Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

А.Халиунаа: Энэ жил 81 МСҮТ, политехник коллеж 225 орчим мэргэжлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлдэнэ

2020 оны 8 сарын 28

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунааг урьж, мэргэжлийн боловсролын салбарт хийгдсэн ажлууд болон цаашдын бодлого, зорилт, бүтээн байгуулалтуудын талаар ярилцлаа. 

-Шинэ хичээлийн жилд улсын хэмжээнд хэчнээн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж мэргэжлийн боловсрол олгох вэ?

-Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жил нийт 80 мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв(МСҮТ), политехник коллеж үйл ажиллагаа явуулж, 230 орчим мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. Харин энэ хичээлийн жил улсын хэмжээнд 81 МСҮТ, политехник коллеж 225 орчим мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулна. Шинээр 29 мянга орчим суралцагч элсүүлэх тооцоо гаргасан бөгөөд өнгөрсөн хичээлийн жилүүдийн элсэгч нартай нийлээд 40 мянган гаруй суралцагч сурна. "КОВИД-19” вирусийн нөхцөл байдалтай холбоотой элсэлт, бүртгэл явуулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор элсэлт дүүрээгүй буюу улсын хэмжээнд 70 орчим хувь(өнгөрсөн долоо хоногийн дүн мэдээ)-тай байна. Ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд элсэлт нэмэгдэх төлөвтэй байгаа. МСҮТ, политехник коллежууд элсэлтийн сурталчилгаагаа сум, багуудаар хийж эхэлсэн.

Элсэлтийн хамгийн сүүлийн үеийн төлөвөөс харахад элсэгчдийн дийлэнх нь аж үйлдвэрийн салбарын мэргэжил сонгож байна. Мөн хамгийн эрэлттэй байгаа нь барилга, дараа нь тээврийн салбарын мэргэжлүүд. Энэ нь Улаанбаатар хот болон орон нутагт бүтээн байгуулалт, замын ажлууд нэмэгдэж байгаатай холбоотой гэж харж байгаа. Мөн "КОВИД-19”-тэй холбоотойгоор зарим үйлчилгээний газар хаагдаж, тэр хэрээр ажлын байр цомхтголд орсон. Гэхдээ үйлчилгээний салбарын мэргэжил эзэмшихээр элсэн суралцагчдын нэгтгэсэн тоон мэдээ хараахан гараагүй байна.

-Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгсөгчдийн хэдэн хувь нь шууд ажлын байртай болдог вэ?

-Манай МСҮТ, политехник коллежид бэлтгэдэг мэргэжлүүдийн ажлын байрны захиалга Хөдөлмөрийн бирж дээр бүртгэлтэй байгаа хэдий ч төгсөгчид ажил олгогч нар хоорондоо огтлолцохгүй байна. Учир нь ажил олгогчид сүүлийн үед ажлын байр зарлахдаа өөрийнхөөрөө нэршил зохиох болсон. Тухайлбал, "Барилгачин ажилд авна” гэдэг. Ийм мэргэжил байхгүй. Барилгын салбар дотроо барилга угсралтын мужаан, арматур, өрлөг, засал чимэглэл гээд мэргэжлийн хувьд маш олон салдаг. Тиймээс МСҮТ, политехник коллежид эзэмшүүлж буй мэргэжлийн жагсаалтыг аж ахуй нэгж(ААН), байгууллагуудад танилцуулах, шаардлага бий болсон. Мөн зарим мэргэжлийн хуучирсан нэршлийг шинэчлэх, "устсан” буюу ажлын байр зарлахаа больсон мэргэжил болоод цаг үе, технологийн дэвшлийг даган гарч ирж буй шинэ мэргэжлийн ажлын байр зарлагдаж байгаатай холбоотой ажлууд хийгдэж байгаа. Цаашдаа ажлын байрны нэршлүүдийг тааруулна. Мөн ажил олгогч нартай хамтран ажиллаж, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг салбар бүрт ямар мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай байгаатай нийцүүлнэ.

-Орон нутгийн тухайд?

