Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ИЙМ л байдаг шүү дээ ЭР хүн гэдэг чинь”

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

Хөрөг таталбар

“Намайг, хаанаас ирээд хэн болсоныг манай Эрдэнэтийнхэн мэддэг болсон” хэмээн цайлганаар өгүүлэх нь цаанаа л нэг өөриймсөг.  Өөрийнхөөрөө зоргоороо ч гэмээр түүний амьдралын намтар яг л адал явдалт кино шиг өрнөжээ. Монгол Улс шинэ тогтолцоонд шилжсэн ороо бусаа, хүнд хэцүү тэртээх он жилүүдэд, Оюун-Эрдэнэ 17-хон настай шавилхан хүү, төрж өссөн Хөвсгөл нутгийнхаа дээсийг анх алхаж, түм түжигнэж, бум бужигнасан улсын нийслэл Улаанбаатар хот орж, олны дунд хөл тавьсан нь 1992 он байлаа.” Дөч гарсан эр, дөрөө дарсан ат” гэж үг буй. Яг л энэ насандаа хийе, бүтээе гэсэн чин зорилго, чин зорилгот зориг эрмэлзлэл дүүрэн яваа түүний тухай нэгэн сайхан хөрөг таталбар хийх нь үлдэцтэй мэт санагдлаа. “Эр хүн тугал ч хариулдаг, туг ч барьдаг” гэдэг үг буй. Оюун-Эрдэнийн намтар яг л ингэж явж иржээ. Түүний ажил хөдөлмөрийн гараа  хотын гудамжинд гутал тослогчоос эхэлсэн гэж хэлж болно. Яагаад гэвэл энэ ажлыг тэр өөрөө сонгож, өөртөө энэ ажлын орон тоог буй болгож, өөрөө хийж, өөрөө өөртөө эзэн болж, уух үедээ ууж, наргих үедээ наргиж, мөнгийг олж бас үрж, орц хонгилоор орон гэрээ хийж явсан тэртээх бараан ч гэмээр, бахархалтай ч гэмээр дурсамж хэдийнээ ард үлджээ. Алаг эрээн хорвоогийн хүндрэл бэрхшээл дунд тэмцэж явсан тэр л “зах зээлийн” хүүхдүүд дундаас хатуужин бойжиж авьяас чадвар нь илэрсэн залуус цөөнгүй бий. Тэр л “тэмцэгч”  залуусын нэг нь Оюун-Эрдэнэ.

