Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бямбаа: Цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгааны ажил бол хариуцлагатай, маш чухал алба юм

2020 оны 7 сарын 30

Arslan.mn

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Бямбаатай ярилцлаа

-Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаад ажил амьдралынхаа гарааг анх хаанаас эхэлж байсан түүхээ хуваалцана уу?

Миний бие анх 2005 онд “Орхон” их сургуулийг дүүргээд Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт /тухайн үед хэлтэс байсан/ хэлтсийн даргын 2005 оны 85 дугаар тушаалаар хүний нөөцийн хэрэг хөтлөгчөөр томилогдон анх ажлынхаа гарааг эхэлж байлаа. 2009 онд Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар хүний нөөцийн ажилтнаар томилогдон, офицер бүрэлдэхүүнд орж цагдаагийн дэслэгч цолоор шагнагдаж байсан.

2014 онд Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар хэсгийн байцаагчаар, мөн оны  Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэнгээр тус тус томилогдон цагдаагийн байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна.

-Цагдаагийн байгууллагад анх томилогдож ажиллахад сэтгэгдэл ямар байв? Яагаад Цагдаагийн байгууллагыг сонгож ажиллах болсон бэ?

Анх энэ байгууллагад томилогдон ажиллахад нилээд их ачаалал ихтэй байсан, сургуулиа дөнгөж төгсөөд энэ байгууллагад ажилласан болохоор тэрүү ажиллаж хөдөлмөрлөхөд ийм ачаалалтай байдаг л гэсэн ойлголттой байсан болохоор шантрах үе гарч байгаагүй.

Өдөр нь ажлаа хийгээд оройд эргүүлд гарна, зарим үед жижүүрийн туслахаар гарч 24 цагаар үүрэг гүйцэтгээд маргааш нь амралгүйгээр үндсэн ажлаа хийгээд одоотой харьцуулахад нилээд ачаалалтай ажилладаг байлаа. Гэсэн хэдий ч ачаалалтай байна гээд ажлаа орхиод явах ч юм уу, цалгардуулж байсан удаа байгаагүй.

Би ер нь бага байхдаа цагдаагийн байгууллагад ажиллах мөрөөдөлтэй байсан. Тиймдээ ч 2001 онд 10-р ангиа төгсөөд нийгмийн хичээлээр шалгалт өгч байсан. Тухайн үед Баянхонгор аймгийн хэмжээнд нийгмийн хичээлээр 700 гаруй хүүхэд шалгалч өгч байснаас би 14-р зогсож байсан ч улсын сургуульд элсэн орж чадаагүй. Тухайн үед нийгэмийн хичээл дээр улсын сургуулийн хуваарь 2 л ирж байлаа. Гэсэн хэдий ч би төгссөн сургуулиараа бахархадаг.

-Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа ямар гавъяа шагнал авч байсан бэ?

Ажиллах хугацаандаа 2007 онд байгууллагын “Хөдөлмөрийн аварга”, 2008, 2009, 2011 онуудад хэлтсийн даргын “Баярын бичиг”, “Сайшаалын үнэмлэх” -ээр удаа дараа шагнагдсан, 2015 онд Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт жуух”, Монголын Залуучуудын холбооны “Алтан од” медалиар, “Аймгийн тэргүүний ажилтан” тэмдэгээр, “Албаны төлөө-III” тэмдэгээр, 2016 онд Цагдаагийн Ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр, 2018 онд Цагдаагийн Ерөнхий газрын даргын “Сайшаалын үнэмлэх”-ээр, 2020 онд “Албаны төлөө-II” тэмдэгээр тус тус шагнагдсан.

-Таны бахархал юу вэ?

Миний бахархал миний гэр бүл болон цагдаагийн алба, энэ байгууллагад ажилласан ажлын туршлага, хамт олон маань юмаа.

-Таны хувьд Цагдаагийн байгууллагад багаггүй хугацаанд ажилласан ажлын туршлагатай алба хаагчийн нэг байна. Энэ хугацаагаа эргэн харж, алдаа оноогоо дэнслэн үзэхэд залуу үедээ сургамж, туршлага болохуйц зүйл юу байна вэ?

Ер нь ямар ч ажлыг хийхэд ажлын туршлагаас гадна хамгийн гол зүйл бол хүний сэтгэл юм. Хичнээн чадвартай хүн байгаад ажил хийх сэтгэлгүй хүн бол тэр ажлыг хийсэн нэр зүүж, өдөр хоногоо л өнгөрөөж явна. Харин нэгэнт сэтгэлтэй хүн бол тухайн ажлаа алдаа дутагдалгүй, бүрэн гүйцэт, төгс хийхийг хичээдэг, чадахгүй, мэдэхгүй зүйл байсан ч чадаж, мэдэхийн төлөө хичээж суралцсаар байдаг. Тийм болохоор шинэ залуу алба хаагчиддаа хэлэхэд сэтгэлтэй байгаарай л гэж хэлэх байна даа.

