Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэрэг шалгагдаж байна
Кёкүшюүзан Д.Батбаяр “мөнгө угаах” гэмт хэргээр шалгагдаж байгаа. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Ц.Алтанцагт холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Иргэн Ц.Алтанцаг нь Д.Кёкүшюзан Батбаяртай уулзах үедээ нууцаар хийсэн бичлэгүүдээ эвлүүлж түүнээс эд хөрөнгө өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болох баримт, мэдээллийг тараана гэж сүрдүүлэн, заналхийлж 35 сая төгрөгийг авсан, бусдыг хууль бусаар мөрдөн мөшигсөн гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр шалгагдаж, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Д.Кёкүшюзан Батбаяр нь уг хэрэгт хохирогчоор оролцсон юм.
Харин Д.Кёкүшюзан Батбаяр нь хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд тус хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Одоогоор хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх хоёр хэргийг нэг хэрэг мэтээр мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ц.Алтанцагт холбогдох хэрэг, Д.Кёкүшюзан Батбаярт холбогдох хэргүүд нь хоорондоо хамааралгүй, тусдаа гэмт хэргүүд юм." хэмээлээ