Эрх чөлөөтэй явсан тэр л он жидүүд түүнд алдаа, оноо аль алиныг нь ч харамгүй өгч бас ухаарал, сэхээрлийг хайрласан байдаг. Оносон нь гэвэл тэр, гутал тослож байхдаа  савхи будаж сурчээ, савхи будаж явахдаа гутал засаж сурчээ. Сурсан юмыг сураар боодоггүй гэж… хэний ч өмнө нүүр улайхааргүй ам бардам хийж чадах ажил нь энэ болов. Гартаа дүйтэй явсан нь газардсангүй.  Алдсан нь гэвэл мань эр сархад амсаж эхэлсэн бол, ууж эхэлсэн байна. Естой л “Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” л гэж зоргоороо явсан залуу насныхаа арваад жилийг тэр архитай найзалжээ. Тэгэхдээ ажлаа алдсангүй.  Ер нь түүний туулсан амьдрал бол шинэ нийгэмд шинэ хүн бий болон төлөвшихөд эр зориг, уран зөгнөл дагаж үйлс бүтдэг гэдгийг тэр биеэрээ үлгэрлэж харуулж чадсан эр зориг, тэсвэр тэвчээрийн түүх гэлтэй…Тэр архи, тамхиа хаяж чадсан. Тамхи гэснээс тэр эмээгийн гал дээр гарсан ганц зээ, эмээгийн хайранд, дөрвөн ханатай гэрийн хойморт хөлбөрч өсжээ. Эмээ нь нутаг усандаа нэр хүндтэй, үзэж хардаг хоосонгүй хүн байж. Хөвсгөл аймгийн Чандман-Өндөр сумын “Лениний-Алдар” нэгдлийн малчин аймгийн аврага хоньчин Т.Нордов гэдэг хөгшин байж. Энэ эмээ нь зээ хүүдээ амиа тавина, хөх пуушигийг мань эр таван настайгаасаа татаж эхэлжээ.  Сургуульд ороход нь форумных нь дотор, тамхины дөрвөлжин халаас оёж өгч байсан гээд бодохоор Б.Догмид зохиолчийн аав шиг л,  хүүгээ хэн болж өсөж өндийхийг нь удган эмээ нь мэдээд байсан бололтой. Оюун-Эрдэнэ эхийн эрхт ёсоор удам судраа яривал тагна Урианхай үндэстэн. За тэгээд уншсан ном зохиол, сонссон түүх , шашдир мэдсэн сонссоноороо бол өөрийн хэмжээнд дүйх хэнтэй ч сайхан яриа өрнүүлж чадна. Ийм нэг магнай дээрээ хөхөлтэй энэ залуугийн тухай хаанаас нь барьсан дүнжгэр хөрөг гараад л ирнэ. Багаасаа л адтай нэгэн байж, нэгдлийн 600 хонинд айлын ганц хонь нийлснийг ч андахгүй малд нүдтэй бэрх амьтан байж. Эртний баатарууд мэт, “Арслан тайж” лугаа магнай руугаа илбэсэн энэ хөхөл их учиртай, эмээ нь хүүгийнхээ даахин сэвлэгийг үргээхдээ л үлдээсэн аж. Энэ хөхөл дээр нь тун удаанаар үнэрлэж үнсдэг байжээ. Энэ хөхөл бол түүний имиж биш, эмээгийн хайр, эмээгийн үг, эмээгийн ачлал, эмээгийн сургаал нь юм.  Эмээгээ тэнгэрт дэвшихийн өмнө хүү нь яаран очжээ. Гараараа дохиж ганцхан үг хүүдээ шивнэсэн нь “Олонтойгоо яваарай миний хүү” гэсэн нь одоо ч түүний насан туршийн дагаж мөрдөх хүн чанар, мөн чанар, ХҮН явах эрхмийн дээд баялага нь  болов. Эмээгийн сургаалиар явсан нь Оюун-Эрдэнэ өдгөө ч эндсэнгүй, алдсангүй олсон нь харин “оломгүй далай” болов.  

