Ц.МӨНХБАТ: Би  албандаа үнэнч байж, асуудалд шударга хандахын төлөө ажилласан Ц.МӨНХБАТ: Би албандаа үнэнч байж, асуудалд шударга хандахын төлөө ажилласан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ц.МӨНХБАТ: Би албандаа үнэнч байж, асуудалд шударга хандахын төлөө ажилласан

2021 оны 1 сарын 07

Arslan.mn

Прокурорын байгууллагын “2020 оны онцлох прокурор”, Улсын Ерөнхий Прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор Ц.Мөнхбаттай ярилцлаа.

Шинэ оны босгон дээр Прокурорын байгууллагын “2020 оны онцлох прокурор”-оор шалгарсан Танд баяр хүргэе.  2020 он таны хувьд ямар жил болж өнгөрсөн талаар яриагаа эхэлье.

Хэдийгээр 2020 он цар тахал гарсан ч миний хувьд олон ажлыг амжуулсан жил болж өнгөрлөө. 2020 онд хийсэн бүтээсэн ажил үйлсийг минь өндрөөр үнэлж, урам хайрласанд Улсын Ерөнхий Прокурорын газрын удирдлага, хамт олондоо баярлалаа.

Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

Би Төв  аймгийн Батсүмбэр сумын уугуул. Нийслэлийн  10 жилийн лаборатори Нэгдүгээр дунд сургуульд суралцаж төгссөн. За даа их томоотой, хүнтэй нэг их ярьдаггүй, бүрэг, ичимхий, дуугүй, мөрөөрөө, хичээл тасалдаггүй хүүхэд байсан. Пионерийн ордны зургийн дугуйланд таван жил сурсан, “Хүүхдийн ертөнц” гээд зургийн улсын  уралдаанд байр эзэлж, ер нь зураг зурах дуртай байсан. Бас хоршоолол спорт хорооны шатрын секцэд Дэлхийн шатрын холбооны мастер, Улсын аварга Ж.Хулганаа багшийн гарын шавь байлаа.  

Арван жилийн сургуулиа төгсөөд хүн бүр ямар мэргэжилтэй болохоо шийддэг. Та хаана, ямар мэргэжлээр суралцсан бэ?

Аравдугаар анги төгсдөг жил зургийн ангийн хуваарь  ирээгүй. Хэрэв ирсэн бол магадгүй зураач болох байсан. Ямар ч байсан хүний хөрөг их зурдаг байлаа. Сургуулиа төгсөөд саналаараа цэрэгт явсан. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Ардын армийн 138 дугаар танкийн хороонд гурван жил цэргийн алба хаасан. Цэрэгт салааны ухуулагч, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга, тасгийн дарга, жагсаалын дарга, намын зохион байгуулагч хийж байгаад бага дарга ахлах түрүүч цолтой халагдсан. Арми намайг хүний үг сонсдог, бас хүнд үг хэлж чаддаг болгосноос гадна бусдыг захирах, бусдад захирагдах, удирдах, удирдуулах ёс, тэсвэр хатуужил гээд их зүйлд  сургасан. Цэргийн хүмүүжил эр хүнд маш их хэрэгтэй. Би цэргээс 1985 онд халагдсаны дараа нэг бол сургуульд сурах, эсвэл ажиллах хоёр сонголтын өмнө ирсэн. Тухайн үед Улсын прокурорын газарт зарлагын орон тоо байна гээд сонгон шалгаруулалт зарлахад өргөдлөө өгсөн юм.  Тэгээд хэлтсийн дарга нарын хурлаар орж, тухайн үед Улсын Ерөнхий прокурор С.Бүдрагчаа гуайн тушаалаар бичиг хүргэгчээр /зарлага/ томилогдсон. Их л нарийн шүүлтүүрээр орж зарлага болсон. Нэг жил ажиллаад МУИС-д элсэлтийн шалгалт өгч тэнцээд, Эрхүүгийн Улсын Их сургуулийн  хэлний бэлтгэл факультетад суралцсан. Тэнд Оюутны зөвлөлийн дарга байлаа. Хэлний бэлтгэлээ амжилттай төгсөөд Краснодар хотын Кубанийн Улсын Их сургуулийн Хуулийн факультетад 5 жил суралцаж төгссөн. Краснодар хотод тухайн үед их, дээд, техникум, техник мэргэжлийн сургуульд  манай 300 гаруй оюутан залуус сурдаг, тэдгээрийн оюутны зөвлөлийн дарга, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, Намын үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан. Суралцаж байх хугацаанд шаргуу суралцаж, зөвхөн хуулийн мэргэжлээр төгсөөгүй, өөрийгөө дайчилж хэл шинжлэлийн факультетыг орос хэлний заах арга зүйч, Улс төрийн оройн дээд сургуулийг олон нийтийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Элчин Сайдын яамны хүндэт самбарт 2 жил зураг маань тавигдсан. Давхар мэргэжил эзэмшсэн минь дараа нь эрдэм номд шимтэн дурлахад хэрэг болсон.            

Оросод мэргэжил эзэмшиж, ирээд ажлын гараагаа прокурорын байгууллагаас эхэлсэн үү?

Би Прокурорын байгууллагын нэр дээр сургуульд сурч, боловсрол эзэмшсэн хүн.  Жаахан хожуу 28 настайдаа их сургууль төгссөн. Улсад нийт 33 жил ажилласан байна. Тухайн үед Хэрэг эрхлэх газрын дарга байсан Ж.Чойжанцан прокурор дипломыг маань хараад сайн төгссөн байна гэж үнэлээд удалгүй Хэнтий аймгийн прокурорын орлогчоор томилсон. Тухайн үед хичээл номдоо сайн хүнийг их дэмждэг байж. Хэрэв их, дээд сургуулийг онц сайн улаан дипломтой төгсвөл Улсын прокурорын газарт хэлтсийн прокуророор томилдог жишиг байлаа. Миний мэдэхийн Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Нямдорж, Б.Дэлгэрмаа нар гээд олон хүн байна. Одоо шинэхэн төгсөгчийг шууд аймгийн орлогч прокурор болгоно гэж бараг байхгүй шүү дээ.

Дараа нь Дорноговь, Говьсүмбэр аймгийн прокурорын орлогч, Булган, Сүхбаатар, Төв, Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор, Нийслэл, Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажилласан. Прокурорын байгууллагад ажиллаж байх хугацаандаа мөрдөн хяналт, ялын хяналтын чиглэлээр мэргэшсэн байна.

Ажиллаж байсан газрууд маань системдээ ямагт тэргүүлдэг байлаа. Тухайлбал, Булган аймагт 5 гаруй жил ажиллах хугацаанд ажлаараа хоёр удаа тэргүүлж, үзүүрлэж байсан бол Сүхбаатар аймгийн прокурорын газар маань мөн системдээ тэргүүлж байсан. Нийслэлийн прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байхад ажлын ачаалал ихтэй байлаа. Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Б.Бат-Орших дарга их дэмжиж байсны үр дүнд бид тэр их ажлын ард гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага Нийслэлийн прокурорын газартай нягт хамтарч ажилладаг, зөвлөмж, зааварчилгаа авдаг, аливаа асуудлыг шуурхай шийдвэрлэдэг  байлаа.  Тэр үед санаа сэтгэл нийлсэн шижигнэсэн баг бүрдэн ажиллаж байсныг дурсахад сайхан байна.

Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?

Өнгөрсөн хугацаанд орон нутаг болон төв аппаратад их бага хугацаагаар томилолтоор ажилласан байна. Миний хувьд хар залуугийн хууль журмын дагуу ажиллах, удирдлагаас даалгасан ажлыг хугацаанд нь гүйцэтгэж илтгэх, ёс зүйгээ баримтлах, ахмад үеэ хүндэтгэх, амласан бол заавал биелүүлэх, хов живээс холхон байхыг хүсдэг хүн. Одоо ч тийм. Хүмүүст ч сайн муу, үнэн худал их хэлүүлсэн дээ. Гэхдээ шантарсангүй. Заримдаа өдөр шөнөгүй, жилийн ээлжийн амралтгүй шахам ажилладаг байсан нь олон. Албандаа үнэнч байх, асуудалд шударга хандахын төлөө л ажилласан гэж нүүр бардам хэлнэ. Нэг ч хэргийг хуулиас ангид шийдэж байсангүй. Хүмүүст “Хууль бус шийдсэн хэрэг байвал гаргаад ир, тэгвэл би ажлаа өгөхөд  бэлэн”  гэж хэлдэг байлаа. Хүн юм болохоор алдаа дутагдал гаргавал, нойр хүрэхгүй санаа их зовдог,  дахиж давтахгүйн тулд хичээж ажилладаг.

Энэ дээр нэмэхэд өнөөдрийн намайг өдий зэрэгт хүргэсэн хоёр том хүчин зүйл бий. Нэг нь цэрэг армийн надад өгсөн том хүмүүжил. Эр хүн болгон цэрэгт явж жаахан юм үзэхэд зүгээр гэж боддог. Нөгөө нь шатрын спорт юм. Удаан сууж ажиллах тэвчээр болон аливаа асуудлыг сайтар бодож тунгаан “нухаж” шийдвэрлэхэд шатар надад маш их нөлөө үзүүлсэн юм шүү. Шатрын тухайд арван жилийн сургууль, цэрэгт байхдаа ч, ЗХУ-д суралцаж байхдаа зав чөлөө гарвал шатар тоглож, спортын цол зэрэгтэй болсон. 1995 оноос хойш Прокурорын байгууллагын шатрын шигшээд тасралтгүй 26 жил тоглосон байна. Шатрын спортын мастер Т.Баярсайхан, дэд мастер Б.Доржсүрэн, Н.Найгалдорж гээд прокуроруудыг давах залуучууд одоо хэр гарч ирээгүй байна даа.

