Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд зориулж тусгай автомашин гаргажээ
Коронавируст халдварын тохиолдол нийслэлд нэмэгдэж буйтай холбоотойгоор хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх, мөн ойрын хавьтлыг гэрийн тусгаарлалт, ажиглалтад шилжүүлж эхэлсэн билээ.
Энэ хүрээнд нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зориулалтын автомашиныг ажиллуулж эхэлжээ.
Дээрх иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай тохиолдолд яаралтай үйлчлэх түргэн тусламжийн автомашин болон нарийн мэргэжлийн эмчийн багийг томилсон байна.
Энэхүү тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн зөөврийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон бөгөөд иргэдэд эрүүл мэндийн 10 гаруй төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.