    Нийгэм маань ороо бусгаа, улс маань өнөөдөр гуйлга түүлэг, гомдол хүсэлтээс цаашгүй болчихоод байгаа нь залуу үед ч маш муухайгаар нөлөөлж байгааг тэр биеэрээ амссан. Хүний түүхийн алаг эрээн алдаа онооны , шалмаг идэвхитэй, шаргуу тэвчээртэй хөдөлгөгч хүч байсан Монгол үндэстэн эрч хүчээ ихэд барж нэг л нойрмог, дүйнг, хойрго залхуу төлөвт баригдсаныг тэр мэдэрсэн. Хүүхэд залуучууд хүртэл нэг л хөгшин сэтгэлгээтэй, хэт хэрсүү дог хэрнээ өвгөд хөгшид мэт ялих шалихгүй юманд сэтгэл ханаж, биеэ хуурсан байдлаас өөрөө л гарахгүй бол хэн ч гаргахгүй гэдгийг тэр ухаарсан. Түүний намтар бол өөрийгөө олж чадсан бас ялж чадсан сургамжит түүх юм. Түүний олсон ололт, ялсан ялалт бол алсын хараа, хэтийн зорилго, оргилуун зориг эрмэлзлэл байсан. Тиймээ манай залуус авьяас чадваргүйдээ бус, дотор хүнд нь тодорхой зүг заадаг луужин бус, дурын зүгт салхины аясаар ганхдаг флюгер суулгажээ гэдгийг тэр ойлгосон. Дээрхи туйлдсан сэтгэлзүйг өөрөөсөө эхлэн өөрчилж чадсан хүн бол Оюун –Эрдэнэ. Энэ тухайгаа тэр үзэл бодлоо тэмдэглэж өөрийгөө боловсруулж, ном ч их уншиж нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олоход чамгүй жилийг зарцуулсан. Сонин хэвлэлд өөрийн гэсэн булан хөтөлдөг  байхыг би мэдэх юм.  Орхон, Булган, Дархан хот болон 8-9 аймаг,  хорих газарт лекц уншиж, Улаанбаатар “пасаст”-т  ч олныг хамарсан лекцийг зохион байгуулж явсан нь олон олон хүнийг зөв замд ороход, нөлөө тусгалаа өгсөн. Хөдөлмөрч, ажилсаг энэ залууд хүмүүс ам сайтай байдаг. Түүнийг хайрладаг.  Өөрөө өөрийгөө өөрчлөөд зогсохгүй тэр нийгэмд зөв хандлагыг  чиглүүлсэн олон ажил зохион байгуулж олон хүний сэтгэлзүйг өөрчилсөн. Түүнд хүмүүс итгэдэг. Үүний нотолгоо бол тэр хэлсэн ярьсандаа бат сууж, амласан амлалтандаа хүрдэгт нь итгэдэг. Ер нь их универаль хүн л дээ. Ямар ч ажлыг бага гэлтгүй чин сэтгэлээсээ хийж чаддаг нь түүний төрөлх зан. Нөгөө “Тунгалаг тамир” кинонд гардаг шиг “Итгэлтийн зарц байсан Эрдэнэ, төр барилцаад явах юм чинээ хэн санах билээ” гэдэг шиг Оюун-Эрдэнийг төр засаад явахыг хэн санах билээ. 2008 оны орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдөн, бие даан нэр дэвшигчдээс хамгийн их санал авсан хүнээр гарч улс даяар сенсаци дэгдээсэн хүн бол Оюун-Эрдэнэ. Гуталчин хүн орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвших нь тухайн үед содон үзэгдэл, сонирхолтой сэдэв байсан. Үндэсний төв ТВ-ээс хүртэл сурвалжлага  авч байсныг олон хүмүүс одоо ч тод санадаг.  Өнөөг хүртэл түүний энэ рейтинг эвдсэн хүн аймагт гараагүй. Улсад ч байхгүй байх. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад тэр хэрэгтэй хүн гэдгээ таниулсан, мэдрүүлсэн. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга МУ-ын Гавьяат хуульч С.Цэгмид,  түүнийг,  бие даагч нараас хамгийн өндөр санал авсан хүн хэмээн хөхүүлэн сайшааж “Батламж” гардуулсан нь түүнд маш их урам өгсөн гэдэг. Эндээс тэр юуг болох, юуг болохгүй тухай улс төр гэдэг “тоглоом”-ийн хагархай “га”-г мэдээд авч.  Бие даагч бол шийдвэр гаргах түвшний хүн биш юм байна гэдгийг … Ганц дайчин улс төрд ганцаараа л байдаг гэдгийг… Улс төр бол багаар тоглох дүрэмтэй юм байна гэдгийг…ойлгосон байна. Орон нутгийн сонгуулийн дараа түүнийг олон нийт болон улс төрийн хүчний удирдлагууд ч анхаарч эхэлсэн. Тухайн үеийн аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга асан Д.Оюунбат  өрөөндөө дуудаснаар түүний хувь заяанд бас нэгэн шинэ эргэлт гарсан аж. Дарга:  Чи бол  ажилсаг, өөрийгөө  зөв талаас нь боловсруулж яваа зөв үзэл бодолтой сайн залуу, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэрээ оруулах хэрэгтэй гэдгийг чамаас харлаа.  Тиймээс чи манай намд элсэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн нь түүний урам зоригийг улам бадраажээ.

