Н.Наранцэцэг: Иргэд регистрийн дугаараар санал өгөх хэсгийн хороогоо шалгаж, баталгаажуулах боломжтой Н.Наранцэцэг: Иргэд регистрийн дугаараар санал өгөх хэсгийн хороогоо шалгаж, баталгаажуулах боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Наранцэцэг: Иргэд регистрийн дугаараар санал өгөх хэсгийн хороогоо шалгаж, баталгаажуулах боломжтой

2020 оны 9 сарын 04

Arslan.mn

Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан хуулийн дагуу шилжилт хөдөлгөөнийг зогсоож, иргэдийн мэдээллийг шинэчилсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Н.Наранцэцэгтэй ярилцлаа.


-Ирэх сард орон нутгийн ээлжилт сонгууль зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан танай байгууллагын гүйцэтгэх үүрэг болон сонгогчдын нэрийн жагсаалт гэж юу болохыг тайлбарлаж өгнө үү?

-Монгол Улсын Их хурлын 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 23-р тогтоол гарсан. Энэхүү тогтоолд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн товыг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 20-р зүйлд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, нягтлан шалгах, үйлдэх, танилцуулах, хүргүүлэх үйл ажиллагааг улс орон даяар нэгдсэн удирдлага дор зохион байгуулах, хангах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх нь манай байгууллагын эрхлэн хариуцах, гүйцэтгэх ажил. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суух хаягийн бүртгэлтэй, сонгууль өгөх эрх бүхий иргэдийг овог нэр, эцэг эхийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, байнга оршин суугаа хаяг зэргийг нь харгалзан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ. Сонгогчдын нэрийн жагсаалт гэдэг бол сонгууль өгөх иргэдийн нэрс гэсэн үг л дээ.

-Өмнөх УИХ-ын ээлжит сонгуулиар хаягийн зөрчилтэй иргэд их байсан. Эдгээр иргэдийн зөрчлийг арилгасан уу?

-УИХ-ын ээлжит сонгуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ний өдөр зогсоосон. Яг сонгууль зохион байгуулагдахаас таван сарын өмнө гэсэн үг. Харин УИХ-ын ээлжит сонгууль дууссаны маргаашнаас шилжилт хөдөлгөөний бүртгэл нээгдсэн.

Иргэд маань хууль сайн мэдэхгүй, санамсаргүй байдлын улмаас шилжилт хөдөлгөөний бүртгэлдээ бүртгэгдэж амжаагүй байсан. Энэ иргэд маань байнгын оршин суудаг байсан хаягнаасаа өөрсдөө шилжин явсан боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан.

Мөн сонгуулийн тухай хуульд заасны дагуу төрийн зургаан байгууллага сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулж манай байгууллагад мэдээлэл ирүүлдэг. Энэхүү мэдээлэл нь сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах мэдээлэл байдаг. Тодруулбал, улсын дээд шүүхээс эрх зүйн чадамжгүй, шүүхий шийдвэрээр тогтоогдсон иргэдийн нэрийн жагсаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хорих ангид ял эдэлж байгаа, албадан эмчлүүлж байгаа иргэдийн нэрийн жагсаалт, батлан хамгаалах яамнаас тухайн алба хааж буй газартаа сонгуулийн бүртгэлгүй алба хаагчдын мэдээллийг тус тус манай байгууллагад ирүүлдэг. Мөн хил хамгаалах ерөнхий газраас гадаадад 60 болон түүнээс дээш хоног зорчсон иргэдийн мэдээллийг хүргүүлдэг. УИХ-ын ээлжит сонгуулиар эдгээр төрийн зургаан байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн “хасав” буюу “түр хасав” тэмдэглэгээг тавьдаг. Энэхүү тэмдэглэгээтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит сонгуулиар хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэл дээр цөөнгүй гомдол, хүсэлтүүд ирүүлсэн. Жишээлбэл, “Намайг гадаад улс руу зорчоогүй байхад “түр хасав” тэмдэглэгээ тавьсан байна”, “Саяхан эргэн Монголдоо ирсэн байхад ийм тэмдэглэгээ тавьчихжээ” гэдэг гомдлыг ирүүлдэг.

Гэхдээ манай байгууллагын зүгээс УИХ-ын ээлжит сонгуулиар үеэр гарсан “түр хасав” тэмдэглэгээтэй холбоотой гомдол гаргасан иргэдийн материалыг цуглуулан, хил хамгаалах ерөнхий газартай хамтран 4 мянга гаруй иргэдийн мэдээллийг шинэчлэн “нэмэх” тэмдэглэгээг тавьсан. Ирэх орон нутгийн ээлжит сонгуулиар эдгээр иргэд маань сонгуульдаа оролцох бүрэн боломжтой.

-Орон нутгийн ээлжит сонгуулиар хэдэн хүн санал өгөхөөр сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн бэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуульд нийт 2 сая 143 мянга орчим сонгогч санал өгөх бүртгэлтэй байна.

