УВАЙГҮЙ байх нь хождог гэж УРИАЛЖ болохгүй л дээ УВАЙГҮЙ байх нь хождог гэж УРИАЛЖ болохгүй л дээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УВАЙГҮЙ байх нь хождог гэж УРИАЛЖ болохгүй л дээ

2020 оны 10 сарын 28

Урваж шарвасан увайгүй үйлдлийг хожил, ялалт гэж үзсэн жигшмээр муухай явдал Монголын төрд болохыг харлаа. Тодруулбал, орон нутгийн сонгуульд нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж сонгогдсон МАХН-ын гишүүн Э.Магнайбаяр гэдэг залуу дүүргийн төлөөлөгч болонгуутаа эрх баригч Монгол Ардын намд гишүүнээр элсэж намаасаа, намын журмын нөхдөөсөө, мөн нийт сонгогч олноосоо урвасан юм. Энэхүү урвагч нөхрийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын даргаар сонгогдоод байгаа Д.Сумъяабазар нар Төрийн ордонд хүндэтгэн хүлээн авч, намын батлахаа хүндэтгэн гардуулсан нь Монголын төр ямар дорой, ямар өрөвдмөөр, ямар үхээнц байдалтай байгааг илтгэв.

Урвагч гэдэг хэзээнээсээ нэргүй. Товчхондоо, хүний адаг, нийгмийн шаар байдаг. Ямар сайндаа урваснаас үхсэн нь дээр хэмээн эртнээс хэлж ярьж ирсэн ийм л ард түмэн. Гэтэл нэг урвагч нөхрийн өмнө Монгол төрийн Ерөнхий сайд нь, эрх баригч улс орны толгой намын аппарат тэр чигээрээ сөхрөөд, “Шинэ залуу хүн иргэний зориг гаргаж манай намд гишүүнээр элслээ. Улс орныхоо хөгжлийн төлөө хамт зүтгэе” гэж хэлж, урваж шарваж увайгүй байх нь хэзээд хожно гэдгийг Монголын нийгэмд, Монголын залуу үед уриалж байгааг хараад үнэндээ ой гутлаа. Энэ үйлдэл Монголын нийгэмд тогтсон хамгийн буруу үлгэр дуурайлал, буруу жишиг боллоо.

Урваач нөхрийн үйлдэлд, түүний өмнө эрх баригч нам бөхөлзөн байгаад ард түмний ясны зэвүү дургүй хүрч, цахим сүлжээнд олон хүн уур бухимдлаа илэрхийлж байна. Нийтээрээ ингэж дургүйцэж зэвүүцэж, үзэн ядаж байгаа нь ард түмний зөв. Хүнд бас увай, най гэж юм байх ёстой. Жаахан ч гэсэн зарчим, хүний мөс чанар байх ёстой. Хүн гэгч зарчмаа, хүнлэг чанараа, ёс жудгаа гээж цэвдэг хүйтэн болж гэмээнэ, түүнийг нь засаг төр нь хөхиүлэн дэмжиж, шагнан урамшуулж, ийм байх ёстой хэмээн зарлан тунхаглах юм бол за тэгээд тэр нийгэм сөнөж байгаа нь тэр. Урваач залуугийн шийдвэр, түүнийг нь өөгшүүлж буй Хүрэлсүхийн үйлдэл, улс орныг удирдаж буй намын удирдлагуудын царайг хараад ийм л гунигтай.

Монголын төр ийнхүү намын нөхдөөсөө, сонгогч олноосоо урвасан залууг алга ташин хүлээн авч байгаа нь төрийн аль ч шатанд ард түмэн аяга хоолныхоо төлөө яаж нүдний булай болж, нэр нүүрээ барсан ч эцэстээ зөв зүйтэй, тухайн урваач шарваачийн хожил гэж харагдахаар тийм байдлыг бий болгочихлоо.

Дээдэс нь ямар байдалтай байна, доодос нь яг л тийм байдаг жам. Зөвхөн манайд тогтсон жишиг юм уу, дэлхий нийтээрээ ийм байдаг ч юм уу. Монгол Улсад төр засгийн удирдагчид нь ямар ааш араншинтай, боловсрол мэдлэгтэй, аливаад зарчимтай, эсвэл зүгээр нэг дүр эсгэж олонд таалагдах гэж поопорсон байдалтай байна ард иргэд, олон нийт өөрийн мэдэлгүй тийм л байдалтай байх нь бий. Төрт ёсоо үлгэрлэн дуурайдгийнх нь илэрхийлэл байх л даа. Яг ийм бичигдээгүй хуулиар Монголд өнөөдөр нийтээрээ хүн загнасан, жигтэйхэн дээрэнгүй хүмүүс бий болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хаа хамаагүй, тааралдсан бүхнээ загнаж зандарч байдаг. Монголын нийгэмд сүүлийн гурван жил тогтоосон ганц имиж нь энэ. Үндсэндээ Ерөнхий сайд маань бүтэн гурван жилийн хугацаанд тасралтгүй хүн загналаа. Өмнөх засгийнхаа өвгөн сайд нарын толгойг хяргана гэж баахан давхисан. Гэхдээ толгойгоо хяргуулсан сайд одоогоор дуулдаагүй байна. Төрийн ордонд аймаг, сумдын дарга нарыг бүгдийг нь дуудаж авчираад “Та нар үнэтэй цаг зүүлээ, бүгдээрээ цагаа авцгаа” гэж гөлөлзтөл нь загнасан. Үнэнийг хэлэхэд, өнөө дарга нар ч гэнэт яагаад загнаад унасныг нь ойлгоогүй байх. Ингэдэг учиртай юм байх гээд л өнгөрсөн дуулддаг. За тэгээд яамдын удирдлагуудыг цуглуулаад төрөөс хумсалбал бүгд шоронд явна, ажил хийж чадахгүй бол бүгд зайлцгаа гэж агсарсан. Автобусаар ч дуугүй явчихгүй ар өврийнхнийгөө загнаж зүхэж байгаа харагдсан.

