Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн албаны тухай хуулийн ОНЦЛОХ ЗААЛТУУД

2020 оны 8 сарын 04

Arslan.mn

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнөх парламент баталсан.  Улмаар 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. Хуульд төрийн албыг төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагч, төрийн улс төрийн албан хаагч хэмээн дөрөв ангилсан байдаг.  Улмаар "төрийн захиргааны алба болон төрийн тусгай албыг төрийн жинхэнэ алба гэнэ" хэмээн хуульд заажээ. Тус хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна. 

Улс төрийн хараат томилгоо эцэс болно 

Төрийн албан тушаалд сонгон шалгаруулж томилох, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдэхдээ зөвхөн хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурладаг болно гэжээ.  Ингэснээр  улс төрийн хараат томилгоо эцэс болно гэж хууль санаачлагчид үзсэн байна. Тухайлбал, яамны  Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаал буюу яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх шаардлага тавина. Ингэснээр төрийн албан хаагчид хамгийн бага тушаалаас Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвших боломжтой байна.   Мөн Агентлагийн дарга нар, Аймаг нийслэлийн тамгын газрын даргын албан тушаалд томилогдох бол 15 жил төрийн албанд ажилласан байх шаардлагыг  хуульд тусгасан байна. 

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол томилохгүй 

Хуульд төрийн албанд ажиллахаар орж буй хүмүүст хамааралтай зургаан шалгуурыг тусгажээ. Тэдгээрээс хамгийн чухал нь авлигын болон албан тушаалын хэрэгт холбогдоогүй байх. Ийм хэрэгт холбогдсон тохиол­долд дахин төрийн албан оруулахгүй гэж заажээ. 

ИТХ-ын төлөөлөгч давхар ажил хашихгүй

Нийслэл, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн албанд ажиллана гэсэн заалтыг хуульд тусгасан бөгөөд цаашдаа ИТХ-ын төлөөлөгчид төрийн алба давхар хаших боломжийг хязгаарлахаар болжээ. Ингэснээр аймаг , суманд сургуулийн захирал, эмнэлгийн эрхлэгч, Тамгын газрын дарга зэрэг албан тушаалыг ИТХ-ын төлөөлөгч хаших боломжгүй болсон. 

Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан улс төрийн албан тушаалтныг огцруулна  

Төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан тохиолдолд улс төрийн албан тушаалтныг огцруулах хүртэл, төрийн жинхэнэ албан хаагчийг гурван жил хүртэл хугацаагаар ажиллуулахгүй байх хариуцлага тооцохоор хуульд тусгасан.  Мөн төрийн албаны шалгалтыг буруу зохион байгуулсан  бол албан тушаалтныг төрийн албанд эргэж орох эрхийг нь халахаар тусгажээ. 

Төрийн албаны шалгалтыг хоёр удаа авдаг болно  

Төрийн албаны шалгалтыг хоёр хэлбэрээр авдаг болно. Төрийн албанд орохдоо нийтлэг шалгалт өгөх бол тушаал дэвшсэн тохиолдолд тухай бүрт нь тусгай шалгалт өгнө. Тусгай шалгалт нь тухайн албан тушаалд очиж байгаа газрын чиг үүргийг хэрэгжүүлж чадахуйц мэргэшсэн, дадлага туршлагатай байгааг шалгах зорилготой.

Мөн төрийн жинхэнэ албан хаагчдад илүү цагийн хөлс олгодог болно. Мөн төрийн үйлчилгээний албан тушаалтан болох багш, эмч нар цалингийн нэмэгдэл авдаг болно. Үүнээс гадна 36 сарын тэтгэмжийг улс төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагчдад олгоно гэж тусгажээ.  

Төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх үндэслэлүүд

Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглох бөгөөд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хоригложээ. Үүнд, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх гэжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заажээ.

Т.Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618875
0 эможи

Зочин
2020-08-04 10:55
keyboard_arrow_up