“Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө” сэдэвт ХЭЛЭЛЦҮҮЛЭГ боллоо
Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэг Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Барилгын хөгжлийн төв, салбарын төрийн бус байгууллагын төлөөллүүд, салбарын мэргэжилтнүүд оролцож байна.
Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг, барилгын салбарын “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах талаар төрөөс баримтлах бодлого 2020-2030 уялдуулан 2021 оны II улирлаас 2030 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөгөөр 18 чиглэлээр 102 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна. Тиймээс уг төсөлд тусгагдсан асуудлуудын талаар санал, зөвлөмж, шүүмжийг тусгах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг 2021 оны гуравдугаар сарын 4 болон 5-ны өдрүүдэд Барилгын хөгжлийн төвд зохион байгуулж байгаа юм.
Дашрамд дурдахад Монгол Улс 2014 оны байдлаар жилд 34,482.73 мянган тонн нүүрс хүчлийн хийтэй дүйцүүлсэн хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байна. Харин олон улсын судалгааны аргачлалаар тооцоход барилгын салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгарал 2010 онд 3,416 мян.тонн , 2015 онд 4,189 байсан бол 2020 онд 4,659 мянган тонн, 2030 онд 5,530 мян. тонн байхаар тооцжээ. Үүнээс өрхийн эрчим хүчний хэрэглээний хүлэмжийн хийн ялгарал давамгайлж байгаа бөгөөд 2020-2030 онд өрхийн эрчим хүчний хэрэглээний хүлэмжийн хийн ялгарал 1,4 дахин, худалдаа үйлчилгээний салбарт 2,8 дахин өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс тус салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлогыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Барилгын салбарын “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах талаар төрөөс баримтлах бодлого 2020-2025, 2026-2030 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих юм.