-Өдгөө улсын хэмжээнд 81 МСҮТ, политехник коллеж байгаагаас Улаанбаатар хотод 40 нь бий. Үүнээс дөрөв нь төрийн өмчийнх, бусад нь хувийн хэвшлийн МСҮТ, политехник коллеж. Харин орон нутагт байгаа МСҮТ, политехник коллежийн дийлэнх нь төрийн өмчийнх. Хувийн хэвшлийн МСҮТ, политехник коллеж тоотой хэдэн аймагт л бий. Орон нутагт үйлдвэр, аж ахуй нэгж төдийлөн элбэг байдаггүйтэй холбоотойгоор мэргэжил эзэмшсэн төгсөгчид нийслэлтэй харьцуулахад шууд ажлын байртай болох нь бага. Гэхдээ зарим аймгийн МСҮТ, политехник коллежийн төгсөгчдийн дийлэнх нь шууд ажлын байртай болж байгаа. Энэ нь ажлын байрны захиалга сургалт сүүлийн үед нэмэгдэж байгаагийн үр дүн. ААН, байгууллагууд нийгмийн түншлэлийнхээ хүрээнд МСҮТ, политехник коллежтой хамтран ажиллаж, сул ажлын байрны тоогоо гаргаж өгснөөр, ажилтандаа тавих шаардлагаа хичээл, сургалтын хөтөлбөрт оруулж, хяналт, үнэлгээ хийж, ур чадвартай мэргэжилтэн сонгон шалгаруулж авдаг болсон. Манай мэргэжлийн боловсрол, сургалтын салбар сүүлийн жилүүдэд энэ зарчим руу шилжиж байгаа.

Дээрх зарчмаар МСҮТ, политехник коллежууд 10-100 гаруй ААН, байгууллагатай гэрээ байгуулан хамтарч ажилладаг. Үр дүнд нь нийслэл, орон нутаг гээд байршлаасаа хамаарч барилгын салбарын болон хүнд машин механизм, оёдол эсгүүр, сүлжмэл эдлэлийн мэргэжил эзэмшсэн төгсөгч нарын 80 орчим хувь нь шууд ажлын байртай болж байгаа.

Жишээлбэл, "Говь” компани Монгол-Солонгосын политехник коллежтой хамтран ажлын байрны захиалга сургалт явуулдаг. "Говь” компани үйлдвэр дээрээ ашигладаг тоног төхөөрөмжөөсөө тус сургуульд нийлүүлсэн. Тэгэхээр суралцагч сурах хугацаандаа буюу ажлын байранд гарахаасаа өмнө үйлдвэрийн техник дээр ажиллаад сурчихсан төгсөж байна. Энэ мэтээр ААН-үүд маш их идэвх, зүтгэл гаргаж байгаа. Манай мэргэжлийн боловсрол, сургалтын салбарынхан ч мөн адил ААН, байгууллагуудтай илүү өргөн хүрээнд хамтрах, мэргэжлийн ойлголтын зөрүүг арилгах чиглэлээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Шинэ хичээлийн жил эхлэх бүрт МСҮТ, политехник коллежууд сул ажлын байр, хамгийн эрэлттэй мэргэжлүүдээр илүү олон тооны элсэлт авдаг гэж ойлгодог.

-Манай мэргэжлийн боловсрол, сургалтын салбар орон нутгийн хөгжлийн чиг хандлага, болон хөдөлмөрийн зах зээлийн судалгаан дээр үндэслэн ямар бүтээн байгуулалт хийгдэх талаар тооцоолол гаргах аргачлал боловсруулах сургалтыг "донор” байгууллагуудын төслийн хүрээнд 21 аймгийн МСҮТ, политехник коллеждоо зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл орон нутгийн хөгжил, ажлын байрны эрэлтийг тодорхойлох аргачлалыг хэрхэн боловсруулах сургалт орсон.

Мөн манай МСҮТ, политехник коллежууд орон нутгийнхаа удирдлага, ААН, байгууллагаа уриалаад дээрх аргачлалаар хамтран судалгаа хийдэг. Энэ судалгааны дүнг, төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсон тайлангийн хамт манайд ирүүлж, хэдий тооны элсэлт авах хүсэлтээ өгдөг. Тэр бүх дүнг харьцуулан дүгнэсний ард тухайн МСҮТ, политехник коллежийн элсэлт тооцооллыг гаргадаг.

Тэгвэл яагаад ажилгүй иргэдийн тоо их, ажил олгогч цөөхөн, ажлын байрны эрэлт, нийлүүлэлт нийцэхгүй байна гэхээр тодорхой хэмжээнд ажил олгогч нартай холбоотой гэж харж байгаа. Түрүүн хэлсэн МСҮТ, политехник коллежууд мужаан, арматурчин, өрлөгчин гээд мэргэжил тус бүрээр элсэлт авч, сургаж төгсгөдөг. Гэтэл ажил олгогч "Барилгачин ажилд авна гэж” зар тавиад дээрх бүх ажлыг хийж чаддаг нэг "супер” хүн  хайгаад байдаг. Энэ асуудал зөвхөн барилга бус бусад салбарт ч бий. Тиймээс ажил олгогч нар руу чиглэсэн сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Удахгүй эхлэх хичээлийн шинэ жил "КОВИД-19”-ийн нөхцөл байдалд хичээллэнэ гэдгээрээ онцлог. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хичээлийн жилийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

-"КОВИД-19”-тэй холбоотой манай улс гэлтгүй дэлхий дахин шинэ зүйлстэй нүүр тулж, зайлшгүй өөрчлөгдөж хувьсах хэрэгтэй болсон. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын ахлах ангийн боловсрол олгодог буюу 2.5 жилийн ангийн танхимын болон цахим сургалт есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Насанд хүрэгчдийн нэг жил, техникийн боловсрол олгодог 1.5, гурван жилийн ангийн хичээл есдүгээр сарын 14-нөөс, цахим хичээл 1-нээс эхэлнэ. Манай салбарын сургалт ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиас цөөхөн цаг танхимын сургалт ордог гэдгээрээ ялгаатай. Нийт хичээлийн цагийн 20-30 хувь нь онолын сургалт үлдсэн цагт нь дадлага ажил ордог. Дадлага ажил сургуулийн болон үйлдвэрийн дадлага гэж хуваагддаг. Манай суралцагч нар өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар хагаст цахимаар хичээллэсэн учраас энэ хичээлийн жилийн эхэнд өмнө заасан ур чадвараа бататгана. Мөн сургууль дээр хийдэг ур чадварын дадлагын хичээлийн төлөвлөлтөд өөрчлөлт оруулж байгаа. Ерөнхий мэдлэгийн хичээлийн хувьд цахим сургалт руу шат дараатай шилжүүлнэ.

Түүнчлэн донор байгууллагуудтай хамтран ажиллаж, сайн дурын ажилтнуудаас тусламж хүссэний үр дүнд ариутгал халдваргүйжүүлэлтийг дүрэм журмын дагуу хангаж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хичээл сургалтыг бөөгнөрөл үүсгэхгүй танхимаар болон цахимаар явуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

-Мэргэжлийн боловсролын салбар руу чиглэсэн цаашид хэрэгжих төсөл хөтөлбөр, томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөөч?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чиглэсэн нэлээд ажил тусгасан. Үүнээс нэн тэргүүнд МСҮТ, политехник коллежуудыг бүсчилж, төрөлжүүлэн хөгжүүлнэ. Хоёрдугаарт, олон тооны МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулахаас илүүтэй төрөлжсөн болон мэргэшсэн болгон хөгжүүлэх нь илүү чанартай, үр дүнтэй гэдэг нь нотлогдсон. Тиймээс мэргэжлийн боловсрол, сургалтыг төрөлжүүлж, мэргэшүүлэх талын судалгаанууд хийж, хотхон(кампус) чиглэлээр хөгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн боловсрол, сургалтын хотхон байгуулах санаачилга гаргаж, үүрэг чиглэл өгсөн. Ирэх дөрвөн жилд багтан Шинэ нисэх онгоцны буудлын чиглэлд Мэргэжлийн боловсрол, сургалтын ухаалаг кампус барихаар төлөвлөж байна. Энэ хотхоны дэд бүтцийг бүрэн шийдэх учир дагаад бусад бүтээн байгуулалтын ажил хийгдэх байх. Одоогийн байдлаар бүх талын тооцоо, судалгаа хийгдээд Засгийн газарт танилцуулахад бэлэн болж байгаа.

Үүнээс гадна мэргэжлийн давхардлыг арилгах, зөв голдиролд оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МСҮТ, политехник коллежийн багш нарын нийгмийн асуудал, цалин урамшууллын нэмэгдэл он удаан жил шийдэгдээгүй байсныг шат дараатай шийдсэн. Багш нарын цалинг үе шаттайгаар 30 гаруй хувиар нэмэгдүүлж, урамшуулал авдаггүй байсныг олгодог болсон зэргээр Төрөөс мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт олон ажил хийсэн. Одоо сургалтын хөтөлбөр агуулгад анхаарал хандуулж, өөрчлөлт шинэчлэлт хийх, сургалтын чанарыг сайжруулахаар зорьж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар шинэ хичээлийн жилийн зорилгоо "Чанартай сургалт-Тогтвортой хөдөлмөр эрхлэлт” хэмээн тодорхойлсон. Энэ хүрээнд хичээлийн хөтөлбөр, агуулгад уян хатан байдлаар өөрчлөлт оруулах юм. Чанарыг сайжруулна гэхээр зөвхөн суралцагч, төгсөгчдийн ур чадварт анхаарна гэж ойлгож болохгүй. Салбарын сургалтын чанарыг сайжруулахын тулд суралцагчаас гадна багш, удирдлага, сургалтын орчны чанар, хүртээмжийг сайжруулж, чанарын баталгаажуулалт дээр анхаарч ажиллана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619499
1 эможи

Зочин
2020-08-28 15:26
keyboard_arrow_up