Гурван шатны шүүх гэм буруутайг нь тогтоосон Г.Солтанд Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлжээ
Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авч зориулалт бусаар зарцуулсан хэрэгт гэм буруутайг нь гурван шатны шүүх тогтоосон УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг өчигдөр суллажээ. Тус сангаас авсан зээл, хүү, мөнгө хүүлж олсон орлого зэргээ төлж улсыг хохиролгүй болгосон, эрүүл мэндийн шалтгаантай тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан уучлал үзүүлэхийг хүссэн аж. Түүнийх нь дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган Г.Солтанаас гадна нэг бус хүнийг уучилжээ. Тиймээс өчигдөр 22.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангиас сулласан байна.
Олон нийтийн сүлжээнд Есболат Еска гэх хүн "Өнөөдөр миний эрхэм УИХ-ын гишүүн асан Гомбожайн Солтан цагаатгагдлаа" хэмээн ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл оруулжээ. Цагаатгах тогтоол шүүх гаргадаг, харин уучлалыг Ерөнхийлөгч үзүүлдэг билээ.
УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял шийтгэсэн юм. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрөө үүсгэн байгуулсан, захирлаар нь хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг “Монгол шаазан” ХХК-д малын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахын тулд тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт нөлөөлсөн. Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт сайдаар нь хэлүүлж тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэсэн чиглэл өгч, 950 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсоныг, мөн мөрдөгч, прокурорын дуудсан цагт ирэхгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилж зугтаж байсныг олрн нийт санаж буй нь лавтай.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд хэргийн зүйлчлэл, анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг нь хүндрүүлэхгүйгээр бага зэргийн өөрчлөлт оруулахдаа Г.Солтанд оноосон хорих ялыг хэвээр үлдээж, төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийн орлогыг албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, шүүх хурлуудаас өмнө ЖДҮХС-гаас зээлдсэн 950 сая төгрөгөө хүүгийн хамт төлсөн байсан ч мөнгө хүүлж олсон орлогыг нь улсад авах ёстой гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг. Улсын дээд шүүх Г.Солтанд холбогдох хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээснээр хорих ялаа биечлэн эдэлж дээрх ангид шаазан урлалын багшаар ажиллаж байсан юм.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч гуравдугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүлжээ.
Улмаар ШШГЕГ-ын харьяа 407, 461, 419, 445, 429, 425 дугаар хорих ангид ял эдэлж байсан 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөж аж.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин