Сүлжээ дэлгүүрийн хогийн саванд хаягдсан нярай нас баржээ
Нэр бүхий сүлжээ дэлгүүрийн хогийн саванд дутуу төрсөн нярайг эх нь хаясан хэрэг 2020 оны 10 дугаар сарын 1-нд гарсан. Нярайн биеийн байдал хүнд байсан бөгөөд сар гаруйн хугацаанд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж байсан ч өнгөрсөн шөнө нас баржээ.
Энэ талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад "Нярайн биеийн байдал хүнд байсан. 10 дугаар сарын 1-нд ЭХЭМҮТ-д ирснээс хойш хоёр удаа мэс засалд оруулж, шаардлагатай эмчилгээнүүдийг шат дараатайгаар хийж байв. Гэвч нярайн биеийн байдал хүнд байсаар 11 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө 02:00 цагт нас барсан" гэлээ.
Тухайн нярайг хогийн саванд хаясан эхэд Эрүүгийн хуулийн 10.1-т зааснаар зүйлчилж, /хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/хэрэг үүсгэн шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.