Ц.Лхагвадаш:Энэ хүмүүс чинь МҮОНРТ-ийг хүчгүйдүүлэх гэсэн далд зорилго агуулж байна
MNB Спорт сувгийн захирал Ц.Лхагвадаштай ярилцлаа.
- МҮОНРТ-д сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар яриагаа эхлэе. Тодорхой хэсэг уран бүтээлчид бухимдлаа илэрхийлж байна.Таны нэрийг цохож ярьж байна. Уран бүтээлч байсан залуу захирлын суудалд очоод өнгөрсөнөө мартчихсан гэх?
Тийм ээ, би уран бүтээлч. 1990 онд Монгол телевизийн хаалгаар орсоноос даруй 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хооронд телевиз маань доройтсон, сөхөрсөн, зах зээлийн хүнд нөхцөлүүдийг даван туулсан. Би ч бас туг ч барьж тугал ч хариулж явлаа.Тэр бүрт урваж шарвасангүй, энэ байшингаас холдсонгүй.Нэг үгээр хэлбэл би телевиздээ хайртай.Таны асуусанчлан бухимдлаа илэрхийлж байгаа хүмүүс ч над шиг л уран бүтээлчид. Надтай л адил телевиздээ хайртай. Түүх ярихад 2000-аад оны эхээр радио телевизэд санхүүгийн бэрхшээлтэй асуудлууд үүсэж бие даасан студиуд болж байлаа. Тэр үед Батцэнгэлийг “Үдшийн хэмнэл”, ерөнхий захирал байсан Наранбаатарыг “Өглөө хөтөлбөр”, талийгаач Даваанямыг ” HIT” , миний биед “Гэрэлтэй цонх” студи байгуулахыг зөвшөөрөн итгэл өгч байлаа. Олон ч студиуд гарч байсан даа. Тусдаа тоног төхөөрөмжтэй, тусдаа унаатай болж байлаа. Аж ахуйн хэмжээнд бэхжээд үдэш өглөөгүй телевизийн нэвтрүүлгийн 60 хувийг энэ дөрвөн студи нуруун дээрээ үүрч явсан үе бий. Тэгэхэд энэ улсууд хаана байсан юм? Туул намайг “Гэрэлтэй цонх” студиэс зайлуулах гэж багийг минь дотроос нь хагалан бутаргах гээд амжаагүй л дээ. Яг одоогийнх шиг л юм болж байсандаг.Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг. Би мартаагүй. Ярьвал их юм бий.Миний хувьд “Гэрэлтэй цонх” студийн захирал гэхээс илүү продюсер нь байв. Дараагаар нь Телевизийнхээ ерөнхий продюсер болж байлаа. 2012 онд шиг санаж байна. ЮНЕСКО-гийн төслөөр устаж болшгүй хэл соёлыг хамгаалах төслийн дор үндэсний цөөнхөд зориулсан хоёрдугаар сувгийг МҮОНРТ-д анх SD форматаар байгуулах шийд гарч намайг ерөнхий продюсерын хувьд тухайн үеийн Ерөнхий захирал нь итгэл хүлээлгэн захиралаар нь томилсон. Одоо тэр суурин дээр Монголын Мэдээ суваг ажиллаж байгаа. Гэхдээ Лхагвадаш дандаа захирал байгаагүй шүү. Улс төрийн намын золиос болж телевизээс хөөгдөж ч байсан.Оюундарь захирлын үед байгууллагын төсвийг 50 хувь танаж гуравхан тэрбум төгрөгтэй болоход 70 хүнийг цомхтгосон. Хэн нь ч тэгэхэд өргөдөл, гомдол гаргаагүй, шүүхдээ ч үгүй.
- Яг одоогийн байдлаар миний ойлгож байгаагаар төсөв танасан ч ажилтнуудаасаа нэгийг ч цомхотгоогүй тийм үү?
- Тийм ээ. Нэгийг ч цомхотгоогүй. Нэг ч хүнийхээ цалинг хасаагүй. Харин ажил гүйцэтгэлийн 20 хувийг л түр зогсоосон.Энэ 20 хувийг албаны дарга нар нь тухайн ажилтан ажилдаа ирж байгаа, ажлаа чанартай хийж байгаа эсэхээс шалтгаалан олгодог нэмэгдэл. Зөвхөн спорт суваг дээр жишээ авья. Govid-19-ээс болоод бүх спортын тоглолт зогссон. Бид нар юу хийх вэ? Гадаа гаръя нэг ч тэмцээн уралдаан байхгүй. Бүх спорт заал, төвүүд хаалттай. Гадаадын спорт үзүүлээд байя гэхээр дэлхий нийт бас хаалттай. Тэр байтугай олимп хойшилсон. Ингээд дотоод,гадаадын контентгүй. Тиймээс онцгой байдлын үед гаргаж байсан шийдвэрийн дагуу хүмүүсийг сул зогсолтод хамруулж эхэлсэн. Тэгэхдээ сул зогсолтыг 60 хувиар гэж хөдөлмөрийн хуулинд заасныг үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан гурвалсан гэрээг үндэслэн 70 хувиар олгох байсан ч бүр 80 хувиар олгосон. Бас 70 хувиараа ч олгож байсан. Энэ нь гаднаас харахад мөнгө хуримтлагдаад байгаа юм шиг атлаа зургадугаар сараас эхлээд 760 ажилтныхаа цалин руу гарч эхэлсэн дээ.Улсын төсвийн санхүүжилт олгогдохоо больсон учраас тэр шүү дээ. Маркетингийн бага сага орлого, хураамжийн төлбөрөө нийлүүлээд 6,7,8 сарыг давлаа. Улсын төсвийн дэмжлэгээ хүссэн захирлууд сангийн яам,ордон хоёрын хооронд сайд, гишүүдийн үүдийг сахиастай. За ингэж байтал Улсын төсвийн тодотгол дээр цар тахлын үе гээд манай төсвийн дэмжлэгээс 5,2 тэрбум төгрөгийг сангийн яам хасчихсан. Ерөнхий захирал маань Ерөнхий сайд гээд ороогүй хүн байхгүй. Ерөнхий захирал Нинжжамц өдгөө ч ганцхан байр суурин дээр хатуу зогсч байгаа.“Би Ерөнхий захирал байгаа цагтаа энэ цаасан дээр нэр нь бичээстэй 760 хүнээс нэг ч хүн халахгүй” гэж байгаа.
- Миний ойлгож байгаагаар ажил гүйцэтгэлийн 20 хувь энэ хүмүүст яг цалин хөлс шиг ойлгогдчихсон юм байна.
- Тийм Авч байх ёстой юм шиг.
- Тэгэхээр ихэвчлэн өгч ирсэн юм байна тийм ээ?
- Тийм.
- Ер нь бол хасч танахаасаа илүү өгч ирсэн юм байна. Тийм болохоор хүмүүсийн сэтгэхүйд цалингийн 20 хувь хасагдчихлаа гэдэг ойлголт төрсөн байна шүү дээ.
- Тийм.
- Хараад байхад зорилго нь цалин биш өөр л тал руугаа явчихлаа даа?
- Зорилго өөр болчихсон. Би үүнд эгдүүцэж байгаа юм. Анхнаасаа зорилгоо ил бариад тэмцээд явахгүй дээ. Хумсаа нуусан муур шиг. Хүн мэдээж 20 хувь буцааж олгоё гэхээр ингэж болдог юм уу тэгвэл 20 хувиа авчихая гэж итгээд гарын үсгээ зурчихсан байгаа юм. Ингээд л гарын үсэгнүүдийг нь өөр зорилгоор ашиглаж эхэлсэн. Буух эзэн буцах хаяггүй, чиглэсэн эзэнтэй санал гомдлын хайрцагийг ажиллуулж байх жишээтэй. Өөрсдөө бүх хайрцагаа суллаж аваад дотор нь редакц хийгээд л, саналаа түүвэрлээд л, аваад л, тавиад л ингэж явсан байгаа юм. Тэгээд Үндэсний зөвлөлд өгсөн.Үндэсний зөвлөл саналуудыг нь хүлээж аваад ажлын хэсэг томилсон. Ажлын хэсэг нь одоо ч гэсэн ажиллаж л байгаа. Тэгэхэд одоо хар даа.Толгой хагаравч малгай дотроо гэдэг дээ. Гэтэл олон нийтийн сүлжээнд байнга л тавьж байна. Хүмүүс хөлслөөд л. Тэр мөнгө хаанаас нь ч гардаг юм бүү мэд. Гайгүй гэсэн сэтгүүлчдээр нийтлэл ч юм уу өширхөл ч юм уу бичүүлээд эхэлсэн байгаа биз дээ. Миний сонсоход тэр хүмүүс 2-3 сая төгрөгөөр бичдэг гэсэн.