Сурч боловсрохыг эрхэм зэргээ болгон улс төрийн сургуульд номын дуу сонсож, магадлан итгэмжлэгдсэн  “Маргад” дээд сургуульд сурч,  дээд боловсролын диплом гардаж, хувь заяа нь хувьсгалт намтай эргэлт буцалтгүй холбогдсон байна.  Ингэж түүний ирээдүй бусдаас  хамаарах нь тодорхой болов. Ийнхүү түүнд 2016 онд нам нь итгэл хүлээлгэж орон нутгийн сонгуульд “Их залуу” багт нэр дэвшүүлсэн, итгэлийг нь ч тэр алдсангүй. Ингэж тэр Орхон аймгийнхаа хөгжлийн төлөө олонтойгоо зүтгэх эрх бүхий ДЕПУТАТ болов.  Ер нь Монголчууд: Та ардаа юутай хүн бэ? гэж ам асуух заншилтай. Тиймээ Оюун-Эрдэнэд Таны төлөө, багийнхаа төлөө, Орхон аймгийнхаа төлөө ирээдүйд юу амлаж буй нь чухал. Тиймээс ч эр хүнээс хүлээх нь ирээдүйн амлалт. Тэр амласнаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадсан. Чадна гэдэг болгож бүтээхийн нэг хэлбэр. Болохгүй асуудлыг болгож бүтээнэ гэж очдог. Тэр чадсан. Ер нь түүнд цаанаасаа л оргилж буцалсан нэг тийм өгөгдөл байгаад байж. Аргаа л олохгүй алдаж оноод л яваад байсан болохоос биш. Тэр ИХТ-ийн 30 депутатаас хамгийн залуу нь бас хамгийн сайн ажиллсан төлөөлөгч болсон. Үүний нотолгоо 2018 оны  “Шилдэг төлөөгч”- өөр тэр өргөмжлөгдсөн.  Түүнд цаанаа л универсаль чадвар байдаг нь ингэж илэрсэн. Ер нь хүн гэж хэн, юу юм гэхээр универсаль амьтан гэж хариулах нь шинжлэх ухааны тодорхойлолт. Энэ универсаль амьтны хувь төөргийг урьдаас тааж мэдэх, зохицуулах, чиглүүлэх боломж тун баг нь туршлагаар батлагдсан үнэн. Энэ универсаль амьтнаас хэзээ юу ч гарч болно. Үүний нотолгоо нь манай хөргийн баатар юм.  Хамгийн чухал нь  Оюун-Эрдэнийн төлөвших тодрох, нөхцөл нь тухайн нийгэм орчноос өгөгдсөн борго ахуй амьдралын баяр, гуниг дундаас төрөлхийн нөөц боломж нь илэрсэн гэж хэлэх үндэслэлтэй.  “Амьдрал бол миний багш юм. Тиймээс энэ багшид талархаж явах хэрэгтэй ” гэж тэр хэлж байна. Энэ бол амьдралын сорилт туршилтыг даваад гарсан их юм үзэж, туулсан хүний үг. Ийм хүнтэй нөхөрлөөд явахад нэг их алзахгүй гэж зөвлөмөөр байна. Энэ амьдрал хэмээх  багш л түүнд юу тохиолдох, яаж явах, юу хийх ёстойг тааруулж сорьж туршаад яваа аж. Тэр одоо  хийе бүтээе гэсэн “аа” амтагдаж чин зорилго, чин зорилгот зориг эрмэлзлэл дүүрэн явна. “Ийм л байдаг шүү дээ эр хүн гэдэг чинь” гэж нэг дуу байдаг даа. Итгэл даасан ийм л хүнийг ЭР хүн гэдэг дээ. Тулах цэгээ олж, эрчээ авсан түүнийг одоо зогсоох нь өнгөрсөн.

Сэтгүүлч, редактор О.ЭРДЭНЭЖАРГАЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619288
5 эможи

Miga
2020-08-20 14:15
Super
Зочин
2020-08-19 17:26
Зочин
2020-08-19 12:37
keyboard_arrow_up