Албан байгууллага, эмнэлгээр үйлчлүүлэхдээ PCR шинжилгээ өгөх шаардлагагүй
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өгч, нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан байршлуудыг танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн мэдээлэлд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтагч нараас авсан шинжилгээний хариу ороогүй байгаа. Бид тайвшрах болоогүй гэдгийг анхааруулъя. Шинжилгээний хариу удаж байна гэдэг гомдол санал их ирж байна. Салбар лабораториудад хиймэл ачаалал их үүсч байна. Улсын Онцгой комиссоос албан байгууллага, эмнэлгээр үйлчлүүлэхдээ PCR шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг зохицуулж өгсөн. Гэтэл зарим байгууллагууд 72 цагийн шинжилгээг шаардаж байна.
2021 оны гуравдугаар сарын 5-ны 17:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд есөн байршлыг хамгаалалтад авч, тусгаарлаад байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, “Орчлон хороолол-2” -ын 33 дугаар байр, тус дүүргийн 16 хорооны 26 дугаар байр, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хийморь” хотхоны 13, 74Г байр, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хотхоны 7 байрны нэгдүгээр орц, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Үндсэн хуулийн цэцийн 481 дүгээр байр, тус дүүргийн “Буянт-Ухаа 2” хорооллын 1042 тоот байр, Баянгол дүүргийн тавдугаар хороо 119 дүгээр байр хоёрдугаар орц, тус дүүргийн зургадугаар хороо 42 байрны хоёрдугаар орц, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 17 дугаар байрны гуравдугаар орцыг хамгаалалтад авсан байна” гэв.