Монгол эрдэмтэд коронавирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур бүтээв
2020 оны 8 сарын 04
Монгол эрдэмтэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур бүтээжээ. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтэд хамтран уг оношлуурыг бүтээсэн байна.
Эрдэмтэд ШУА болон Шинжлэх ухаан, технологийн сангийн дэмжлэгтэйгээр эл ажлаа богино хугацаанд гүйцэтгэсэн гэнэ. “Манай эрдэмтэд эл оношлуурыг бүтээснээр цаашид үйлдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлийг бий болголоо. Энэхүү оюуны бүтээлийг ашиглан, оношлуурыг дотооддоо олноор үйлдвэрлэх бүрэн боломжтой. Бидний энэ ажил нь вирусийн халдвараас сэргийлэхэд зарцуулах зардал, гадаадаас ийм төрлийн оношлуур худалдан авах валютыг хэмнэхэд ихээхэн ач холбогдолтой” гэж ШУА-иас мэдээлсэн юм.
Уг оношлуур нь хүний цус, сийвэнд шинэ коронавирусийн эсрэг бие үүсэж, дархлаа тогтсон, эсэхийг богино хугацаанд илрүүлэх давуу талтай. Мөн халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг оношлох боломжтой, дархлаа хэр зэрэг буюу хэдэн хувьтайг тогтооно. Түүнчлэн хэрэглэхэд хялбар буюу аль ч зэрэглэлийн лабораторид ашиглах давуу талтай юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618910
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: