Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.ОТГОНЖАРГАЛ: АЖИЛ АЛБА, ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДЭЭРЭЭ ЭН ТЭНЦҮҮХЭН БАХАРХДАГ

2020 оны 6 сарын 02

Цагдаагийн ахмад Б.Отгонжаргал: Ажил алба, гэр бүл үр хүүхдээрээ эн тэнцүүхэн бахархдаг

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв. Цагдаа, онцгой байдал, эмнэлгийн яаралтай  тусламжийн албадуудын хамтын ажиллагаатай байгууллага гэдгийг иргэд мэднэ.

Бид энэ удаа эх үрсийн баярын босгон дээр Цагдаагийн ерөнхий газрын  жижүүрийн албаны хэлтэс байхаас эхлэн Мэдээлэл шуурхай удирдлагын төв болтол нь тасралтгүй ажилласан дуудлага хүлээн авагч,  цагдаагийн ахмад, дөрвөн хүүхдийн Б.Отгонжаргалтай  ярилцлаа. Дуудлага бүхэн хариуцлагатай, яаралтай байдаг энэ албандаа үнэнчээр  зүтгэж, хэдэн мянгаар тоологдошгүй олон дуудлага хүлээн авч ажиллана гэдэг хэн бүхэнд амаргүй даваа.

“Хамгийн өндөр ачаалалтай үедээ тасралтгүй хоёр цаг дуудлага авахад чих өвдөнө. Гэхдээ  өөрийн үүрэг гүйцэтгэх ёстой жижүүртэй үедээ энэ бүхнээс халгаж үгүй гэж хэлэх эрхгүй. Учир нь яарч, тэвдэж, зовж шаналсан хэн нэгэнд тохиолдсон зовлон бэрхшээлийг шийдэхэд хувь нэмрээ оруулдаг миний ажил миний бахархал” гэж даруухан инээмсэглэж суух бүсгүйтэй цөөн хором ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.  

-Анхны томилолтоо хэрхэн хүлээн аваад ажлаа эхлүүлж байв. Энэ тухайгаа эргэн дурсана уу?

-Би хуучны хүн дээ. 2002 онд Цагдаагийн ерөнхий газрын шуурхай албанд дуудлага хүлээн авагч, дадлагажигч энгийн ажилтнаар томилогдож байсан. Одоо 18 жил болсон байна. Тэр үед өвөл 11 дүгээр сард байсан юм. Өрөө тасалгаа хүйтэн тухгүй, давчуу байсан ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж доголдолгүй ажиллаж байсан даа.

Ерөөсөө хоёр мэдээлэл хүлээн авагч, ерөнхий зохицуулагч, мөрдөн байцаагч, дуудлагын цагдаатайгаа ажиллаж байлаа. Утсаар хүлээж авна. Цахим хэрэглээ гэж огт байгаагүй. Бүх  ажилаа гараараа бичнэ. Уйгагүй бичдэг, ярьдаг, дамжуулдаг байсан юм. Дараа нь Нийслэлийн цагдаагийн газрын  Шуурхай албаны удирдлагын  төвд дуудлага хүлээн авагч байсан. Тэгээд 2010 онд манай төв байгуулагдаад одоо хүртэл ажиллаж байна. Эргэн дурсахад 18 жил өнгөрсөн байна. Тийм болохоор би өөрийгөө хуучны хүн гэж хэлж байгаа юм. /инээв/

-Дуудлага хүлээн авагч гэхээр иргэд утсаар ярьж байгаад л сууж байдаг хүн үү гэж асуухтай би таарч байсан. Иргэддээ өөрийн ажлын онцлогоос товч хэлж өгнө үү?

-Миний ажил бол дуудлага хүлээн авч бусдын зовлон бэрхшээл, тохиолдсон үйл явдлыг тэвчээртэй сонсоод холбогдох газар руу нь яаралтай  дамжуулж ажилладаг. Бидэн рүү шагнал авсан нэг ч хүн ярихгүй шүү дээ. Дандаа л яарч сандарсан, уйлсан, зовсон,  бачимдсан цухалдсан  хүмүүс ярьдаг. Дуудлагыг нь аваад л тэр хүнийг юун түрүүнд та тайван яриарай. Би таныг сонсож байна. Хаяг байршил, хаана яваа, яг юу болсон гээд холбогдох цагдаагийн газар хэлтэстэй холбож яаралтай арга хэмжээ авдаг. Миний энэ ажил бол бусдыг аврах буянтай ажил гэж би хэлэх дуртай. Миний, бидний шуурхай ажиллагаа иргэнийг аврах эхний алхам. Асуудлыг нь шийдвэрлэх анхны алхам юм даа.

-Дуудлага бүхэн өөр тэгэхээр энэ зан харьцааны асуудал их чухал  болов уу?

