Н.ГАНБААТАР: Хувь хүнийхээ хувьд харамсаж байна. Нэр бүхий шүүгчдийн асуудлыг Ёс зүйн хороо шалгаж байна
Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатараас шүүгчидтэй холбоотой үүсээд байгаа асуудлын талаар тодрууллаа.
Тэрбээр " Ийм мэдээлэл гарсан нь харамсалтай байна. Шүүхийн ёс зүйн хороо иргэн албан тушаалтан, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэдэг дүрэмтэй. Харин шүүгч нартай холбоотой асуудалд иргэний зүгээс гомдол гаргасан байгаа. Энэ сарын 22-ны өдөр буюу өнгөрсөн даваа гарагт "Нэхүүл" хөдөлгөөний тэргүүн бичлэгт дурдагдсан шүүгч нартай холбоотой гомдол ирүүлсэн. Ёс зүйн хорооны дарга гишүүдэд цохоод, ирсэн гомдлын шалгах ажиллагаа явж байгаа. Ёс зүйн хороо 30 хоногийн дотор шалгана. Энэ хоног хангалтгүй, өөр тогтоож шалгах асуудал бий гэж үзвэл дахин 30 хоног сунгадаг зохицуулалттай.
Шүүгч хүн албан үүрэгтээ хүндэтгэлтэй харьцах ёстой. Тэрнээс тэрэнтэй уулзаж болно, болохгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ жирийн хүнтэй харьцуулахад шүүгч хүний эрх хязгаарлагдмал байдаг. Иргэд хардах эрхтэй. Тийм ч учраас Ёс зүйн хороо шалгаж байна.
Эцэстээ шүүхийн шийдвэр, ёс зүйн хорооны дүгнэлт гарснаар гэм буруугийн асуудлыг ярина. Түүнээс өмнө бид урьдчилаад тийм ийм байна, олон нийтийн сүлжээгээр гарсан асуудал буруу юм гэж дүгнэх хуулиар олгосон эрх байхгүй" гэв.