“Аялагчид хогоо ачаад явах ухамсартай болсон” “Аялагчид хогоо ачаад явах ухамсартай болсон”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Аялагчид хогоо ачаад явах ухамсартай болсон”

2020 оны 9 сарын 04

Arslan.mn

Цар тахалтай холбоотойгоор гадны жуулчид ирэхгүй тул аялал жуулчлалын компаниуд энэ жил дотоодын жуулчдыг хүлээж авсан. Энэ утгаараа тодорхой хямдрал зарлаж, зээлээр аялах боломжийг ч жуулчлалын компаниуд олгосон билээ.  Нэлээд хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд хоригдсон нийслэлчүүд  амралтаа ая тухтай өнгөрүүлэхээр урьд жилүүдийнхээс түлхүү хөдөөг зорьж, аялж, зугаалсан.  Монгол орныхоо үзэсгэлэнт, үүх, түүхийн өлгий нутгаар аялан, амарч зугаалах хүмүүсийн тоо энэ эрчээрээ жилээс жилд нэмэгдэнэ гэж аялал жуулчлалын салбарынхан үзэж байна. Нэг талаараа дотоодын аялал жуулчлал ийнхүү нэмэгдэж байгаа нь олзуурхууштай.  Нөгөө талаар амарч зугаалахаар хөдөө гадаа явж байгаа хүмүүс уусан ундаа, идсэн хоол, хүүхдийн живх, хэрэглэсэн бүхий л зүйлсийнхээ хог хаягдлыг үлдээж, орхиод ирдэг. Тэдний явсан, зугаалсан газар бүр хөдөө тал, уул овоо, усны хөвөө гээд хоггүй газар ховор байдаг. Уг нь хотоос ачаад очиж болсон юм чинь хэрэглэсэн хогийг ачаад, хогоо цэг дээр аваачаад хаях тийм ч хэцүү ажил биш байлтай.

Дотоод аялагчдын тоо 2016, 2017 онд давхардсан тоогоор хоёр саяд хүрчээ. Тухайлбал, 2017 онд гаргасан тоон мэдээллээр Хамрын хийдэд 54 мянга, Эрдэнэзуу хийдэд 40 мянга, Хустайн байгалийн цогцолбор газарт 20 мянга, Орхоны хөндийн Улаан цутгаланд 15 мянган дотоодын жуулчин аялжээ. Мөн Хөвсгөл нуурыг зорих аялагчдын тоо зөвхөн наадмаар гэхэд л 45 мянгад хүрдэг аж. Аглаг бүтээлийн хийд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 2017 онд л гэхэд тус бүр 500 мянга гаруй иргэн зочилжээ. Нийслэл орчмын аялал жуулчлалын бүсэд аялсан жуулчдаас өдөрт хоёр тонн хог гардаг гэсэн судалгаа ч бий. Нийслэлийн ногоон бүсэд ийм хэмжээний хог гардаг юм чинь хөдөө орон нутгийн байгалийн үзэсгэлэнт цогцолборт газруудад түүнээс ч их хог гарах нь ойлгомжтой.

Судалгаагаар нэг иргэн өдөрт дунджаар бараг нэг килограмм буюу 270-900 грамм хог хаядаг аж. Ингээд тооцвол хоёр сая дотоодын аялагч өдөрт хоёр мянган тонн хог үйлдвэрлэж байна. Хэрэв байгальд зөв, соёлтой аялахгүй бол аялагч бүрийн тоогоор өдөрт энэ хэмжээний хог байгалийг хорлоно гэсэн үг. Тиймээс хэрэглэсэн хогоо байгальд үлдээгээд явдаггүй соёлд суралцахаас гадна нэг удаагийн аяга, таваг хэрэглэхээс татгалзах зэргээр аль болох хог бага үйлдвэрлэх ухаанд суралцах шаардлагатай байна.

“Аяны хугацаанд 11 удаагийн гэмт хэрэг, 164 зөрчил бүртгэгдсэн”

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, JICA олон улсын байгууллагатай хамтран долдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 28-ны хооронд дотоодын аялагчдад чиглэсэн “Ирлээ, явлаа, цэвэр” аяныг зохион байгуулсан билээ. Уг аяны хүрээнд иргэдийг байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй аялахад уриалсан контент бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр түгээх, Улаанбаатар хотоос гарах болон аймгууд руу орох постуудад иргэдэд “Аяллын дүрэм”, байгальд ээлтэй цэвэрхэн аялахыг уриалан хогийн болон халаасны уут тарааж, олон нийтийг байгаль хамгаалах үйлсэд уриалах, оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг системтэйгээр зохион байгуулсан.

