Э.Эрдэнэбаатар:Архангай аймгаас ирсэн зургаан иргэн PCR шинжилгээ өгөөгүй байсан
Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Энэ сарын 4-нөөс эхлэн Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 58 мянган хүнийг шинжилгээнд хамруулсан. Нийт хамрагдах иргэдийн 82 хувь нь шинжилгээнд хамрагдаж байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн нийслэлээс гарсан, мөн 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрсэн байна. Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ өгөөгүй байсан. Өглөө иргэн О-гийн биеийн байдал муудаж түргэн тусламж дуудсан. Нийслэлийн түргэн тусламж очиж анхны түргэн тусламж үзүүлж байх хугацаанд иргэн амьсгал хураасан байна. Хэргийн цагдаа, шүүх эмнэлэгийн байгууллага шалган ажиллаж байна” гэлээ.