СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж, 2-7 насны ДӨРВӨН ХҮҮХЭД амиа алджээ
Өнгөрөгч амралтын өдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр бага насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд иргэн О-ийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт С /7 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/, Э/2 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байна. Улмаар хүүхдүүдийн цогцсыг гаргаж Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж, галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.