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяр “Арга хэмжээний үр дүнд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан гэж үзэж байна. Мэдээж өргөс авсан юм шиг бүх зүйл сайхан болчихгүй. Үр дүнд аялагч нар хогоо ачаад явах, хогийг зориулалтын саванд хийх ухамсартай болжээ. Аялагчид түүх соёлын өв, дурсгалд хүндэтгэлтэй хандах тал дээр дутагдалтай байна. Сүг зурган дээр очоод л эрээчээд, янз бүрийн юм сийлсэн зөрчил олон бүртгэгдсэн. Мөн голын усанд тээврийн хэрэгслээ угаах асуудал их байна. Үүнээс гадна тарваган тахлын өндөр эрсдэлтэй нөхцөл байдал бүртгэгдээд байхад л эд эрхтэнг нь худалдаалах, зөөвөрлөх зөрчил тасралтгүй бүртгэгдэж байна. Ойн дагалдах баялаг самарыг бэлтгэсэн зөрчил хэд хэд бүртгэгдлээ. Аяны хугацаанд 11 удаагийн гэмт хэрэг, 164 зөрчил бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын ногоон бүсүүдэд анхаарч ажилласан. Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Туул голын ай сав газар, Нийслэлийн аврах 105 дугаар анги, Нийслэлийн цагдаагийн газрын морьт эргүүл гэх байгууллагуудтай хамтарч эргүүл шалгалтын ажиллагааг явууллаа. Илэрсэн зөрчлүүдэд тухай бүрт нь арга хэмжээ авч ажилласан. Экологийн цагдаагийн албаны пэйж хуудас, групуудэд иргэдээс мэдээлэл авч байгаа. Тээврийн хэрэгслийн дугаар, эзэмшигч нь тодорхой бол дуудаад холбогдох арга хэмжээг авч ажилладаг. Зөвхөн тээврийн хэрэгслээ голд угаасан 132 зөрчил бүртгэгдсэн. Үүнд 6.4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Мөн голын ай сав газарт том миксэр машинууд цементний үлдэгдэл хогоо асгах ноцтой зөрчил гарч байна. Тухай бүрт нь арга хэмжээ авсан” гэсэн юм.

“Аяллын 10 алтан дүрмийг зөвлөмж болгон гаргасан”

ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Анура “Аяны хүрээнд иргэдийг байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй аялахад уриалсан  контентуудыг  бэлтгэж,  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнүүдээр түгээх, Улаанбаатар хотоос гарах болон аймаг руу орох постуудад “Аяллын дүрэм” түгээж, иргэдийн аялах боловсролд дэмжлэг үзүүлэх, Иргэд олон нийтийн байгаль хамгаалах үйлсэд оруулах оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг системтэйгээр зохион байгуулсан.

Тухайлбал Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн зам дагуу “Unitel” групптэй хамтран аяллын дүрмийг олон нийтэд түгээж мөн байгальд ээлтэй цэвэрхэн аялахыг уриалан хогийн уут, халаасны уутыг мөн тарааж ажиллаж байна. Олон улсын хэмжээнд аяллын бүс нутгуудад тусгайлсан аяллын дүрмийг боловсруулан чанд мөрдөхийг шаарддаг. Энэ жишгээр манай улсын дотоодын аялагчдын хувьд байгальд ээлтэй аяллын дүрмийг биелүүлэх мөрдөх нэн тэргүүний шаардлага бий. Ихэвчлэн ил задгай хогоо байгальд хаясан, гол ус бохирдуулсан, ил галын улмаас ой хээрийн түймэр дэгдээсэн зэрэг зөрчлүүд олонтаа гардаг. Иймээс Экологийн цагдаагийн албанаас аяллын 10 алтан дүрмийг зөвлөмж болгон гаргаж, аялагчдад даган биелүүлэх, мөрдүүлсэн.

Энэ жил дотоодын жуулчдын урсгал идэвхжсэн тул энэ жил 20 орчим стандартын шаардлага хангасан отоглох цэг байгуулан ажилласан. Эдгээр отоглох цэгүүд нь машин болон майхны зогсоолтой, ил гал түлдэг цэгтэй, ариун цэврийн газартай байх юм. Иргэд дуртай газраа хорхог боодог хийж гал түймэр тавих нь түгээмэл. Дээр нь иргэдийн урсгал гол нууруудыг чиглэдэг тул дагаад хог хаягдал бохирдлын асуудал хөндөгддөг. Тиймээс иргэдийн аялдаг гол чиглэлүүдэд отоглох цэгүүдийг байгуулан ажилласан” гэлээ.

Цар тахлаас үүдэн энэ жил дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжсөний сацуу нөгөөтэйгүүр өнөөх л улиг болтол яригддаг аялагчдын боловсролд ч бас тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлж, байгальд ээлтэй ул мөргүй, хоггүй аялах ухамсар иргэн бүрийн толгойд суусан биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.4 БААСАН № 171 (6396)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619652
0 эможи

Зочин
2020-09-05 18:51
Зочин
2020-09-04 13:16
keyboard_arrow_up