Хамгийн аймшигтай нь Ерөнхий сайдын хүн загнадаг байдал төрийн албаны шат бүхэнд нөлөөллөө. Ерөнхий сайддаа загнуулсан сайдууд нь яамдынхныгаа цуглуулж загнаад, яамны сайддаа загнуулсан нөхөд нь мэргэжилтнүүдээ толгойг нь эргэтэл загнаад эцэс сүүлдээ хороон дарга хүртэл цэвэрлэгчээ өмнөө зогсоож байгаад учир зүггүй загнаж, хэлбэрддэг байдал бий болчихлоо. Ж.Батбаясгалан хотын дарга байхдаа өглөөний шуурхай дээр хүн загнаж байгааг бид харсан. Батбаясгалан бол дөлгөөхөн даруухан, ажил хэрэгч тийм залуу. Гэтэл Хүрэлсүхийн маневрт орчихсон, түнтийж ягаартлаа уурлан нэг нөхрийг байх суух аргагүй болтол загнаад хурлаас хөөж гаргаж байх жишээний.

Яг үүн шиг одоо хүн бүхэн урваж эхэлнэ. Үндсэндээ хүн загнадаг нь төрийн албаны бүхий л шатанд дээрээсээ доошоо хүртэл нөлөөлж халдварласан бол урваачийг урамшуулж ялалт хэмээн үзсэн нь бүх хүнд нөлөөлнө. Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймаг, дүүргүүдийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж байна. Аймгуудын дарга нар, дүүргийн дарга нар шинээр томилогдож байна. Ийм ээдрээтэй үед хичнээн нөхөр урваж шарваж, нэр нүүрээ барж муу муухайгаа дуудуулахыг таахын аргагүй. “Урваад очиход Ерөнхий сайд маань угтаад авна” гэсэн бодолтой яваа ч юм билүү. Энэ засгийн дөрвөн жилийн бөгсөн дээр урвагчдаар дүүрсэн, нэг нэгнээ үзэж чадахаа байсан ийм гамшгийн унтарсан цог шиг улс орон болчихсон байх вий.

Аль нэг намаас өөр нам руу шилжих бол улс төрд байдаг зүйл, гайхах юм огт биш. Улс төрийн онцгой нөхцөлийн үед, тухайлбал Их хуралд суудал тэнцэх ч юм уу, ийм эзэгтэй үед намын дарга нар ямар нэгэн байдлаар мандатын тоогоо нэмж ялалтад хүрэхийг боддог. Харин энэ удаад, бүр тодруулбал Баянгол дүүрэгт нэг урваачийг хадаг барьж тосох шаардлага Ардын намд үнэндээ байсангүй. Тэртэй тэргүй нийслэл хотод баатарлаг ялалт байгуулсан нам нэг урваачийн өмнө сөхөрч, нэр нүүрээ барсан нь гутамшиг. Ардын нам маань арай ч ийм дээ тулаагүй дээ, яасан айхавтар ядарсан сэтгэлгээтэй болоо вэ гэж учир мэдэх хүмүүс халаглаж байна. Эцэст нь хэлэхэд, увайгүй байх нь хождог гэж уриалж яагаад ч болохгүй л юм даа.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620739
0 эможи

Зочин
2020-10-29 19:44
Хүрэлсүх уул нь цэргийн хүн юмсан даа. Цэргийн бид яснаасаа урвагчид дургүй
Ajaa taij
2020-10-29 06:49
Urvaltiin urshig ajlaa unencheer hiij baisan uls turiin ajiltanuudiin amidraliig orvongoor ni erguulne. Ternii orond hangalttai suudal avchihaad ajliin bair olnoor bii bolgoh havtgairsan halamjaa humih zamaar koko avbal unemelhui olonhi kaif avch ehluulsnee guitseeh guiltandaa hureh naidvar turuuleh bailaa.
Зочин
2020-10-28 15:45
Урвагчид
Зочин
2020-10-28 13:45
зочин
2020-10-28 11:50
Уучлаарай нийгэмд 1980-д оноос хойш төрсөн залуучууд их уйваагүй урваж шарвахыг хэвийн үзэгдэл шиг үздэг болсон нь маш харамсалтай юм. Энд би 1980-д оноос өмнө төрсөн хүмүүс урваж шарвадаггүй гэж хэлэх гээгүй эдгээр хүмүүс харьцангүй гайгүй хүн чанартай зарчимтай ёс суртахуунтай байгаа юм. энэ байдал бол бидний 30 жил сонгож төр бариулсан луйварчидын гай даа
zochin
2020-10-28 09:56
харин тиймээ, төрийн албаныхан өөрсдөө юугаа ч мэдэхгүй, өөрсдийн үндсэн ажлаа ч олигтой гүйцэтгэж чадахгүй байж бүгдээрээ яг Хүүк шиг загнаад байдаг болцон, гоё гэж бодоод байгаамуу хаашаан, хүн болгонд зохихгүйшдээ, кк, тэр хүн загнаад байгаа хүмүүсээ
зочин
2020-10-28 09:46
Увайгүй байх нь хождог нийгэм яг одоо байна.
keyboard_arrow_up