Та бас прокурорын байгууллагын Биеийн тамир спортын зөвлөлийн ажлыг хариуцаж байсан гэсэн. Энэ бүх ажлыг яаж амжуулдаг байсан бэ?

Нийслэл болон Улсын Ерөнхий прокурорын газарт ажиллаж байхдаа орон тооны бус Биеийн тамир, спортын зөвлөлийг нийт 7 жил хариуцан ажилласан. Үндсэн ажлынхаа хажуугаар л амжуулна шүү дээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас улсын хэмжээнд жил бүр зохион байгуулдаг шилдэг спортын хамтлагийн шалгаруулалтад хамтын хүч, хөдөлмөрөөр анх удаа 2016 онд оролцож, хоёрдугаар байранд орж, прокурорын байгууллагын нэрийг  гаргаж байлаа.

Та саяхан хууль зүйн ухааны докторын зэргээ хамгаалсан. Ямар сэдвээр хамгаалсан бэ?

Докторын ажлаа эрүүгийн эрх зүй, тэр дотроо ялын судалгааны  чиглэлээр хийсэн. “Нийтэд тустай ажил хийлгэх ял: Уламжлал, харьцуулалт, шинэчлэл” сэдвээр 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хамгаалсан.  2003 онд МУИС-ийн докторантурт элссэнээс хойш 17 жил судалгааны ажил хийсэн байна. Судалгааны ажил хийж байгаа хүн багшгүй бол хол явахгүй. Цагийн эрхээр эрүүгийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орж, судалгааны ажлын маань цар хүрээ ч бас их өөрчлөгдсөн. Монголын хууль цаазын шинжлэх ухааны ноён оргил болох Академич МУИС-ийн Эмерит профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл багш, Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Эрдэнэбулган багш нарынхаа удирдлага дор судалгааны ажлаа хийсэн. Надад эрдмийн ихийг зааж сургасан эрдэмтэн багш нартаа мөргөмүй. Үндсэн ажлынхаа хажуугаар асар их цагийг судалгааны ажилд зарцуулсан байна.  Энэхүү том ажлын ард гарахад бүхий л талаар тусалж, нөхцөл боломжоор хангаж өгсөн Прокурорын байгууллагын үе үеийн удирдлага, бие бүрэлдэхүүн, дэмжиж тусалсан бүх хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье. Би прокурорын байгууллагад сэтгэлийн их өртэй гэж байнга бодож явна.

Та гэр бүлийнхээ тухай танилцуулахгүй юу. Их ажлынхаа хажуугаар гэр бүлдээ хэр их цаг зав гаргадаг вэ?

Хүний амьдралын хүрдэнд ажил болон ар гэр маш чухал. Миний хувьд ажлын төлөө бүхнийг зориулсан байна. Одоо бодоход би гэдэг хүн гэр бүлдээ маш бага цаг зарцуулжээ. Үр хүүхдүүдийг төрүүлж өсгөж хүмүүжүүлэх, гэр бүлээ өдий дайтай авч явах, ар талыг зохицуулах хүнд ажлыг 36 жил хамтдаа байгаа хань Д.Оюунцэцэг маань амжуулсан байна. Ийм сайхан ховор хүнийг надад хайрласан хувь заяандаа талархъя.   

Таныг ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр мэргэшсэн, “ялын Мөнхбат” гэхээр прокурорууд андахгүй. Таны бодлоор энэ хяналтын онцлог хийгээд анхаарах ёстой зүйлс юу вэ?

Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт бол Үндсэн хуульд заасан прокурорын үндсэн чиг үүргийн нэг. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын орон тоо бараг хэвээрээ байгаа ч ачаалал нь эрс нэмэгдсэн.  Гэтэл энэ хяналтыг хялбар гэж ойлгох хандлага байдаг. Бодит байдал тийм биш л дээ. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажилд сайн байсан хүнийг ялын чиглэлийн прокурор болгоход хэцүү. Учир нь сурч дадлагажих, хяналтыг гартаа авч өөрийн болгоход багагүй цаг хугацаа шаардагдана. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлд овоо мэргэшээд явж байсан хүнийг өөр хяналт дээр ажиллуулахад бас л асуудалтай. Тэгэхээр ялын чиглэлээр ажиллах прокуроруудыг мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, бас сайн дэмжиж урамшуулах хэрэгтэй гэж боддог. Прокурор хүн хяналтын харилцаанд оролцож буй хүмүүсээс тохой илүү мэдлэгтэй байх ёстой. Тэгж байж тэр хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлнэ. Түүнээс гадна прокурорууд өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй.  Хууль, түүнд нийцүүлэн гарч буй дүрэм журам заавруудыг сайтар уншиж судлах  хэрэгтэй. Хуульч хүн өдөр тутам хууль хэрэглэж чаддаг байх ёстой. Энд л хуульч мэргэжлийн утга учир амин сүнс оршиж байна. Миний бодлоор ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт бол тун сонирхолтой бөгөөд хүссэн хүн бүхэн хийчихмээр тийм ажил биш гэдгийг хэлэх байна.

