Сонгуулийн өдөр согтууруулах ундаагаар үйлчилж, худалдан борлуулбал 10-100 сая төгрөгөөр торгоно
Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан гурван өдөр буюу аравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Хэрэв эдгээр өдрүүдэд согтууруулах ундаа худалдан борлуулсан, үйлчлүүлсэн тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгох юм.
Тодруулбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 зааснаар Сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган /10 сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган /100 сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.
Түүнчлэн, Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлд санал авах өдөр “Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах”-ыг хориглох бөгөөд үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана гэж заасан байдаг.
Иймд, иргэд, сонгогчид та бүхэн дээрхи өдрүүдэд Монгол Улсын хууль тогтоомж, захирамжийг мөрдөж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, хууль тогтоомж зөрчигчдөд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 34 дэх хэсэгт заасан арга хэмжээг тооцож ажиллахыг анхааруулж байна