Монгол, Исланд улсуудыг ФАТФ-ын Саарал жагсаалтаас хасах шийдвэр гарлаа
Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын ерөнхий хуралдаан энэ сарын 21-ээс 23-ны өдрүүдэд болж өндөрлөжээ.
Хурлын шийдвэрүүд Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө гарсан байна. ФАТФ байгууллага энэ хурлаараа Монгол, Исланд улсуудыг саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчноо сайжруулах үүрэг хүлээсэн орнуудын жагсаалтаас хасаж байгаагаа зарлажээ.
2019 оны аравдугаар сард Монгол улсыг энэхүү жагсаалтад оруулж, нэн даруй хэрэгжүүлэх ёстой зөвлөмжүүдийг өгөөд байсан юм.
Саяхан ФАТФ-ын ажлын хэсэг Монгол улсад ирж, зөвлөмжүүдийн хэрэгжилтийг газар дээр нь шалгасны дараа энэ сарын 14-нд хуралдсан ФАТФ-ын олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хуралдаанаар Монгол улсыг саарал жагсаалтаас хасахыг дэмжих шийдвэр гарч байжээ.