ЭЦА: “Тамхины хоггүй хотыг бүтээе” арга хэмжээ эхэллээ
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас энэ онд хэрэгжүүлж буй “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” арга хэмжээг өнгөрсөн 06 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Энэхүү арга хэмжээний нэг хэсэг “Тохижилт үйлчилгээний компани”-ийн ажилчдын ажлыг хүндрүүлдэг автомашинтай иргэдийн буруу зуршил болох тамхины ишээ цонхоороо хаях зөрчлийг бууруулах чиглэлд “PC mall” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж “Тамхины хоггүй хотыг бүтээе” арга хэмжээг санаачлан өнөөдрөөс /2020.10.29/ эхлэн 20 хоногийн хугацаатай хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд утаат тамхины 10.000 ширхэг хогийн савыг цахим орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг автомашин сонирхогчдын групп, “PC mall” ХХК-ны худалдааны төвүүдээр дамжуулан үнэгүй болон урамшуулах хэлбэрээр тараах юм.
Ташрамд хэлэхэд: Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчлийн 1-д зааснаар “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгасан байдаг ба цагдаагийн байгууллагаас 2019 онд 1400 зөрчил гаргагчид торгууль ногдуулж ажилласан байна.
Эх сурвалж: ЦЕГ
|