Естийн халуун рашааныг зорьсон таван залуу ил харагдах гэмтэлгүй нас баржээ
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагдах Естийн халуун рашааны орчимд дөрвөн хүн нас барсан тухай дуудлага өнөөдөр 13:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүн Естийн рашааны Бага чулуут гэдэг газар руу явсан байна. Тухайн газар нь хүрэхэд бэрх, бартаа саад ихтэй учир Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргийг дайчлан 16:00 цагийн үед хэргийн газарт очсон аж. Цагдаагийн байгууллагад дөрвөн хүн нас барсан гэдэг дуудлага өгсөн ч хэргийн газарт таван хүн гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан байсныг эх сурвалж хэллээ.
Цагдаагийн байгууллагаас нас барсан хүмүүсийг Хан-Уул дүүргийн XI хороонд оршин суудаг Э, Б, О, Э нар болохыг тогтоосон байна. Урьдчилсан байдлаар халуун рашааныг зорьсон залуус майханд хоноглохдоо гал түлсний улмаас угаартаж нас барсан гэж үзжээ.
Цогцосуудыг нисдэг тэргээр нийслэлд авчран нас барсан шалтгааныг эцэслэн тогтоох юм байна.