“Шилдэг хэсгийн төлөөлөгч“ 2020 тэмцээний шилдгүүд шагналаа гардаж авлаа
"Шилдэг хэсгийн төлөөлөгч" 2020 тэмцээний шилдгүүд өнөөдөр шагналаа гардаж авлаа. ХЗДХ-ийн сайдын нэрэмжит энэ тэмцээн 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил аймгууд дахь цагдаагийн байгууллагуудын 301 шилдэг хэсгийн төлөөлөгч оролцож, мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө.
Энэ жилийн шилдгээр Архангай аймаг дахь цагдаагийн газрын Хайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-Аюуш шалгарч, УАЗ-469 маркын автомашинаар шагнууллаа. Түүний хувьд энэ жил хоёр дахь жилдээ тэмцээнд оролцож байгаа бөгөөд 2019 онд дэд байрт шалгарч, мотоциклоор шагнуулсан юм. Энэ жил амжилтаа ахиулж тэргүүн байр эзэллээ.
Дэд байрт Төв аймаг дахь цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Нацагдорж мотоциклоор шагнуулав.
Харин гуравдугаар байрт Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын Жаргалан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Баатарбилэг шалгарч, компьютерийн эзэн боллоо.
Хэсгийн төлөөлөгчдийн ур чадвар, ажлын үр дүнг сайжруулах, шинэлэг арга барилд сургах, ажлыг нь олон нийтэд таниулах зорилготой уламжлалт тэмцээнд амжилттай оролцсон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.