Ногдол ашгаа НӨАТ-ын буцаан олголтын дансаараа авах ЗААВАР
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Ногдол ашгийг өчигдрөөс /2020.09.03/ иргэдийн дансанд шилжиж эхэлсэн.
Иргэдийн дунд “И баримт” цахим системд бүртгүүлсэн дансанд автоматаар ногдол ашиг шилжинэ гэдэг хүлээлт үүсээд байгаа юм. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголт хүлээн авдаг дансаараа хувьцааны ногдол ашгааа авахын тулд “ebarimt.mn" системд өөрийн бүртгэлээр нэвтэрч баталгаажуулалт хийх зайлшгүй шаардлагатай юм байна.
Тодруулбал "ebarimt.mn” системд өөрийн бүртгэлээр нэвтрэхэд хувьцааны ногдол ашгаа дээрх системд бүртгэлтэй дансаараа хүлээж авах эсэхийг тодруулсан цонх автоматаар гарч ирнэ. Энэ цонхны “Тийм, “Үгүй” гэсэн товчноос сонголтоо хийснээр данс баталгаажих юм байна.
Данс баталгаажснаас хойш ажлын гурван хоногийн дотор ногдол ашиг шилжих аж. Та хувьцааны данстай эсэх болон хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаа 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа /эхний хоёр үсгийг латинаар бичнэ/ илгээж шалгах боломжтой.