Д.Дашмаа: Авлига албан тушаалын хэрэг 10 хувиар нэмэгдсэн
Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр (УЕПГ) олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Олон нийттэй харилцах албаны дарга Д.Дашмаагаас тодруулга мэдээлэл авлаа.
-“Ял эдлүүлэх ажиллагаа”-нд тавьсан хяналтын ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?
- Прокурорын газраас хорих ял цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж буй эсэх болон дагаж мөрдөх хууль журмыг зөрчсөн эсэхэд шалгалт хийлээ. Шалгалтын явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 2038 зөрчлийг илрүүллээ. Эдгээр зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байхын тулд 131 шаардах бичиг бичиж, тохирох арга хэмжээг хуулийн дагуу авав. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй 51 албан хаагчид сахилгын хариуцлага тооцуулсан.
Прокурорын байгууллагаас ийнхүү шалгалт хийснээр ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлж буй албан тушаалтан болон иргэд ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг бүрэн сахиж байгаад хяналт тавих ач холбогдолтой юм.
-Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналт болон зөрчлийн хэргийн шийдвэрлэлт ямар байгаа вэ?
- Хяналт тавьсан зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл 2020 оны 3 дугаар улирлын байдлаар 1.793.796 байна Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 296.715-аар буюу 19,8 хувиар өссөн байна.
2019 оны 3 дугаар улиралд 24.575 зөрчлийн хэрэгт хяналт тавьж байсан бол 2020 оны 3 дугаар улиралд 25.046 зөрчлийн хэрэгт хяналт тавьж өмнөх оноос 471 хэргээр буюу 2 хувиар өссөн.
Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 2019 онд 92.6 хувьтай байсан бол 2020 онд 94 хувь болж 1.4 хувиар өссөн байна. Зонхилон үйлдэгддэг зарим зөрчлийн хэргүүд буурсан байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1 хувиар, Хулгайлах зөрчил 42 хувиар, Хүний биед халдах зөрчил 10 хувиар, Эрүүл ахуйн тухай хууль зөрчих зөрчил 57 хувиар тус тус буурсан.
Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 27 хувиар, Танхайрах зөрчил 47 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 17 хувиар өссөн.
Түүнчлэн хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2.5 дахин, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил тус бүр 57 хувиар өссөн нь өндөр хувьтай байна.
Зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн хүн 26,3 хувиар, хуулийн этгээд 10,8 хувиар өссөн.
2019 оны 3 дугаар улиралд зөрчлийн хэрэгт 1.352.060 хүн, 363 хуулийн этгээд шийтгүүлж байсан бол 2020 оны 3 дугаар улирлын байдлаар 1.707.298 хүн, 3934 хуулийн этгээд шийтгүүлсэн байна.
Гаамт хэргийн талаарх гомдол, мэдээлэл буурсан үзүүлэлттэй гарсан гэдгийг мэдээлэл өгөх үеэр хэллээ. Энэ талаар.
2020 оны 3 дугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 55.322 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 21.927 буюу 40 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3395 буюу 6 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өнгөрсөн оны мөн үеэс 773 буюу 1 хувиар буурсан.
Хэрэг бүртгэлт явуулсан 64.335 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 11.520 буюу 18 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн хэрэг өмнөх оны мөн үеэс 1 хувиар буурсан бол эцэслэн шийдвэрлэсэн хэрэг 16,4 хувиар өссөн.
Мөрдөн байцаалтын 17.479 хэрэгт хяналт тавьснаас 11.171 буюу 64 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 401 буюу 2 хувийг хэрэгсэхгүй болгож, 124 хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн байцаалт явуулсан хэрэг 8 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэрэг 2 хувиар тус тус өссөн.
-Тухайлбал ...
-Хяналт тавьсан хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын хэргүүдээс Авилга, албан тушаалын, хүрээлэн байгаа орчны эсрэг, хүн худалдаалах, мөнгө угаах, эрүү шүүлт тулгах хэрэг тус тус өссөн бол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэргүүд буурсан байна.
Авилга, албан тушаалын 944 хэрэгт хяналт тавьснаас 127 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн хэрэг 10 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэрэг 2,8 дахин тус тус өссөн.
Нийтийн албан тушаалтан буюу төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг авилгын хэргийн 71,3 хувийг эзэлж байна.
-“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргүүд сүүлийн үед их гарах болсон.
-Хүрээлэн байгаа орчны эсрэг 1085 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 55 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 373 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь 77,6 хувиар өссөн.
Дээрх хэргийн 40,6 хувийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг, 35,2 хувийг 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргүүд эзэлж байна.
-Хүн худалдаалах гэмт хэрэг яагаад өссөн үн гарчээ. Ер нь орон нутагт их гарч байна уу эсхүл Улаанбаатар хотод их гарч байна уу?
-Хүн худалдаалах 31 хэрэгт хяналт тавьснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн ба 96,7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна.
Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 296 хэрэгт хяналт тавьснаас 155 буюу 52,3 хувьд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Урьд оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 5713 хувиар буурсан, шүүхэд шилжүүлсэн хэрэг 26 хувиар өсчээ. Энэ төрлийн гэмт хэргийн 81,4 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна.
Хүүхдийн эсрэг 432 гэмт хэрэгт хяналт тавьснаас хэдийг шүүхэд шилжүүлсэн вэ?
Хүүхдийн эсрэг 432 гэмт хэрэгт хяналт тавьснаас 165 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурсан, шүүхэд шилжүүлсэн хэрэг 10 хувиар өссөн байна. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 50,7 нь Нийслэлд, 49,3 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1713 хэрэгт хяналт тавьснаас 1298 буюу 75,7 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хяналт тавьсан хэрэг 22 хувиар буурсан, шүүхэд шилжүүлсэн хэрэг 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр хэргийн 61,9 хувь нь Нийслэлд, 38,1 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
Шүүхээр шийдвэрлэгдсэн олны танил хүмүүсийн хэргийн талаар мэдээлэл өгөөч?
Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн талаар мэдээлэл өгье. "Жи тайм" гэх хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэж, 13,386 хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулах шийдвэр гарсан.
Харин УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох хэргүүдийг анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн.
Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажилласан байсан С.Баяр, С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн.
Өнөөдрийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.
-М.Гантулга прокурортой холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?
-Прокурор М.Гантулгатай холбоотой асуудлыг хуулийн дагуу шалгаж байна. Одоогийн байдлаар ажлаас нь түр чөлөөлсөн байгаа.