Л.Амгаланбаяр: Техникийн спиртэд хордсон ажилчид шинжилгээ өгөөд нутаг буцах гэж байсан
Төв аймгийн Заамар суманд уурхайд ажиллаж байсан 7 хүн техникийн спирт ууж, 4 нь нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн бямба гаригт гараад байгаа билээ. Уул уурхайн үйл ажиллагаа зогссон үед хохирогчид яагаад ажиллаж байв гэдэг асуудал сөхөгдөөд байгаа юм.
Бид энэ асуудлаар Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Лхагвасүрэнтэй холбогдож тодрууллаа.
-Заамар сумын нутаг дэвсгэрт 7 хүн техникийн спирт ууж 4 хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тухайн үед юу болсон талаар та албан ёсны мэдээлэл өгөхгүй юү?
-Манай суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зарим нь бичил уурхайчдыг дэмжих зорилгоор гурвалсан гэрээ байгуулж ажилладаг. Үүний нэг нь “Баянгол Тариалан” гэх компани байсан.
Сумын хэмжээнд бүхий л уурхайнууд 11 сарыг 7-нд гэрээний хугацаа дуусч үйл ажиллагаа зогссон байсан. Уурхайн ажилчид нэг хэсэг нь буцаж, зарим нь техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахаар үлдсэн. Хохирогч иргэд ч техникийн бүрэн бүтэн байдлаа хангахаар үлдээд байсан юм билээ. Харамсалтай нь ийм хэрэг гарлаа. 18-49 насны 7 хүн энэ сарын 4-ний орой техникийн спирт ууцгаасан байна. Маргааш нь буюу 5-наас биеийн байдал нь эвгүйрхэж түргэн тусламж дуудсан. Тусламж ирэхээс өмнө нь нэг нь газар дээрээ нас барж, Хайлааст багийн эмнэлэгт нэг иргэн нас барсан. Заамар сумын Эрүүл мэндийн төв дээр хоёр иргэн нас барсан харамсалтай явдал боллоо. Аймгийн төвөөс эмч сувилагч нар ирж эмнэлгийн үйлчилгээ авч байсан хүмүүсийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэсэн. Одоогийн байдлаар гурван хүний нэг нь хүнд, хоёр нь хүндэвтэр байгаа мэдээлэлтэй байна.
-Одоогоор ажиллаж байгаа уурхай бий юу?
-Одоогоор ажиллаж байгаа уурхай байхгүй. Сүүлийн уурхай хөл хорио тавигдаад түр журмын дагуу хаагдсан байгаа. Дээр хэлснээр уурхайн ажилчид техникийн бүрэн бүтэн байдлаа хангахаар үлдсэн. Тэр үеэр нь хөл хорио тавигдсан. Ингээд УОК-ын шийдвэрийн хүрээнд ажилтнууд нь шинжилгээ өгч 4-ний байдлаар буцах гэж байсан гэсэн мэдээллийг өгсөн.
-Орон нутгийн иргэд биш байх нь ээ?
-Хөвсгөл, Орхон, Дундговь, Увс аймаг болон нийслэл Улаанбаатар хотын иргэд байгаа.
Энэ ташрамд хэлэхэд, сумын хэмжээнд 9 чиглэлд пост гаргачихсан үе байгаа. УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж Засаг даргын захирамжаар сумын хэмжээнд согтууруулах ундааны зүйл зарахгүй байгаа. Албан хаагчид хяналтаа тавиад ажиллаж байгаа.
Энэ хэрэг явдлаас үүдэж аж ахуйн нэгжүүдийг техникийн зориулалттай ашиглаж байгаа спиртийн төрлийн бодис байгаа бол журамлах сэрэмжлүүлгийг өгч, хяналтыг улам өндөржүүлж ажиллаж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР