УБЕГ: Гадаад паспорт шинээр авах зэрэг үзүүлдэг 26 үйлчилгээг ЦАХИМААР авах боломжтой
Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-иас Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 26 үйлчилгээг нэгтгэсэн талаар тус газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нэг иргэний бүртгэл гэж өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр энэ удаад цахим монгол хөтөлбөртэй нэг зарчимтай, нэг зорилготой. Олон газар үйлчилгээ үзүүлэхээс илүү нэг газраас бүх үйлчилгээг нэг газраас авах нь илүү өгөөжтэй. Бид иргэний болон гадаад паспортыг дахин захиалах зэрэг 26 үйлчилгээг E-Mongolia-аар үзүүлж эхэллээ.
2020 оны эхний хагаст 4410 үйлчилгээг burtgel.mn сайтаар авсан. Цахим үйлчилгээг өмнө нь үзүүлж байсны хувьд давуу тал нь зарим лавлагааны хувьд иргэдээс нэхдэг цаасан материал 2-5 хуудсаар багассан байна." гэлээ.
Цахим үйлчилгээг улс даяар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 274 сумыг цахим үйлчилгээнд холбоод байгаа аж.