-Тэгэлгүй яахав. Зарим иргэд маань загнана, уурлана, бухимдлаа бидэнд гаргана. Нэг дуудлагыг бид 30 секундын дотор аваад дараагийн дуудлагаа яаралтай авах шаардлагатай байдаг. Эхний дуудлагаа хугацаандаа аваад дараагийн дуудлагаа авахгүй бол эрсдэлтэй шүү. Та дуудлагаа өгөх гээд байхад би өмнөх хүнтэй яриад л иймүү тиймүү гээд байж болохгүй шүү дээ. Гол мэдээллээ аваад холбогдох газар хэлтэстэй нь холбоод өгчихдөг. Энэ  шуурхай байдлыг иргэд  ааш муутай, муухай харьцдаг гэж шүүмжлэх нь ч бий.

Бид ажлын дотоод дүрэм журмаараа иргэнээс асуух ёстой үндсэн асуултууд гэж байдаг. Тэр асуултуудаа асуугаад тодорхой  болгоно. Хамгийн хүнд дуудлага бол хаяг байршил тодорхойгүй дуудлага байдаг. Тэгээд иргэнээс ойр ойрчинд чинь ямар ямар байр байшин, хашаа, хаяг байна гээд байршил тогтоох гэж асууна. Уулзах цэг гэж байдаг. Тэр талаар асууна. Хэлж зөвлөнө. Жишээ нь хулгай орсон дуудлага байлаа гэхэд ямар нэгэн эд зүйлст хүрч болохгүй, яарч сандрах хэрэггүй гэдэг ч юмуу цагдаагийн алба хаагч очихоос өмнөх сэрэмжлүүлэг, мэдээллүүдийг хэлж иргэнийг тайвшируулах их чухал.

Дээрмийн дуудлага байлаа гэхэд машины дугаарыг нь харсан уу,  замын цагдаад яаралтай хэлэх гээд бас иргэнд сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэдэг. Энэ мэтчилэн дурьдаад байвал их зүйл байдаг. Хүнд хүнд дуудлагууд олон байдаг ч ажлын туршлагаараа даван туулж, өөрийн мэдэх чадах зүйлээ шинэ дуудлага хүлээн авагч нартаа бас хэлж өгнө. Ингээд ажил, амьдрал үргэлжилнэ.

-Энэ дуудлагуудаас сэтгэл тухгүй болон бусад бухимдлыг даван туулахад танай байгууллагаас алба хаагч нар руу чиглэсэн ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Манай байгууллага сэтгэл зүйчтэй, амралтын өрөө, номын сан, камержуулалт, цэцэгжүүлэлт, бялдаржуулах өрөө гээд алба хаагчдынхаа ажлын стрессийг бууруулах чиглэлээр олон ажлуудыг хийж байна.

Сүүлийн 10 жилд төв  Мэдээлэл шуурхай удирдлагын төв болон өргөжснөөс хойш техникийн дэвшил,  ажлын орчин нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр орчин үетэйгээ хөл нийлүүлсэн олон ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа нь бас биднийг ажиллах урам зоригоор тэтгэж  байдаг.

Өглөө ажилдаа орж ирэхэд л эмх цэгц, инээмсэглэл эвсэг хамт олноос гадна тохь тухгүй жижигхэн өрөөнөөс эхлэж  байсан ажил маань цэлгэр том  өрөө тасалгаатай, техникийн хурд хүчтэй сайхан болсон доо.  Цаашдаа ч сайхан ирээдүй байна гэж хардаг.

Таны гэр бүлийн хүн цагдаагийн алба хаагч юм байна. Гэр бүлээ танилцуулна уу?

Миний нөхөр Тээврийн цагдаагийн албанд  олон жил ажилласан. Одоо Цагдаагийн ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, дэд хурандаа цолтой ажилладаг.  Бид дөрвөн хүүхэдтэй. Хоёулаа цагдаагийн алба хаагч болж завгүй их ажлын хажуугаар ээж аавууд маань их туслана. Одоо том хоёр маань бага хоёрыгоо харна. Төрийн ажилаа хийхийн зэрэгцээ дөрвөн сайхан үрийн ээж болсондоо бахархдаг.

Би ээлжийн ажилтай болохоор амарч байгаа үедээ аль болох гэр бүлийнхэндээ цаг гаргаж, үр хүүхдээ өсгөхийн төлөө л байдаг. Хаана ч гэсэн ээж хүн ийм л байдаг. Энэ ярилцлагаар дамжуулан миний ажлыг ойлгож дэмждэг, үр хүүхдийг маань өсгөхөд тусладаг дэмждэг гэр бүлийнхэн болон өдий хүртэл туслаж дэмжиж хамтарч ажиллаж ирсэн ажлын хамт олондоо баярлалаа. Хүн бүхэнд эрүүл энхийг хүсэж байна.

Бидний ярилцлага ийн өндөрлөлөө.  Ажилдаа эзэн, амжилтандаа даруу, тангарагтаа үнэнч, гэр бүлдээ эрхэмсэг, гэргий заяандаа бахархсан мянга мянган алба хаагчдын маань нэг  танд ажлын амжилт хүсэж байна. Дуудлага бүхэн яаралтай энэхүү дуудлага хүлээн авагчийн ажил гэдэг амаргүй ч  яарч сандарсан нэгэнд туслах эхний алхам болдгоороо буянтай гэдэг үг нь сэтгэлд тод үлдлээ.

Ярилцсан цагдаагийн ахмад Б.Төгсжаргал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617507
2 эможи
keyboard_arrow_up