Ч.ЧИНБАТ: Мөнгө, эд зүйл тараасан үйлдлүүдийг шалгаж тогтоох ажиллагаа явуулж байна
ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сонгуулийн үеэр гарсан зөрчил, гомдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд ажиллаж байна.
Цагдаагийн байгууллага хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой байж болзошгүй нийт 369 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж байгаа.
Эрүүгийн хуулийн 14.5, 14.8-д заасан гэмт хэргийн шинжтэй 23 гомдол мэдээллийг шалгаж, харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Мөн Эрүүгийн хуулийн 14.5, 14.8, 23.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг шалгаж байна.
Зөрчлийн тухай хуулийн 17.1-д заасан зөрчлийн талаарх 331 гомдол мэдээллийг хүлээн авч долоон зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Гурван гомдол мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллага, ШӨТХГ-т шилжүүлсэн.
Одоо зөрчлийн шинжтэй 169 гомдол мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Булган, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Сүхбаатар аймгууд, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд мөнгө, эд зүйл тараасан үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох ажиллагаа явагдаж байгаа. ” гэлээ.