Та прокурорууд өөрсдийгөө ямагт хөгжүүлж байх хэрэгтэй гэж хэллээ. Одоо прокурорын сургалт ямар байдлаар явагдаж байна вэ?

Прокуроруудад сургалт туйлын чухал. Гэхдээ сургалт чанартай байх ба сэдэв нь прокурор, ажилтнуудын сонирхолд нийцсэн байх ёстой. Улсын Ерөнхий прокурорын 2020 оны  А/83, А/84 дүгээр  тушаалаар “Прокурорын байгууллагын сургалтын талаарх баримтлах үзэл баримтлал”, “Прокурорын байгууллагын сургалтын хөтөлбөр” гэж хоёр чухал баримт бичиг батлагдсан. Энэ бол маш сайн хөтөлбөр, сайн баримт бичиг болсон гэж ойлгож байна. Тэгэхээр 2021 онд бид хэрэгжилтийг нь сайн хангуулах, үр дүнтэй чанартай ажил зохион байгуулах нь гол зорилт болоод байна.

Таны бодлоор Прокурор хүн ямар яах ёстой вэ?

Юуны өмнө прокурор “хүн” болох ёстой. Энэ ажилд томилогдсон тушаал гарснаар “Би прокурор болчихлоо” гээд цээжээ дэлдээд, биеэ тоож их зан гаргаж болохгүй. Мэдлэгтэй, чадвартай, боловсролтой, хүмүүжилтэй, албаны соёлтой, харилцаа хандлага сайтай, шударга, тэгээд прокурорын бүхий л хяналтаар ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Дээр нь хүн чанар, хүнлэг сэтгэл, ёс суртахуунтай, бусдыг алаг үзэж ялгаварладаггүй байх ёстой. Өөрөөр хэлбэл цагаан мөртэй, ёс жудагтай явах ёстой юм л даа. Хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байж л прокурор болно. Ахмад, дунд, залуу үе хоорондоо нягт холбоотой байх хэрэгтэй. Ялангуяа залуучууд нь ахмадууддаа хүндэтгэлтэй ханддаг, тэднээс үгийг нь сонсож, сайн суралцан, хэрэгтэй мэдээлэл олж авах, арга туршлагыг нь өөрийн болгож авах нь ирээдүйд их тус болно шүү.

Сүүлийн үед та ямар судалгааны ажилд анхаарал хандуулж байна вэ?

Прокурорын албыг хашихын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд 60 гаруй судалгааны өгүүлэл бичиж, 4 ном, гарын авлага гаргасан байна. Цаашид “Монгол Улс дахь прокурорын хяналт” гэсэн сурах бичиг хийе гэсэн бодолтой байна. Их, дээд сургуульд прокурорын хяналтын талаарх хичээл сургалт хэлбэр төдий байдлаар явуулдаг нь ажиглагдсан. Иймд судлаач, оюутан гээд сонирхсон хэн бүхэнд тус болох байх гээд ажлын зав зайгаар бичиж эхэлсэн.  

Ертөнцийн юмс, үзэгдэл бүхэн өөрийн гэсэн орон зай, цаг хугацаа, хэмжээ хязгаартай юм. Гавьяаны амралтад гарах мөч ойртож байгаа хэдий ч бодсон санасан зүйл бишгүй байна. Тэр үед сурсан мэдсэн зүйл, ажлын арга туршлагаа залуу үедээ өвлүүлж үлдээх үүднээс ном бүтээл туурвих, багшлах, шатрын спортыг хөгжүүлэх, мөн хоригдогчдын эрхийг хамгаалах чиглэлээр хувь нэмэр оруулах зэргээр аль болох өөрийгөө завгүй байлгая гэсэн бодол байна.

Ярилцлага өгсөн танд их баярлалаа.

Баярлалаа. Бүх хүмүүст эрүүл энхийг хүсье. Эрүүл байж ихийг бүтээн, аз жаргалыг амсана. Прокурорын байгууллагын яруу алдар бадартугай.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622561
2 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up