. Эдгээр судалгаануудын  нарийвчлан авснаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг түргэн шуурхай цаг алдалгүй шийдэх боломжтой болдог. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийх нь чухал. Хорооны эмзэг цэгийн судалгааг гаргаж, дүн шинжилгээ хийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийн эрчимжүүлэн ажилладаг.

-Наймдугаар хорооны хувьд хэчнээн оршин суугч амьдарч байна. Хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт ямар хэрэг зонхилон бүртгэгдэж байна вэ? 

-Манай хороо 1800 орчим оршин суугчидтай. Нийслэлийн засаг даргын захирамж гарсантай холбогдуулан баар, караокены цагийн хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан гэмт хэргийн гаралт харьцангуй багассан. Гэхдээ одоогийн байдлаар хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх төлөвтэй байна. Урин дулааны улирал ирж байгаа учир оршин суугчид зусландаа гарч, хөдөө явдаг. Үүнийг далимдуулан хулгайчид орон байрны хулгай хийх хэрэг бүртгэгдэж байна.

Мөн сүүлийн үед иргэдийн унадаг дугуйг хулгайлах хэрэг тасрахгүй байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий тараах материалуудыг орцны самбар болон албан пэйж хуудаснуудаар дамжуулан хүргэж байна.

Мөн хорооны Засаг даргатайгаа зөвлөлдөн гэрэлтүүлэггүй гудамж, талбайд гэрэлтүүлэг тавих ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.  Орой үдэш эргүүлийн хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа.

-Covid 19 цар тахлын хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэн ажиллаж байна?

-Хорооныхоо нийтийн орон сууцны гадна талын тоглоомын талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар хороо хариуцсан чиглэлийн алба хаагч нартай хамтран чанга яригчаар мэдээлэл хүргэх мөн мэдээллийн самбарууд дээр COVID-19 оос  урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, гудамж талбайд нус, цэрээ хаяхгүй байх, амны хаалт зүүгээгүй иргэнд хяналт  тавих, зүүхийг зөвлөх ажлыг хийж байна. Ер нь энэ цаг үед нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө хичээж ажиллах л хэрэгтэй байна. 

-Таны хувьд “Ахлагчийн зөвлөл”-ийн даргын албыг давхар гүйцэтгэдэг гэж хэлсэн. Ер нь тус зөвлөлийг яагаад байгуулах болов. Үйл ажиллагааны онцлог юу вэ?

-160  гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр тус зөвлөл маань үйл ажиллагаагаа явуулдаг. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” хэмээх уриан дор нэгдэж, алба хаагчидын чин хүсэл, санаа зорилгыг нэгтгэж, ахлагч бүрэлдэхүүнүүдийнхээ дуу хоолой болох тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөө хамтдаа зүтгэж байна. Ажлын бус цагаар хуралдаж, ахлах ахлагч нартайгаа зөвлөлдөж ажилладаг.

-Шинэ долоо хоног эхэлж байна. Таны шинэ долоо хоног хэрхэн яаж эхэлдэг вэ?

-Өглөө найман цагт ажил цугладаг. Ажилдаа ирээд хамгийн түрүүнд хоногийн нөхцөл байдлын мэдээлэлтэйгээ танилцана. Амралтын өдөр манай дүүрэг болон хороонд дуудлага, мэдээлэл хэчнээн бүртгэгдсэн талаарх судалгааг гаргаж аваад, ажлын долоо хоногийн төлөвлөгөөг гаргадаг. Нэг өдөр нь эргүүл арга хэмжээг зохион байгуулах, нөгөө өдөр нь оройн цагаар хяналт шалгалтыг хийе, тэднээс тэдэн цагийн хооронд нийтийн орон сууцны иргэд болон жижүүрүүдтэй уулзъя гэх байдлаар  төлөвлөгөөгөө гаргадаг даа. Ер нь биднйи ажил өглөө цагтаа эхлэх боловч яг хэдэн цагт тарах нь тодорхойгүй байдаг шүү дээ. 

-Ирээдүйн хүсэл зорилгынхоо талаар бидэнтэй хуваалцаач?

-Цагдаагийн байгууллагад ажиллаад  15 жил болжээ.  Бид бүгд мөрөн дээрээ мөрдөстэй, өргөсөн тангарагтаа үнэнч төрийн тусгай алба хаагчид. Энэ сайхан албандаа албадлагаар биш ажлынхаа болон ард иргэдийнхээ төлөө  итгэл зүтгэлтэй ажиллах нь бидний хүлээсэн үүрэг.  Тэгэхээр миний цаашдын зорилго бол ур чадвараа нэмэгдүүлэх, илүү хичээж ажиллах гээд яриад байвал маш олон зүйлсүүд бий.

-Таны хувьд цагдаагийн байгууллагад ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлсэн хүн. Тэгэхээр шинээр орж ирж буй хорооны цагдаа нарыг хэрхэн бэлтгэдэг вэ?

-Миний хувьд 15 жил ажилласан ч гэсэн шижигнэсэн сайхан залуусаас сурах зүйл бишгүй л байдаг. Би 15 жил ажилласан мундаг гээд явж болохгүй л дээ. Миний хувьд мэддэг чаддаг бүхий л зүйлээрээ тусалж, зааж өгөхийг хичээдэг. 

- Цагдаагийн алба төрийн сүлдээ магнайдаа залсан байдаг болохоор их хийморьтой алба юм шиг санагддаг. Таны хувьд энэ албаны сайхан болон хэцүү тал нь юу вэ?

-Иргэд ер нь хамгийн хүнд хэцүү үедээ л цагдаагийн байгууллагад ханддаг. Бид ч тэдэнд тусалдаг. Биднээс гарч болох бүхий л хүчээ шавхан иргэдийн амар амгалан байдлын төлөө зүтгэдэг болохоор тэднээс ирэх сэтгэлийн үг л хамгийн сайхан байдаг даа. Нийгмийн бараан бүхэнд гэгээ оруулдаг алба гэж боддог. Хүн ер нь дуртай зүйлээ хийхээд цаг хугацааг нь анзаардаггүй шүү дээ. Нэг мэдэхэд л өдөр, нэг мэдэхэд л орой болсон байдаг. Тиймдээ ч надад цагдаагийн албанд ажиллах нь хүнд хэцүү зүйл гэж байхгүй юм шиг санагддаг.

-Цагдаагийн мэргэжлийг сонгоод суралцаж байгаа болон энэ мэргэжлийг эзэмшихийг мөрөөдөж яваа залуучуудад хандаж зөвлөгөө өгвөл?

-Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа цагдаагийн алба хаагч хамгийн сайхан. Цагдаагийн алба хаагч болохоор шийдсэн бол тэр хүсэлдээ хүрэхийн төлөө тууштай зүтгээрэй. Хэзээ ч битгий шантраарай. Дардан зам гэж байдаггүй шүү дээ. Гэхдээ чи үнэхээр хүсэж байвал “Чадна” гэдэгтээ итгээрэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

-Баярлалаа танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617353
26 эможи
keyboard_arrow_up