ЦЕГ: Гамшгийн үед цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцвэл 7-30 хоног баривчилна
Цар тахалтай тэмцэх зорилгоор улсын хэмжээнд явган болон автомашины хязгаарлалт хийж буй энэ үед ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс шалгалтын ажлыг хийж байна.
Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 33 настай иргэн “А” нь Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд “Бүх нийтийн бэлэн байдал” зарласан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дэглэмийг зөрчиж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж үг хэлээр доромжилсон үйлдэл гаргасан.
Уг асуудалд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын III дугаар хэлтэс тухайн иргэнд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.
-Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн тус хуулийн 15.2 дугаар зүйл. Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах
2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан; Иймд иргэд та бүхэн улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж гэрээсээ гарахгүй байж дэглэмээ сайтар баримталж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.