- За бүүр MNB Sport болон бусад сувгийг хаах тухай асуудал яригдаж байгаа. Нинжжамц ирээд данхайлгасан бүтэцтэй болголоо?
Ийм юм ярихаасаа ичээч. Гадагшаа дотогшоо явж зөндөө л юм үзсэн. Урд хөрш CCTV 1-15, 16,17. Тийм олон төрөлжсөн сувагтай. Мэдээ мэдээллийн, спортын, хөгжмийн, хүүхдийн, киноны, улс төрийн, эрүүл мэндийн, гэр бүлийн гээд өчнөөн суваг байна. NHK бидний хамгийн их жишээ авах дуртай олон нийтийн статустай телевиз. Мөн л олон сувагтай. Олон сувагтай байж олон нийтийн радио телевиз өөрөө хүчирхэг оршдог.
- Хүч тарамдах асуудал байхгүй юу?
- Байхгүй. Хаана байгаа юм.
- Тэд нар одоо тийм л юм яриад байна лээ?
- Үгүй шүү дээ. Жишээ нь өөрийнхөө суваг дээр жишээ авья. Спортын редакц, спортын нэвтрүүлгийн “Чандмань” студи, өдгөө бүр суваг болж өргөжлөө. Г.Отгонжаргал, Батжаргал, Цагаандалай, Сүхбаатар, Дуламсүрэн нар маань спортын төрөлжсөн сувагтай болох юмсан гээд амьдралаа зориулж шатаж явсан. Хүч тарамдаад байгаа асуудал байхгүй. Ганцхан сувагт контент, нэвтрүүлэг хийгээд цаг олдохгүйн зовлон байлаа. Нөгөө спортын асар үнэтэй тоглолтуудыг шууд дамжуулж чадахгүй. Цагийн хүрдэд 10-хан минут, долоо хоногт ганцхан спортын тойм. Нэмээд цагаан сар, наадмын бүх шууд дамжуулалт ингээд л болоо.Их спортоо яах юм? Олимпод авсан алтан медалаараа гайхуулж байгаа жудогийн том том тэмцээнүүдээ хаагуур нь дамжуулах юм гээд тийм цагийн бэрхшээлүүдтэй байсан.Манайхан лав 17 цагийн эфирийг өлхөн хийгээд явж байгаа. Энэ бол ажлын зөв хуваарилалт буюу зөв менежментийн үр дүн. МҮОНРТ гадаад зах зээл дээр хүчирхэгжиж байгаагийн нэг хэлбэр. Эднийх спортын суваг битгий нээчихээсэй тэгвэл бид энэ талбар дээрээс хоолоо олж идэж чадна гээд өөрсдөө бяр, чадал нь дутаад явж байгаа хүмүүс байгаа. Ийм сайхан ирээдүй харагдаж байхад өөрсдөө татан буулгаачээ гээд байх юм. Би гайхаж байна. Бидний зах зээлийг булаагаад байна гээд өөр бусад нь санхүүжүүлээд байгаа юм уу? Тэгээд энэ сувгуудыг татан буулгах гээд байгаа юм уу? Би хардах эрхтэй. Манайхыг хүчгүйдүүлэх гэсэн далдуур зорилго байхыг үгүйсгэхгүй.