САЙД НАР ХӨДӨӨГҮҮР АЯЛЖ ЯВНА
Хийх ажлуудаа бодвол ч намрыг налгар гээд байхааргүй л улирал. Ургац хураалт, хадлан ногоо, малчдын өвлийн бэлтгэл гээд хөдөө нутагт ид бужигнаж байна. Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт зочиллоо.
Ургацын байдал:
Улаан буудайн ургацаа лав санасандаа хүртэл авах нь З.Мэндсайхан сайдын ярианаас тодорхой болов. Энэ жилийн хувьд ургац сайн гарч, 523 мянган тонн үр тариа, түүний дотор 487 мянган тонн улаан буудай хурааж авахаар төлөвлөжээ. Дотоодынхоо гурилын нөөцийг бүрэн хангачих хэмжээ.
Мөн тариа хураалтын ажилд хүн хүчний асуудал хүнд байгааг салбарын яам шийдвэрлэж оюутнуудыг цалинтай ургац хураалтын ажилд урьжээ. Батлан хамгаалах их сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулиас хоёр мянгаад оюутан энэ аянд хамрагдсан байна. Тариаланчид маань “тэнгэр таалсаар байвал” ургац хураалтаа 20-25 хоногт багтаан дуусгана гэж амлалаа.
Жилийн жилд тариаланчид малчдын хооронд чамгүй хөл хөсөөн үүсдэг билээ. Арай гэж ургуулж байгаа тариа ногоог нь мал ороод идээд байдаг. Малын хөлөөр гардаг сүйтгэлээр ургацынхаа 30 хувийн алддаг нь дундаж тоо. Гэтэл дан тариаланчдаа дэмжээд малчдаа ад үзэж болдоггүй. Сэлэнгэ аймаг хуучин 300 мянган мал тоолуулдаг байсан бол өнөөдөр энэ тоо 1,2 саяд хүрчээ. Ашиг шим багатай атлаа багталцахгүй болох зовлон бодитоор нүүрлэсэн нь энэ. Үүний цорын ганц оновчтой шийдэл нь газар тариалангийн бүс нутгуудаар эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх явдал юм гэж салбар хариуцсан сайд ярьж байна. Нэгэнт тариалан байгаа газар малын тэжээл ч байна. Атрын IV аяны хүрээнд хийж гүйцэтгэх тоног төхөрөөмжийн шинэчлэл, үрийн фонд, хүнсний ногоо, ургамлын тосоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зэрэг олон зорилгоос онцлон хэлж буй нь энэхүү эрчимжсэн мал аж ахуй.
Өвөлжилтийн байдал:
Энэ жил зургаан аймагт өвөлжилт хүндрэх төлөв гарчээ. ХХААХҮЯ-аас малчдад зориулсан хадлангаа эртхэн базаах уриалга, видео ажлууд гараад байсан нь ийм учиртай байж. Үүнтэй холбогдуулан салбарын яамнаас Шадар сайдад хаягласан зудын эрсдэлийн үнэлгээ хийх хүсэлт илгээж мөн энэ жилийн өвс, тэжээл, хивэгний экспортыг хязгаарлалаа.
Дархан Агро парк
Мөн аяллын хүрээнд сайд нар Дархан хот дахь Хөдөө аж ахуйн цогцолбор үйлдвэрийн ажилтай танилцав. Манай улсад нийт 80 сая толгой мал байдгаас бид нэг жилд 16 саяыг нь “иддэг” аж. Арьс шир нь үндсэндээ хаягддаг гэхэд болно. Харин Дарханы Агро парк ашиглалтад орвол жилдээ 10 сая арьс шир боловсруулах 13 үйлдвэр ажиллаж эхэлнэ. Өнөөдөр ганц бохины үнэд хүрч шалдаа унасан хонины нэхий боловсруулсны дара 14 ам.доллар хүрнэ гэсэн тооцоолол хийжээ.
Мөн жилдээ 10 мянган тонн ноос боловсруулах буюу угаах, самнах үйлдвэр ашиглалтад орно. Дагаад эсгийний үйлдвэр, судалгаа хөгжлийн инновацийн төв, желатин уурагийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж баригдана. Улаанбаатар хотод ажилладаг 40 орчим арьс ширний үйлдвэрүүдийг энд төвлөрүүлэхээр болсон нь магадгүй нийслэлчүүдийн хувьд сайхан мэдээ ч байж болох юм.
“Саад бэрхшээл хаана байна вэ?” гэсэн Ерөнхий сайдын асуултад “Боловсон хүчний асуудал хурцаар тавигдаж байна” гэж Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариуллаа. Тус яамны зүгээс эл цогцолборт ажиллах боловсон хүчин, тэр дундаа нарийн мэргэжлийн ажиллагсдыг их, дээд сургуулиудтай хамтран бэлдэхээр төлөвлөжээ. Одоогоор мэргэжилтэн бэлддэг гурван МСҮТ ажилладаг аж. Мөн шууд буй болох 3000 гаруй ажлын байр, тэдгээрийн гэр бүлийн тав тухыг хангах орон сууцны хорооллын 7 га газрыг Дархан хотод бэлджээ.
Агро парк цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явц 60 хувьтай байна.
Ж.Эрдэнэ