-Иргэд маань орон нутгийн сонгуульд оролцохоосоо өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад онлайнаар нэрээ баталгаажуулах хэрэгтэй гэсэн. Гэвч шалгахгүй яваад мэдээлэл нь алдаатай бол цаг тулгаж мэдэх тохиолдол их гардаг гэсэн?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.4-д заасны дагуу манай улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сонгуулийн санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрсдийн веб хуудаснаа байршуулаад иргэдийг үүнтэй танилцах боломжоор хангасан байх ёстой. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс бид 2020 оны долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн burtgel.gov.mn веб хуудаснаа сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулсан байгаа. Иргэд маань регистрийн дугаараараа бүртгүүлээд холбогдох кодыг оруулан аль хэсгийн хороон дээр санал өгөх юм бэ гэдгээ шалгах, баталгаажуулах боломжтой. Хэрвээ иргэд веб хуудасны байршсан нэрийн жагсаалттайгаа танилцаад бүртгэгдээгүй эсвэл алдаатай бүртгэгдсэн байгаа бол аймаг, нийслэл, сум, дүүргийнхээ улсын бүртгэлийн хэлтэст хандан өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Энэ өргөдөл, гомдлыг манай холбогдох нэгжүүд шалган нягтлаад иргэнд нь хариу өгч мэдэгдэж байгаа. Мөн иргэд веб хуудаснаа байршсан мэдээлэлтэйгээ танилцаад “Зөрүүтэй бол мэдээллэх” товчийг дарж болно. Иргэдийн дунд түгээмэл байдаг нэрийн жагсаалттай холбоотой асуудал бол тухайн иргэн маань байнга оршин суудаг байсан хаягнаасаа шилжээд явчихсан мөртлөө шилжилт хөдөлгөөний бүртгэлд хамрагдаагүй байдаг. Иргэд маань ч гэсэн байнга оршин суудаг байсан хаягнаасаа шилжсэн эсэхээ сайн нягталж, “Зөрүүтэй бол мэдээллэх” товчийг дараарай. Тэгэхгүй бол улсын бүртгэлийн хэлтсийнхээ ачааллыг ихэсгэх хүндрэл үүсч байна.

-Веб хуудсаар дамжуулан сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломжгүй иргэд хэрхэн жагсаалттай танилцаж, баталгаажуулах вэ?

-Хэрвээ burtgel.gov.mn веб хуудсанд хандан сонгогчдын нэрийн жагсаалттайгаа танилцах боломжгүй бол иргэд харьяа улсын бүртгэлийн хэлтэс дээрээ очин танилцах боломжтой. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.9-д заасны дагуу цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ. Энэ үеэс эхлэн сонгогчид цаасан байдлаар сонгуулийн санал өгөх хэсгийн хороонд нь хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломжтой. Хэрвээ танилцах үеэр иргэдийн мэдээлэл бүртгэгдээгүй, зөрүүтэй, алдаатай байвал тухайн хэсгийн хороон дээр байрлах итгэмжлэгдсэн ажилтанд хандан шийдвэрлүүлж болно.

-Иргэд маань хаягийн бүртгэлээсээ гадна өөр юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх явцад гардаг нэг түгээмэл асуудал бий. “Би тухайн оршин сууж байгаа газрынхаа үйл хөдлөх хөрөнгийг нь зараад явчихсан хэдий ч шилжилт хөдөлгөөний бүртгэлд хамрагдаагүй” гэдэг. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн 16-р хороонд байрлах байраа бусдад зарчихсан байж, шилжилт хөдөлгөөний бүртгэлдээ 10 хоногийн дотор бүртгүүлээгүй байдаг. Үүний улмаас тухайн Баянгол дүүргийн 16-р хороонд байрлах байран дээр шинээр шилжин ирсэн хүмүүсийн нэрс, хуучин амьдарч байсан хүмүүсийн нэрстэй нийлээд нэмэгдээд байдаг. Гурван ам бүлтэй айл нэг байр худалдан аваад нүүгээд ирсэн чинь хуучин айл нь таван бүлтэй хэдий ч шилжилт хөдөлгөөндөө бүртгүүлээгүй бол тухайн айлын ам бүл найм болоод бүртгэгддэг. Тухайн айлын хаяган дээр хүн нэмэгдэж бүртгэгдсэн байна гэсэн асуудал, гомдол ихээр гардаг. Харин үүнийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэрвээ танай хаяган дээр таны мэдэхгүй хүн бүртгэлтэй байгаа бол харьяа улсын бүртгэлийн хэлтэсдээ хандах ёстой. Таны гаргасан өргөдөл, гомдлыг улсын байцаагч хянан шийдвэрлээд тухайн мэдэгдэхгүй гараад ирсэн иргэний хаягийг түтгэлзүүлдэг. Монгол улсын 2018 оны 332-р тогтоолоор батлагдсан “Монгол улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх мэдээллэх журам”-ын 4.1-д заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тухайн иргэний хаягийг түдгэлзүүлж болно гэсэн заалт бий.

Та бүхэн харьяа аймаг, нийслэл, сум, дүүргийнхээ улсын бүртгэлийн хэлтэст хандан нэрийн жагсаалтаа шалгуулан хаяган дээрээ хэдэн ам бүлтэй, хэдэн хүн бүртгэлтэй байгаагаа мэдэж болно.

-Орон нутгийн сонгуультай холбогдуулан хэзээнээс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хаасан бэ? Хэзээ эргэн нээгдэх вэ?

-Орон нутгийн ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.1-д Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан.

Үүнийхээ дагуу бид өнгөрөгч наймдугаар сарын 16-нд иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсоосон. Харин сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр буюу ирэх аравдугаар сарын 16-нд сэргээнэ.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619671
0 эможи

Зочин
2020-09-07 15:04
Зочин
2020-09-05 18:52
Зочин
2020-09-05 12:05
keyboard_arrow_up