-Таны эрхэлж буй албаны онцлог нь юу вэ?

-Миний бие цагдаагийн байгууллагад 15 жил ажилласнаас сүүлийн 4 жил мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэнгээр томилогдон энэ албан үүргийг гүйцэтгэж байна.

Манай албаны гол онцлог нь гэвэл гэмт хэрэг, зөрчлийн статисик мэдээнд үндэслэн судалгаа, дүн шинжилгээ хийж, мэдээлэл, танилцуулга бэлтгэн эрх бүхий албан тушаалтнуудыг мэдээллээр хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулж ажиллахад туслалцаа үзүүлэн ажиллах юм.

“Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэсэн үг хүртэл байдаг шүү дээ. Тиймээс энэ ажил бол маш чухал хариуцлагатай ажил, бид бүхэн буруу, ташаа мэдээллээр өгөгдөлөө бүрдүүлбэл статистик мэдээ, нөхцөл, байдлаа бодьтой үнэлж, дүгнэж чадахгүйд хүрэх эрсдэлтэй тул их хариуцлагатай ажил юм.

-Баянхонгор аймгийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөөч?

Баянхонгор аймгийн хэмжээнд 2020 оны эхний хагас жилд иргэд, аж ахуйн нэгжээс 2414 гомдол, мэдээлэл хүлээн авч, шалгаж шийдвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 291 нэгжээр буюу 13,7 хувиар өссөн байгаа.

Энэ хугацаанд жилд 246 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  102 нэгжээр буюу 29.3 хувиар буурсан байна.

Энэ хугацаанд хэрэг бүртгэлтийн 186 хэрэг бүртгэгдснээс 94 хэргийн холбогдогчийг яллагдагчаар татаж ял сонсгосон. Нийт гэмт хэргийн илрүүлэлт 50.5 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 пунктээр буурсан байна.

Баянхонгор аймагт 2020 оны эхний хагас жилд 12893 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 726 нэгжээр буюу 5,3 хувиар буурсан байна. Ердийн журмаар /бэлэн бус торгуулийн арга хэмжээгээр/ 11414 зөрчлийг 210577,4 мянган төгрөгөөр, 1157 зөрчлийг хялбаршуулан шалгах журмаар шийдвэрлэж 213545,0 мянган төгрөгөөр, зөрчлийн хэрэг нээн шалгасан 322 зөрчлийг 12495,0 мянган төгрөгөөр тус тус торгож, нийт 436617,4 мянган төгрөгийн торгууль ногдуулан ажилласан байна.

202 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 нэгжээр буюу 4,6 хувиар буурч, 297 зөрчлийг торгож, эрх хассан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 нэгжээр буюу 0,3 хувиар өссөн байна.

Энэ хугацаанд 505 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 152 нэгжээр буюу 23,1 хувиар буурсан. Эрүүлжүүлэгдсэн хүний 20 буюу 3.9 хувь нь эмэгтэй хүн эзэлж байна.

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 50 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 55,3 хувиар, хулгайлах гэмт хэрэг 57,3 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 16,6 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 50 хувиар, залилах гэмт хэрэг 35,3 хувиар, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг 100 хувиар, бусад гэмт хэрэг 40 хувиар тус тус буурсан бол мал хулгайлах гэмт хэрэг 23,4 хувиар, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 66,6 хувиар,  хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 6,7 дахин тус тус өссөн байгаа.

Гэмт хэрэг үйлдэгдсэн баг, хороогоор нь авч үзвэл Баянхонгор сумын “Шаргалжуут” 8 дугаар баг, “Гэгээн шавь” 6 дугаар багаас бусад багуудад гэмт хэргийн гаралт 4,38 хувиас 2,7 дахин буурсан бол Баацагаан, , Бөмбөгөр, Бууцагаан, Гурванбулаг, Өлзийт, Шинэжинст, Эрдэнэцогт сумдад гэмт хэргийн гаралт 31,8 хувиас 1,3 дахин өссөн байна. Тэр дундаа Бөмбөгөр, Өлзийт сумдад гэмт хэргийн гаралт өндөр байгаа нь анхаарал татахаар байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618803
1 эможи

Зочин
2020-07-31 16:47
Зочин
2020-07-30 15:12
keyboard_arrow_up